Сайхан сэтгэлийн аян

2016 оны 1 сарын 11

Сэтгүүлч:
Дархан- Уул

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдын санаачилгаар өрнүүлсэн “Нийгмийн үйлчилгээг танд” аян дүнгээ гаргалаа. Дарханчууд бие биендээ сайхан сэтгэл бэлэглэж, тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүст  халуун гараа сунгасан энэ аяны хугацаанд олон байгууллага, иргэд бусдыгаа манлайлжээ.

Аяныг сумынхаа хэмжээнд амжилттай зохион байгуулж, 485 хүнийг нийгмийн зайлшгүй суурь үйлчилгээнд хамруулсан Орхон сумынхан шагналын эзэд боллоо. Аяны хүрээнд  8 удаагийн явуулын үзлэг хийж, нийт 2 585 иргэнд эрүүл мэндийн анхан шатны  эмчилгээ тусламж  үзүүлж,  208 өвчлөлийг шинээр илрүүлж ажилласан Нэгдсэн эмнэлгийн 2-р тасгийн хамт олонд баяр хүргэж шагналаа. Тэд ЭХО, рентгэн зураг, зүрхний цахилгаан бичлэгийн таван төрлийн шинжилгээнд 1433 хүнийг хамруулжээ. Аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн М.Нармандахад онцгойлон  талархал дэвшүүлж шагнав. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй төрийн үйлчилгээг чанаржуулах, төр, олон нийт, сайн дурын байгууллагуудын хамтын ажиллагааг энэ зүгт хандуулахад идэвхи санаачилга  гарган, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Өртөөчилсөн уулзалт”, “Хамтдаа хөгжье” уралдаан зохион байгуулжээ. Орон гэргүй хүүхдүүдийг  нийгэмшүүлэх ажлыг сэдэж санаачлан бусад байгууллагуудыг  татан оролцуулсан  Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Цэцэгмааг мөн шагналаа.

Аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгалаг-Тамир хэлэхдээ “-Нийгмийн үйлчилгээг танд аяныг дэмжин 1 000 гаруй хүнд үнэ төлбөргүй дархлаажуулалтын эм бэлдмэл бэлэглэсэн аймгийн Эмийн сангуудын нэгдсэн холбоо нь иргэдийг амин дэмээр хангахын зэрэгцээ багийн засаг дарга нартай хамтран хэвтрийн хүнд өвчтэй хүмүүсийг гэрээр нь эргэн шаардлагатай эмийн санг бэлтгэж өглөө. Энэ мэтчилэн “Нийгмийн үйлчилгээг танд” аяны хэрэгцээ шаардлага их  байгаа нь ажиглагдсан. Тусламж дэмжлэг авах хүсэлт ч олон ирж байгаа учраас аяны үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлнэ”  гэж онцлов. 

                                                                                                            Ө.Рагчаасүрэн

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна