Хариуцлагаас зугтагсад

2016 оны 1 сарын 12

Төрийг хариуцлагатай болгох Ерөнхийлөгчийн бодлогыг эрх баригч хүчин хойш тавьж буйгаа мэдэгдлээ. Шалтгаан нь үнэндээ хөөрхийлөлттэй, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж буй юм гэнэ. Энэ янзаар бол УИХ-ын гишүүн ажлаа хийдүүлж болно, салаавч гаргаж болно, хөлчүү үедээ ч хуралдаанд оролцож болох нь. Гишүүдийн өмнөөс карт нь ирц бүрдүүлж, хууль хэлэлцээд байгаа нь үндсэндээ зөвдөж таарах нь.

Учир юу вэ гэвэл, өнгөрсөн хугацаанд байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан зарлагдахад мөнхийн ирцийн асуудалтай тулгарч буй. Цөөнхийн бүлэг нь “Наад хуулийн төслийг чинь дэмжихгүй” гэж гүрийгээд хуралдаа суухгүй, эс бол ирлээ ч ирцэнд орохгүй, эрх баригч хүчнийхээ үйлийг үзэх нь энүүхэнд. “Шударга ёс” бүлгийнхнээ дуудаж авчираад хуралдаач гэж тавлах тохиолдол ч бий. Зургуулахнаа хууль хэлэлцэж байхад ер сэтгэл эмзэглэхгүй. Болдог юм бол болдгоороо болж байна гэсэн шиг нуруугаа харуулаад алхаад өгнө. Хууль батлагдаж гарсны дараа “Эй халаг гэж, ийм ч хууль баталчих” гэж дэвхэрнэ. Гэтэл сонгогдохдоо олон нийтийн эрх ашигт нийцэх хууль батлахаа амлаж, сонгогдсоныхоо дараа төрд хоёргүй сэтгэлээр зүтгэхээ тангарагласан байдаг ч, амлалт нь ч, тангараг нь ч тонгорог болж, ажилдаа хоцорч ирснийгээ “Би угаасаа ингэж л ирдэг шүү дээ” гэж биеэ зөвтгөх болсон нь хариуцлагатай явдал уу. Үгүй шүү дээ, ингэх бүрт нь сонгогчид эргүүлэн татдаг хуультай болохыг сануулж буй.

Харамсалтай нь, хууль тогтоогчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэхгүй болохоо тодоос тод зарлалаа. Намрын чуулган 20 хүрэхгүй хоногийн дараа завсарлана, хаврын чуулган дөрөвдүгээр сард эхлэхэд хууль хэлэлцэхтэй манатай л байх болов уу. Одооноос эхлээд тойрог, намын лист зүүдлэн сэтгэл нь тогтож чадахаа больсон түшээд ирэх хавраас сонгуулийн ажилдаа хамаг анхаарлаа хандуулна уу гэхээс төрийг хариуцлагатай болгоход сэтгэлээ чилээх нь юу л бол.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндоржийн хэлж буйгаар хаврын чуулганаар энэ хуулийг барьж авч магадгүй нь, гэхдээ хэрэгжилт нь дараагийн парламентад үйлчлэхээр байж болох юм гэсэн нь өөрсдөөсөө эхлүүлж төрийг хариуцлагатай болгоход ер анхаарах шинжгүй нь эндээс харагдана. Ер нь тэгээд дээрх хуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-ний өдрийн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд дэмжээгүй нь төрийг хариуцлагатай болгох, Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн “Төрийг хулгай, худлаас хол байлгах” энэ хуулийг УИХ-аас хүлээхэд бэрх болж байна.

Уг нь энэхүү хуулийн төсөлд дан ганц хууль тогтоогчдод хариуцлага ногдуулах тухай заагаагүй юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, дэд дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт ч хариуцлага хүлээлгэхээр зааж өгсөн билээ.

Хүлээлгэх хариуцлагыг сахилгын хариуцлага, улс төрийн хариуцлага, ёс суртахууны хариуцлага хэмээн дотор нь ангилсан. Сахилгын хариуцлагыг хууль тогтоомж, тангараг, ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан өөрт нь ганцаарчлан хаалттай сануулах, эсвэл нийтэд зарлаж нээлттэй сахилгын хариуцлага хүлээлгэхээр заасан байна.

Улс төрийн хариуцлага нь Үндсэн хууль, хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эргүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг 2 эсхүл 4 жилийн хугацаатай хязгаарлахаар.

Ёс суртахууны хариуцлага нь төрийн албаны нэр хүнд, төрийн албан хаагчийн эрх үүрэг, ёс зүйд ноцтой харшилсан үйлдэл бүртээ тухайн албан тушаалтан, үнэн зөв тайлбар өгөх, шаардлагатай гэж үзвэл уучлал гуйх. Тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь ноцтой тохиолдолд уг этгээд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргахаар тус тус зааж өгчээ.

Эдгээр заалт бол энэ төрийг өндөр дээд албан тушаалтнаас нь эхлүүлж хариуцлагатай болгох, гаргасан алдааныхаа төлөө ард түмнээсээ уучлал гуйдаг ёс суртахуунтай болгох чухал суурь болох юм. Харамсалтай нь хууль тогтоогчид хариуцлагаас бултаж байна.

Эрх мэдэл ярих болохоор хариуцлага, хариуцлага гэж ам булаалдах хэрнээ хариуцлагатай ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлээд өгөхийг хүсэхэд хуулийн төслийг хойшлуулах шалтгаан хайсаар байгааг юу гэж ойлгох вэ?.

Төрд хулгай, худал нүүрлэсэн ч хамаагүй хэрэг үү.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна