Хийн олборлолт газар хөдлөлтийг нэмэгдүүлэв

2016 оны 1 сарын 12

 

АНУ-даа хийн олборлолтоор гуравт, түүхий нефтийн олборлолтоор тавд ордог Оклахома муж улсад газар хөдлөлтийн аюул заналхийлэл нэмэгджээ. Нефтийн өрөмдлөг хийж, газрын гүн рүү өндөр даралтаар ус шахаж хий олборлох нь газар хөдлөлтийн шалтгаан болдог тухай АНУ-ын геологийн судалгааны шинжээчид хэлж байна. Оклахома муж улсад өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн удаа газар хөдлөлт мэдрэгдсэн бөгөөд чичирхийллийн хүч 4.8 магнитуд хүрсэн байна. Хэдийгээр газар хөдлөлтийн улмаас хохирол гараагүй ч Оклахома мужийн оршин суугчид чичирхийллийг мэдэрчээ. Энэ асуудлаар мужийн төлөөлөгчдийн танхимын гишүүн Ричард Морриссетте баасан гаригт хэлэлцүүлэг явуулахаа мэдэгдсэн байна. Тэрбээр Оклахома муж улсад хий олборлох компанийн тоог цөөрүүлэхийг зорьж байгаа аж. Газрын тос, хий олборлолтын орлого нь Оклахома муж улсын төсөв бүрдүүлэлт болон татварын орлогын гол эх үүсвэр аж.

 

 

Америкт 60 мянга гаруй цооног өрөмдөн хий олборлодог байна. Эрчим хүчний хэрэглээ өндөртэй АНУ ойрын 10 жилдээ нефть, байгалийн хийн олборлолтоор Саудын арабыг гүйцэж дэлхийн хамгийн том олборлогч орон болох амбицтай. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама "бидний хөл доор 100 хэрэглэсэн ч хүрэлцэхүйц байгалын баялаг нойрсож байна, манай улсын эрчим хүчний түүхий эдийн импорт тун удахгүй 50%-иар буурч, зөвхөн байгалийн хийн салбарт л гэхэд 600 мянган ажлын байр шинээр бий болно" хэмээн 2013 онд мэдэгджээ.

 

Занарын хий нь нүүрстэй харьцуулахад хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ 50% бага гэгддэг учир дэлхийн дулааралтай тэмцэхэд эерэгээр нөлөөлнө. Парист болсон НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн эсрэг хурлаас ч нүүрсийг зах зээлээс шахаж, байгалийн хийн хэрэглээг нэмэгдүүлэх нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах гол арга зам гэж үзсэн билээ.

 

Өдгөө газрын тосны үнэ шалдаа буучихаад байна. “Brent” нефтийн үнэ энэ 2016 он гарсаар таван хувиар унан 2004 оноос хойш анх удаагаа  баррель нь 35 ам.доллараас доогуур зарагджээ. Саудын Араб болон Арабын лигийн орнууд Ирантай харилцаа муудсаны дараа зах зээлд нефть экспортлогчдын хамтрах боломж үгүй болсон юм. Нефть, байгалийн хийн үнэ өнгөрсөн оноос хойш зогсолтгүй буурсаар байна. Энэ нь байгалийн хий, нефтийн экспортоос хамааралтай орнуудад хүндээр тусч байгаа юм. Дэлхийн зах зээл дээр үнэ буурахад АНУ-ын хийн олборлолт багагүй нөлөө үзүүлж буйн дээр “OPEC”-ын орнууд нефтийн нийлүүлэлтээ багасгахгүй байгаа юм. Араб дэлхийн нийт газрын тосны 12%-ийг олборлодогоос гадна Араб тэргүүтэй Ойрхи Дорнод, Өмнөд Америк болон Африкийн 12 улсаас бүрэлдэх OPEC буюу газрын тосны үйлдвэрлэгч орны эвлэл нь дэлхийн нийт олборлолтын 40%-ийг эзэлдэг юм.

 

Б.АНХТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна