Сайдаа томилооч, Ч.Сайханбилэг ээ!

2016 оны 1 сарын 12

Эрүүл мэнд, спортын сайдын томилгоо хоёр он дамжиж, авлигын хэрэгт холбогдсон Г.Шийлэгдамба өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгч, хоёр сар шоронд хоригдоод гарч ирэхэд нь орны хүнийг нь томилох байтугай, одоо гурван давхар дээлтэй байгаа Ц.Оюунбаатар сайд харин ч сайдгүй хэр нь салбарын ажилд сахилга бат дээшилснийг өнгөрсөн долоо хоногт мэдээлэв.

Эрүүл мэнд спортын сайд авлигын хэрэгт холбогдож, баривчлагдсаны дараа Шадар сайдаар Н.Энхбаярыг тавихын тул өнөөгийн сайд Ц.Оюунбаатар нь үүрэгт ажлаасаа чөлөөлөх хүсэлтээ гаргаж, энэ тухай З.Баянсэлэнгээр дамжуулан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард МАХН-аас Ерөнхий сайдад хандаж хүсэлт гаргаснаас хойш сарын хугацаа өнгөрчээ.

Өөрөөр хэлбэл, Шийдлийн засгийн хоёр сайд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байхад үүнийг нь Засгийн газар нь ч, УИХ нь ч авч хэлэлцэхийг яарахгүй байна.

Г.Шийлэгдамба болон Ц.Оюунбаатар нар өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн ч хоёулангийнх нь эцсийн шийдвэрийг УИХ-аас гаргаагүй байгаа. Ц.Оюунбаатарын хувьд Шадар сайдын албан тушаал дээрээ Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгчээр давхар ажиллаж буй.

“Засгийн газрын гишүүн өөрийн эрхэлсэн асуудлын хүрээний бодлогын асуудлаар Ерөнхий сайдтай, эсхүл гишүүдийн олонхитой санал зөрсөн зэргээс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад хэдийд ч гаргаж болно. Харин энэ тухай эцсийн шийдвэр гартал үүрэгт ажлаа гүйцэтгэж, хариуцлагыг хүлээнэ” гэсэн Засгийн газрын тухай хуульд зааснаар бол  шинэ оны өмнөхөн хорихоос батлан даалтаар гараад удаагүй байгаа Г.Шийлэгдамба өөрийнхөө албан тушаалыг үргэлжлүүлэн хаших боломжтой болж байна. Гэвч, мэдээж авлигын хэргээр сэжиглэгдэн шалгагдаж байгаа хүнийг танхимдаа буцаан оруулах сонирхол Ч.Сайханбилэгт байхгүй байгаа болов уу? Тэгээд ч Г.Шийлэгдамба энэ асуудлыг нэг тийш нь болтол албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныхаа хувьд хэн нэгэнтэй сандал суудлаа булаацалдах сонирхол болоод боломж, бас түүнд  улс төрийн дэмжлэг ч байхгүй.

Энэ салбарт ямар нэгэн том асуудал үүсвэл хариуцлагыг нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Ц.Оюунбаатар хүлээх үү, эсвэл өнөөг хүртэл салбарын сайдыг нь томилж чадахгүй янцаглаж байгаа Ерөнхий сайд үүрэх үү?

Ийнхүү Эрүүл мэнд, спортын сайдын суудлыг тойрсон асуудлыг Ерөнхий сайд өөрөө толгой мэдэн яагаад ч  шийдэж чадахгүй нь өнгөрсөн хугацаанаас харагдаж байна.

Уг нь Ерөнхий сайдын хувьд чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн танхимынхаа сайдыг чөлөөлөх асуудлыг засгийн хуралдаанаараа хэлэлцээд УИХ-д оруулж ирэх хангалттай хугацаа байсан. Гэвч, түүнд танхимаа бүрэн бүтэн болгох хүсэл байна уу гэсэн асуултыг тавимаар байна.

Ядахнаа л МАХН-аас тавьсан хүсэлтийг нь хүлээж авахгүй гэдгээ албан ёсоор илэрхийлэх ёстой шүү дээ. Түүнээс хөдөө албан томилолтоор явах үедээ хэлсэн үгийг нь Ерөнхий сайдын албан ёсны байр суурь гэж хүлээж авахад хэцүү.

Салбарын хувьд Ц.Оюунбаатар сайдын хэлсэнчлэн сайдгүй ч гэсэн ажил нь явдгаараа явж байгаа байх л даа. Гялтайтлаа сайжраагүй гэхнээ бүр дампуурчихаагүй нь тодорхой. Гэхдээ энэ салбарт ямар нэгэн том асуудал үүсвэл хариуцлагыг нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Ц.Оюунбаатар хүлээх үү, эсвэл өнөөг хүртэл салбарын сайдыг нь томилж чадахгүй янцаглаж байгаа Ерөнхий сайд үүрэх үү?

Авлигын хэрэгт холбогдсон танхимынхаа сайдыг ядаж л чөлөөлж өг л дөө. Аль эсвэл түүнийг үргэлжлүүлэн ажиллаж болно гэсэн шийдвэрээ гарга. Ингэж өөх ч биш булчирхай ч биш байх нь Н.Энхбаярт л ашигтай шүү дээ.

 Ж.НЯМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна