Ноён уулын тусгай хамгаалалтад авах газрын хэмжээг тогтооно

2016 оны 1 сарын 11

Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаарh хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. ШУА, УУЯ, БОНХАЖЯ, Цагдаагийн ерөнхий газар, Ашигт малтмалын газар, Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо, Сэлэнгэ, Төв аймгийн төлөөлөл хэлэлцүүлэгт оролцлоо.

Энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго нь Сэлэнгэ, Төв аймгийн нутгийг дамнан оршиж байгаа Ноён уулыг тусгай хамгаалалтад авах, газар нутгийн хилийн заагийг тогтооход оршиж байгаа юм. 

Хэлэлцүүлэгт оролцсон УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Монголын Байгаль орчны төлөөх хуульчдын холбооны дэд тэргүүн Ц.Баярцэцэг нарын байр суурийг хүргэе.

Ноён уулын хэдий хэмжээний газрыг тусгай хамгаалалтад авах нь тодорхой болоогүй байна

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг:

Ноён уулын орчимд уул уурхайн лицезтэй компани нэлээд бий. Засгийн газраас оруулж ирсэн саналд эдгээр лиценз бүхий зарим газрыг тусгай хамгаалалтанд оруулах, үлдсэнийг нь үүнд хамааруулахгүй байхаар байсан. Ингэхдээ газар нутгийн хэмжээний хувьд зөрүүтэй байгаа. Орон нутгийн зүгээс тусгай хамгаалалтад авах координатыг 199 га гэж санал өгсөн. Харин Засгийн газар 405 га гэж өгсөн. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлгийн эцэст координатын хэмжээг тохирно. Мөн Ноён уулыг хэсэгчлэн авах уу, эсвэл бүхэлд нь авах нь зөв үү гэсэн асуудлаар тохиролцоонд хүрнэ гэж найдаж байна.

Хамгийн эхлээд хүнцэлийн асуудлыг шийдвэрлэх ёстой

Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны дэд тэргүүн Ц.Баярцэцэг:

Гацууртын алтны ордын хүдэрт алттай харьцуулахад хүнцэлийн хэмжээ өндөр байгаа юм.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг литр усанд 10 мг хүнцэл байх ёстой гэж тогтоосон байдаг. Гэтэл тэнд байх ёстой хэмжээнээс хэдэн зуу, мянга дахин илүү байгааг судлаачид тогтоосон. Одоо Гацуурт олборлолт хийгээгүй байхад хүнцэлийн агууламж нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд аюул дагуулах хэмжээнд байна гэдэг нь асуудалтай байгаагийн шинж. Тиймээс хүнцэлийн асуудлыг судалж байж Гацууртын ордыг шийдвэрлэх ёстой.

Т.ДАВААНЯМ

       

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна