Төлөөгүй НДШ-ээ эзэд илчилжээ

2016 оны 1 сарын 11

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжих хугацааг энэ оны хоёрдугаар сарын 20 хүртэл хойшлуулсан. Анх хэрэгжихдээ 2015 оны сүүлийн өдрөөр тасалбар болгохоор заасан уг хуулийн хүрээнд хувийн хэвшлийнхэн нууж дарсан татвараа илчлээд зогсохгүй төлж барагдуулаагүй нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/-ээ ч үнэн зөвөөр мэдүүлж эхэлжээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нийт 1257 ажил олгогч тайлангаа шинээр ирүүлснээс 174 нь нийгмийн даатгалд огт бүртгэлгүй байжээ. Дээрх аж ахуйн нэгжүүд нийт 3290 даатгуулагчийн шимтгэлийг нөхөн төлсөн байна. Өөрөөр хэлбэл, тэд нийт 11 тэрбум төгрөгийн цалингийн сангаа ил болгож, 2.4 тэрбум төгрөгийн шимтгэл төлөөд байгааг НДЕГ-аас мэдээлжээ. Хэрвээ ил тод байдлын хууль батлагдаагүй байсан бол 2.4 тэрбум төгрөгийн шимтгэлийг аж ахуйн нэгжүүдээр төлүүлэхийн дээр 1.2 тэрбум төгрөгийн алданги ногдуулж, хариуцлага тооцох байжээ. Эдийн засгийн ил тод байдлын хуулийн хэрэгжих хугацаа өндөрлөх хараахан болоогүй байгаа болохоор цаашид ч нууж далдалсан НДШ багагүй хэмжээгээр ил болох магадлалтайг мэргэжилтнүүд тодотгосон юм. Тэр хэрээр ажил хөдөлмөр эрхэлж буй хэрнээ НДШ төлдөггүй ажилтнуудын эрх ашигт эерэг нөлөө үзүүлнэ гэж тэд үзэж буй юм.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна