Соёлын дархлаагаа сайжруулахгүй бол тусгаар тогтнолд аюултай

2016 оны 1 сарын 12

Он гарсаар хэд хэдэн чухал хууль хэрэгжиж эхлээд байна. Түүний нэг нь Монгол соёлоо хадгалж үлдэх, түүнийг төрийн бодлогын хэмжээнд дэмжих үүднээс кино театр болон телевиз, радиогоор гарч буй гадаадын контентод хязгаарлалт тавьсан Соёлын тухай хууль юм. Энэ хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ тухай уг хуулийн төслийн боловсруулсан УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Нэгдүгээр сарын 1-нээс Соёлын тухай хууль хэрэгжиж эхэллээ. Гэтэл телевизүүд хуучин хэвээрээ. Гадны хүүхэлдэйн кино, бидний хэлдгээр солонгосын соёлын довтолгоо явсаар л байна. Тэдэнтэй квотоо биелүүлсэнгүй гэж хариуцлага тооцох уу. Эсвэл тодорхой хэрэгжүүлэх журам гарах ёстой юм уу?

-Тодорхой журам гарахгүй. Шууд хэрэгжиж эхлэх ёстой. Харилцаа холбооны зохицуулах хороо тодорхой мониторинг хийж байгаа байх. Тодорхой хугацааны дараа хуулиа биелүүлээгүй бол шаардлага хүргүүлж, хариуцлагаа тооцоод эхлэх байх л даа. Мэдээлэл харилцаа холбооны агентлаг хуулийг хэрэгжүүлэх талаар ажиллах ёстой.

-Хуулийг харж байхад дан ганц телевиз, радио ч биш. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүхэлд нь үйлчлэх юм уу гэсэн бодол төрлөө. Учир нь, “уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлэг” гэж уран сайхны кино, теле жүжиг, телевизийн олон ангит кино, хөгжөөнт хөтөлбөр, тоглолт, баримтат болон хүүхэлдэйн кино, газар зүй, түүх, соёл, зан заншил, хэл зохиол, зан үйл, соёлын өвийг тайлбарлан таниулсан аливаа бүтээл ба сэтгүүл зүйн бусад төрөл жанрын бүтээлийг” тооцно гэж заасан байсан. Миний ойлгосон зөв үү?

-Квот үйлчлэх хүрээ нь олон нийтийн телевиз, өргөн буюу агаарын долгионоор цацаж буй болон кабелийн телевиз, радио дээр бий. Мөн IPTV-ийн видео сан, кино театрын сар тутам үзүүлэх кинонд квот тогтоож өгсөн. Энэ квотыг биелүүлэхийн тулд соёлын салбар тэр чигтээ хөдлөхөөр л хууль болсон л доо. Яагаад гэвэл үндэсний контент буюу урлаг, соёлын тоглолт, үзмэр, үзэсгэлэн, жүжиг зэргийг телевизээр гаргахын тулд бичлэгийг нь хийх хэрэгтэй болно оо доо.

-Ингэхээр давхар оюуны өмчийн асуудал яригдах байх.

-Тийм. Жишээлбэл, өчигдөр Дуурь бүжгийн эрдмийн театр шинэ дуурь толилуулж эхэлсэн. Магадгүй тэр дуурь тайзнаа долоо хоног тоглогдоод буучихаж болно. Харин телевизүүд дуурийнхантай “Танай дуурийг бид сарын дараа телевизээрээ гаргая” гээд харилцан тохиролцож гэрээ хийгээд телевизийн стандартад нийцсэн дуу, дүрсний бичлэгийг хийх шаардлагатай болж эхэлнэ. Тайзнаа Монгол уран бүтээл тавьж байна. Тэр бүтээлийн бичлэгийг дараа нь гаргах эрхийг аль нэг телевиз гаргах тухай зохицуулалт яг энэ хуульд бичигдээгүй ч зохицуулагдах юм. Ер нь хаана монгол уран бүтээл бүтээгдэж байна. Хаана монгол соёлын шинэ сонирхолтой бүтээл бий болж байна. Тэр газар болгонд видео контент үүсч байж, тэр нь телевизээр гарч байж квот хангагдана гэсэн үг.

-Яах вэ, телевизүүд өрсөлдөөнийхөө хуулиар хуульдаа нийцсэн хөтөлбөр гаргаад явах байх. Магадгүй энэ нь жижиг телевизүүд хоорондоо нэгдэх процесс руу хөтлөнө. Телевиз бол өөрсдийн хөтөлбөрийг үзэгчдэд тулгадаг гэхэд болно. Харин кино театр бол үзэгчиддээ сонголт хийх боломжийг олгодог. Тиймээс кино театр квот тогтоох нь хэр оновчтой зүйл вэ?

-Энэ хуулиар зохицуулагдаагүй зүйл бол интернэтийн “life stream”. Дэлхий даяар шууд интернэтээр цацагдаж буй контентыг бол зохицуулаагүй.

-Зохицуулах ч боломжгүй байх л даа!

-Зохицуулахад маш төвөгтэй. Дээр нь цэвэр сонголтоороо тухайн хүн хүлээн авдагийн дээр дэлхий даяар ижил түвшинд хүрч байгаа учраас түүнийг зохицуулах шаардлагагүй. Харин Монголын орчинд, эрх зүйн зохицуулалтын хүрээнд гарч буй соёл, урлагийн бүтээлүүд дотроос телевиз, радио, кино театр, IPTV-ээ сонгож энэ хуульд хамруулсан. Кино театрын хувьд иргэд очоод сонголтоо хийгээд үздэг. Гэхдээ өөрийнхөө эх орон, оршин буй нутагтаа дэвсгэрээс үздэг гэсэн утгаараа Монголын соёлын дархлааг хадгалалцах ёстой байгууллага гэж үзсэн.

-Хууль боловсруулж байхад тодорхой судалгаа хийсэн байх. Хийсэн бол өнөөгийн кино театруудад Монгол бүтээлийн эзлэх байр суурь ямар байсан бэ. Ямар харьцаа үйлчилж байна. Зайлшгүй зохицуулахгүй бол болохгүй хэмжээнд хүрсэн байсан хэрэг үү?

-Бид европын орнуудын соёлын дархлааг хамгаалах тогтолцоог судалсан. Европын улсаас гадна Вьетнам, Солонгосыг судалсан. Тэгэхэд бидний хуульд тусгаснаас ч өндөр квот тогтоосон байсан. Харин ч бид тэднээс бага хувиар квот тогтоосон. Яагаад гэвэл бидний зах зээл бага учраас бид тэдэн шиг арай ч 75 хувийн квот тогтоох нь зүйд нийцэхгүй гэж үзсэн. Судлаад бидэнд 50 хувь байхад болох юм гэж шийдсэн. Нэг зүйлийг хэлэхэд, соёлын контентоо маш өндөр түвшинд үйлдвэрлэдэг орнуудад бол контентын квотыг маш өндөрт тавьдаг юм билээ.    

-Тэгэж байж л тэрхүү зах зээлийнхээ өрсөлдөөн ордог байх л даа, тийм үү?

-Нэгдүгээрт тийм. Гэхдээ ашиг гэхээсээ илүүтэй аюулгүй байдлын хэмжээнд авч үзээд байгаа юм. Өөрийнхөө соёлыг мэдэхээ болихоор тухайн орных нь тусгаар тогтнол алдагдана л гэж үздэг юм билээ. Тухайн улсын иргэн өөрийнхөө угсаа гарал, соёл, заншлыг мэдэж байж, үүх түүхээрээ бахархаж байж тэр орон тогтвортой хөгждөг. Монгол гэж ойшоохоо больчихсон, эх орондоо амьдрах нь сайхан зүйл гэдгийг мэдэхээ больчихсон тохиолдолд  тухайн улс төдийгүй дэлхий нийтэд хямрал болно гэж үзэж байна. Энэ нь цаашлаад дэлхийн энх тайван, аюулгүй байдлын асуудал болон хувирч байгаа юм. Соёлын дархлаа сайтай улс гэдэг бол дэлхий нийтийг тогтвортой байлгахад гол нөлөө үзүүлдэг гэж үзээд байна. Тиймээс соёлын дархлааг сайжруулах нь дэлхийн энх тайвны асуудал гэсэн үг.

-Соёлын дархлаа, үнэт зүйлс үгүй болсноор тухайн улс орон эмх замбараагүй болж гадны нөлөөлөлд амархан өртөх тохиолдол ажиглагдах боллоо. Ойрхи Дорнодын асуудал үүнтэй ч холбоотой байх, тийм үү?

-Жишээлэхэд Сири байна. Сириэс жилдээ 3-4 сая хүн дүрвээд гарч байгааг бид орой болгон телевизээр сонсож л байгаа. Тэр хүмүүст Сирид байх бахархал үгүй болчихсон. Сиридээ амьдрах утга учир үгүй, таатай биш болчихсон гээд энэ бүх дархлаа нь үгүй болоод дүрвэж байгаа нь өөрөө Европ тивийг ганхуулахад хүргэж байна. Өөрийнх нь орныг ч, хөрш орнуудад ч хэцүүхэн байдалд оруулахад хүргэлээ л дээ. Энэ асуудал ганц Сирийн асуудал биш болж байна. Дүрвээд очиж байгаа улс, орныг ч ганхуулаад буйг бид харлаа. Ийм байдлыг бий болгохгүйн тулд улс орон болгон өөрийнхөө соёлыг баталгаатай хангах ёстой шүү. Улс болгон өөрийнхөө бий болгосон соёлоо өөрсдийнхөө бодлогоор хамгаалах ёстой шүү гээд Юнескогийн конвенц гарчихсан. Соёлын олон төрөлт байдлыг дэмжих тухай энэхүү конвенц 1995 онд гарсан. Энэ конвенцийн дагуу өөрийнхөө орны олон төрөлт соёлыг дэмжсэнээрээ та дэлхийн энх тайвны тэмцэлд хувь нэмрээ оруулж байгаа шүү гэж үздэг.

-Уламжлалаа үгүйсгэж, даяарчлагдан буй энэ ертөнцөд өөрсдийн соёлоо яаж дархлаажуулах ёстой юм бэ?

-Даяарчлагдаж, өндөр технологийн дэвшлийн нөлөөгөөр дэлхий хавтгай болж буй энэ үед яаж хамгаалдаг вэ гэхээр яалт ч үгүй цагийн квотыг л тавьдаг. Тиймээс ч бид түүн рүү орж байгаа юм.

-Сошиал ертөнц гэж нэг айхавтар зэвсэг гараад ирлээ. Түүгээр дамжуулаад хувьсгал хийж, эмх замбараагүй байдлыг хүртэл бий болгож, асуудлыг хурцатгаж байна. Манайд ч үүгээр дамжуулаад гадныхан нийгмийн сэтэхүйд нөлөөлж байхыг үгүйсгэх аргагүй болчихлоо. Монголоо үгүйсгэж бусдыг шүтсэн үзэл санаа л их цухалздаг болж. Аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрлээ ч гэж судлаачид хэлэх боллоо. Одоо яах вэ?

-Сошиал ертөнц бол хүний бий болгосон цоо шинэ ертөнц. Үүний түрлэгт хэн хамгийн их хуйларч байна вэ гэхээр суурь соёлын үнэт зүйлээ бэхжүүлж чадаагүй газар их өртөөд байгаа юм л даа. Эсвэл тухайн хүний өөрийгөө илэрхийлэх соёлын илэрхийллийг хааж, боосон газарт маш хүчтэй давалгааг үүсгэж харагддаг. Тиймээс нэг талаасаа хүнийг өөрийгөө илэрхийлэх илэрхийллийг нь хааж болохгүй. Нөгөө талаасаа соёлын үнэт зүйлийг бий болгох. Үнэт зүйлсээ эрхэмлэдэг иргэдтэй болох замаар зохицуулах нь чухал. Энэ хоёр сонирхол давхцаж байж бид аливаа нэгэн технологийн урсгалд урсаад явчихгүй үлдэнэ. Тиймээс ч уран бүтээлээр дамжуулах үзэл бодлоо илэрхийлэх, өөрийгөө тунхаглах эрхийг нь чөлөөтэй өгнө. Нөгөө талаас Монгол хүний туурвисан бүтээлийг аль болохоор их гаргах орон зайг нь бэлдэж өгөх ёстой. Тэр орон зайг нь бэлдэж өгсний дараагаар соёлын хувьд төлөвшсөн, нийгмийн хувьд идэвхтэй, хүмүүнлэг иргэншлийн бааз суурийг бий болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулах юм. Энэ хууль үүнийг л зохицуулахад чиглэнэ.

-Соёлын тухай хуульд хөгжмийн том хэлбэрийн болон дүрслэх урлаг, кино, ном, хэвлэлийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авч байхаар тусгасан байсан. Үүнтэй холбоотойгоор төсөвт хөрөнгө суулгах байхаар заасан харагдсан. Энэ жилд тэр мөнгийг суулгасан уу?

-Соёлын тухай хууль квот тогтоогоод дуусч байгаа юм. Соёлын тухай энэ квотыг хэрэгжүүлэхэд мөнгө хэрэгтэй. Яагаад гэвэл, бүх зүйлсийг бизнесийн хөрөнгө оруулалтаар хийх боломжгүй. Ялангуяа удаан цаг хугацаа, их хэмжээний хөрөнгө зарцуулж байж хийх шаардлагатай уран бүтээлд бол зайлшгүй төрийн дэмжлэг хэрэгтэй. Дээр нь маш бага зах зээлтэй, мөхөж алга болчих гээд буй ховор соёлоо сэргээн, амилуулахад мөнгө хэрэгтэй байдаг. Энэ мөнгийг бид улсаас гаргаж өгөх нь зүйтэй юм гэдэг утгаар Монгол уран бүтээл гэдэг Засгийн газрын хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөр 2025 он хүртэл 10 жил хэрэгжих бөгөөд 2015 оноос хэрэгжүүлэхээр баталсан. Соёл, спорт, аялал жуулчлалын яам  анх энэ хөтөлбөрийг санаачилж, жил болгоны төсөвт 10 тэрбум төгрөг суулгаж байж үүнийг хэрэгжүүлэх боломжтой юм байна гэсэн тооцоог хийсэн. Харамсалтай нь 2016 оны төсвийг батлуулахад харамсалтай нь энэ мөнгийг унагаасан. Бид 2015 онд ч, 2016 оны төсөвт ч суулгуулж чадаагүй. Өөрөөр хэлбэл, энэ хөтөлбөрт батлагдаж, хэрэгжсэн эхний хоёр жилд төсөвт мөнгө суулгахгүй явж ирлээ.

-Буруутан нь эдийн засгийн хямрал болоод өнгөрсөн хэрэг үү?

-Сонгуульд буруугаар ашиглачихна. Энэ мөнгийг тусгуулсан нам нь телевиз, радиог худалдаад авчихна гэсэн хардлага маш их байгаа учраас энэ мөнгийг төсөвт суулгалгүйгээр унагадаг. Манайхан хэвлэл мэдээллийн хуучны үзэл суртлын хэрэгсэл болгож ашигладаг гэсэн хуучин ойлголттойгоо байгаа учраас уран бүтээлд мөнгө өгнө гэдэг нь сонгуулийн “пи-ар”-д мөнгө өгч байгаа гэсэн үгүй гэж ойлгоод буй учраас биесээ хардаад энэ төсвийг баталж өгдөггүй.

-Сэтгэхүй өөрчлөгдөх хүртэл даацтай уран бүтээлийг худалдаж авч чадахгүй гэсэн үг үү?

-2017 оны төсөвт яаж ийгээд суулгах ёстой. Уг нь жил болгон улсын төсвөөс 10 тэрбум төгрөг гаргаад байхад тухайн жилдээ нэг ч гэсэн олон ангит хүүхэлдэйн кино гарчих юм байна. Залуучуудад үлгэр дуурайл болсон олон ангит сериал ядахдаа нэгийг хийчихнэ. Түүхэн олон ангит кино нэгийг хийчихнэ. Тэгээд дээр нь ховордсон соёл, биет, биет бус соёлоо баримтжуулсан уран бүтээл, хөгжмийн зохиолыг хадгалж үлдээх боломж бүрдэнэ. Шинэ хөгжмийн зохиолыг л гэхэд ивээн тэтгэх гэхээр мөнгө алга. Хэнээс ч цалин авахгүйгээр бүтэн жил шинэ симфони бичээд гэртээ суух хөрөнгө, санхүү манай аль ч уран бүтээлчид байхгүй. Тиймээс хөгжмийн зохиол, найруулгыг ивээн тэтгэх гээд олон зүйл дээр зайлшгүй төрийн дэмжлэг хэрэгтэй байна. Мөн маш ховор баримтат киног хийхэд төрийн дэмжлэг хэрэгтэй. Энэ мэт ганц хүн, нэг компанийн санхүүжилтээр хийх боломжгүй бүтээлүүд дээр төрийн дэмжлэг хэрэгтэй юм байна гэсэн жагсаалт гараад батлагдсан юм. Энэ хөтөлбөрийн нэг онцлог нь дэмжлэг үзүүлж, худалдан авч буй бүх бүтээл нь телевизээр, кино театраар гарах зорилготой. Эсвэл интернэт буюу дижитал ертөнцөд гарах зорилготойгоор уран бүтээлийг дэмжинэ гэсэн стратегитай батлагдсан. Энэ стратегийг хэрэгжүүлэхэд зайлшгүй мөнгө шаардлагатай. Цааш хэрэгжүүлэхэд 7-8 жилийн зай байна. Энэ хугацаанд Монгол Улс уран бүтээлдээ зайлшгүй мөнгө зарцуулах шаардлагатай.

-Кино театруудын хувьд чанартай уран бүтээл гэхээсээ илүү орлогоо боддог. Зах зээлийн нийгэмд энэ нь ч зүй ёсны үйлдэл. Харин тэдний квот хэрхэн тавигдах юм. Уран бүтээлийн тоогоор байх юм уу эсвэл үзүүлж буй цагаараа байх уу?

-Нэг кино театрт сарын 30 хоногт, өдөрт таван удаа кино гаргадаг гэж бодъё. Тэгэхээр нийтдээ 150 удаа кино гаргана. Үүний 40 хувь нь буюу 60 удаа Монгол кино гарсан байх ёстой гэсэн үг. Нэг кино 60 удаа гарсан байна уу, 60 кино нэг удаа гарсан байна уу гэдгээс үл хамаараад сарын дотор гарсан бүх киноны гаралтын 40 хувь нь Монгол кино байх ёстой гэсэн үг.

-Хуулиа гаргасан ч хоёр жил соёлын үйлдвэрлэлийг дэмжих мөнгийг төсөвлөөгүй юмсанж. Цаашдаа энэ байдлыг эсрэг, төсөвт суулгах талаар ямар зохицуулалт хийх боломж байна вэ?

-Уран бүтээлчид нэгдэх хэрэгтэй. Нэгдэж Засгийн газар дуу хоолойгоо хүргэх ёстой. Уран бүтээлчид улс төрийн зорилгоор энэ мөнгийг авах гээгүй. Телевизүүдэд, хүүхдүүдэд үндэсний контент хэрэгтэй байна гэдгийг ойлгуулах нь чухал. Монгол уран бүтээл хөтөлбөрийг телевиз, цахим орон зайнд л зориулж хийсэн. Монгол контент хөтөлбөрийг сайтар уншвал, технологийн энэ их шуурганаас соёлынхоо дархлааг хамгаалж, авч үлдэх гэсэн хөтөлбөр. Технологи хаагуур орж ирж байна, тэр сувгаар нь соёлоо түгээе гэсэн бодлого оршиж буй. Энэ хөтөлбөрийг улс төрийн зорилгоор битгий гацаагаачээ. Хоёр жил гацаалаа. Улс төрийн хардлага, сэрдлэгээс нь чөлөөлөөч гэдэг хөдөлгөөнийг интернэтийн орон зайг эзэмшиж, контент үйлдвэрлэх боломжтой газрууд, телевизүүд, соёлын бүтээл гаргах уран бүтээлчид маань хамтарч дуугарах хэрэгтэй. Яагаад энэ хөтөлбөр хэрэгжихгүй байна гэдэг хэлэлцүүлгийг зохиож болно. Улс төрийн гинжнээс чөлөөлөх ажлыг хамтдаа  төр засагт хүргэх хэрэгтэй. Энэ хөтөлбөрийг улс төрийн зорилгоор хийгээгүй.

Угаасаа соёлын дархлааг телевиз, интернэтийн талбарт их алддаг юм байна. Яагаад гэвэл энэ хоёр талбар өөрөө шинэ эрин үетэй хөл нийлүүлж буй талбар. Тиймээс ч энэ талбарт гадаадын контент бэлэн хийчихсэн байдаг, Монголынх болохоор бэлэн биш байна. Тэгэхээр бид энэ бэлэн биш байгаа, хоосон орон зайгаа дүүргэхийн тулд яах вэ гэж бодож энэ ажлыг хийсэн. Тэгэхээр хэдий эрт улс төрийн гинжнээс чөлөөлнө, төдий чинээгээр соёлын дархлаатай болно.

-Телевизүүд Засгийн газраас санхүүжүүлэх тэрхүү уралдаанд өрсөлдөх боломж нь байна. Магадгүй тийшээ хүчээ дайчлах байх?

-Үнэхээр тийм. Өөрсдийн боломжоо дайчлах юм бол Монгол уран бүтээл хөтөлбөрийг бүхий л талбарт хэрэгжүүлэх боломжтой.

-Мөнгөтэй боллоо гэхэд тэрхүү Монгол уран бүтээлээ хэрхэн шалгаруулах юм. Кино бол яах вэ, зохиолоор нь шалгаруулж болох байх. Захиалга өгч бэлэн бүтээгдэхүүн авах юм уу эсвэл...?

-Тэрийг соёлын асуудал хариуцах тухайн үеийн удирдлага зохицуулаад явах байх. Миний хувьд сайд байхдаа хөрөнгө, мөнгө нь шийдэгдсэн бол хэд хэдэн шаттайгаар хийхээр төлөвлөж байсан.

-Жишээлбэл?

-Жишээлбэл, зөвхөн шинэ уран бүтээлийн уралдаан гэж тусдаа, харин бэлэн уран бүтээлээ хийчихсэн, зах зээлд гаргах гэж дэмжлэг хүсэж байгаа нь тусдаа байхаар төлөвлөсөн. Манайханд цомгоо гаргахаар бэлдчихсэн. Харин хувилуулах мөнгө нь байхгүй. Эсвэл дэлхийн хэмжээний уран бүтээл гаргачихсан. Itunes-ийн стандартад нийцсэн хувиргалтыг хийх гэхээр мөнгө байхгүй. Эсвэл хувиргалтаа хийчихсэн, зах зээл дээр гаргая гэхээр Itunes гэрээ хийх олон улсын хуульч хөлсөлж авах гэхээр мөнгө байдаггүй ч юм уу. Ийм ийм шалтгаанаар зах зээлд гарч чадахгүй байгаа бүтээл маш их байдаг. Үүнд нь дэмжлэг үзүүлэхээс гадна цоо шинэ уран бүтээл гаргахад, ид дундаа яваа бүтээлээ гүйцээхэд дэмжлэг үзүүлэх гээд үе шаттайгаар хэрэгжүүлэх боломжтой гэж харж байсан. Уран сайхны болон хүүхэлдэйн олон ангит кино, хөгжмийн том хэмжээний бүтээл зэргийг бол анхнаас нь захиалж, зохиолоос нь авахуулаад шалгаруулах боломжтой юм гэж бид тухайн үедээ ярьж байсан.    

-Арилжааны телевизийн контентын 50, олон нийтийн телевиз, радиогийн 60 хувь нь Монгол контент байна гэж тусгаж. Контент гэдэгт мэдээ, реклам сурталчилгаа орох уу?

-Цаг үеийн мэдээ бол орохгүй. Реклам ч орохгүй.

-Яг юу орох юм бэ?

-Жишээлбэл хууль сурталчиллаа гэж бодъё. Сонирхолтой, хөгжөөнтэй аргаар хууль сурталчилаад байдаг даа. “АХА” нэвтрүүлэг ч юм уу эсвэл нэг урлагийн номер яваад араас нь хүний ярилцлага гараад холилдсон жанрын бүтээл бол орно. Аливаа нэг уран сэтгэмж, уран бүтээмж шингэсэн зүйлийг уран сайхны үндэсний хөтөлбөр гээд байгаа юм.

-Манайхан хүүхэлдэйн кино, баримтат киног их орчуулж гаргадаг. Энэ бүхэн гадны контентод тооцогдоод явах юм байна, тийм үү?

-Тийм, тийм. Гадныхдаа ороод явна.

-Гадаад мэдээ бол орохгүй юм байна. Дэлхийн урлаг, спортын арга хэмжээг шууд дамжуулах нь орохгүй гэсэн үг үү?

-Мэдээ орохгүй. Спорт орохгүй. Худалдаа наймаа орохгүй.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулдаг. Зарим телевиз бүх хөтөлбөрөө тухайн тэмцээнийг шууд дамжуулахад зориулдаг. Энэ тохиолдолд яах вэ?

-Олимпын үеэр гэхэд зөвхөн спорт болоод хувирдаг. Энэ үед уран сайхны нэвтрүүлгийн эзлэх цаг байхгүй болчихож байгаа юм. Уран сайхны цаг байхгүй үед уран сайхны цагийн 50 хувь нь монгол контент байна гэдэг маань үгүй болчихож байна гэсэн үг. Тэгэхээр эфирийн цаг спортоо дагнаад явчихвал уран сайхны цаггүй байна гэж үзээд тусад нь ялгаад явчихна. Энэ хуулиар нийт 24 цагийн эфиртэй байлаа гэхэд заавал уран сайхны цаг гарга гээгүй шүү. Уран сайхны зүйл гаргаж байгаа бол түүнийхээ тавин хувьд нь монгол контент гарга л гэж байгаа юм. 100 хувь спортын суваг, 100 хувь мэдээллийн суваг ердөө үүнд хамрагдахгүй. 100 хувь дэлгүүр ажиллуулаад байгаа бол хамрагдахгүй гэж заасан.

Ярилцсан: Л.НАРАНТӨГС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна