Таван хувийн зээл “ногоон гэрлээр” батлагдана

2016 оны 1 сарын 11

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Барилгын коллежийн төгсөх ангийн оюутнуудтай уулзаж, барилгын салбарт хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр барилгын салбарын хөгжилд ипотекийн зээлийн үүрэг өндөр гэдгийг онцолсон юм. Тухайлбал, 1921-1990 оны хооронд 100 мянган өрх л орон сууцтай болж байсан бол ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн гуравхан жилийн дотор 25 мянган өрх байртай болсныг онцлов. Мөн 2000-2012 онд жилд 367 мянган м2 орон сууц шинээр ашиглалтад ордог байжээ. Харин ипотекийн зээл хэрэгжиж эхэлсэн 2013-2015 онд нэг сая 322 мянган м2 орон сууц ашиглалтад орсон гэв.

З.Энхболд “Ипотекийн зээл зөвхөн барилгын салбараас гадна эдийн засаг, ажлын байр, дотоодын үйлдвэрлэл, инфляци, эдийн засаг гээд олон салбарт эерэг үр нөлөөтэй байсан. Гэвч Үндсэн хуулийн Цэц энэ зээлийг хууль зөрчсөн гэж үзэн зогсоосон. Гол нь оюутнууд та бүхэн ипотекийн зээлийг өөрсдөөс хол зүйл гэж бодож бодохгүй. Харин ч барилгын салбарын ажиллах хүчин та бүгдэд хамгийн хамаатай асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй” гэсэн юм. Энэ үеэр Барилгын коллежийн оюутнууд “Ийм үр дүнтэй байсан юм бол ипотекийн зээл яагаад зогссон юм бэ” гэх асуултыг тавьж байв. Энэ асуултад УИХ-ын дарга З.Энхболд “Ипотекийн зээлийн хүүг бууруулна гэдэг боломжгүй асуудал биш. Үндсэн хуулийн Цэц, МАН, бие даагч гишүүд л саад хийхгүй бол энэ ажил хэвийн явна. Хуулийг 47 гишүүн өргөн барьсан учраас ногоон гэрлээр батлагдана гэж бодож байна” гэв. тэрбээр хуулийг цагаан сарын өмнө батлагдана гэж найдаж буйгаа ч хэлсэн юм.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна