“Эцэг” хууль “өвгөрчээ”

2016 оны 1 сарын 12

Шинэ Үндсэн хуулийн өдөр маргааш тохионо. Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиа шинэчлэн баталсан. Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөг сахин хамгаалах тулгуур болох Үндсэн хуулийн манаач нь Үндсэн хуулийн Цэц. Түүнд өргөдөл гаргагч ганц “эрх бүхий” этгээд нь иргэн Д.Лхамжав гэж одоогоос ердөө хэдхэн жилийн өмнө бидний дийлэнх нь ойлгодог байлаа. Нэг ёсондоо иргэн Д.Лхамжаваас өөр бусад хүн Цэцэд өргөдөл гомдол гаргадаггүй байсан болохоор хуулийн мэдлэг тааруухан жирийн иргэд тэгж бодохоос ч яах билээ. Өнгөрсөн 24 жилийн хугацаанд дордуулсан гэх тодотголтой долоон өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан. Өөр бусдаар гар хүрсэн удаагүй.

Харин өнгөрсөн 24 жилийн хугацаанд Үндсэн хуулийг бусад хууль тогтоомж зөрчсөн эсэх асуудлаар 221 удаа Цэц хуралджээ. Оноор нь жагсаавал, 2015 онд 26, 2014 онд 10 удаа, 2013 онд 7 удаа, 2012 онд 8, 2011 онд 8, 2010 онд 9 гэхчилэн цаашлах тусам тоо нь буурна. Гэхдээ Цэцийн нийт хуралдааны бараг 1/3 орчим нь сүүлийн таван жилд хуралдсан байх юм. Цэцэд хандаж буй өргөдлийн нэлээд хэсгийг Сонгуулийн хуулийн заалтуудтай холбоотой өргөдөл эзэлж. Энэ нь парламентын гишүүд дараагийн УИХ-д өөрсдийн сонгогдох боломжийг нэмэгдүүлэх сонирхолоор Сонгуулийн хуулийг баталсантай холбоотой. Харин дараа нь татварын болон Эрүүгийн хуулиуд “жин” даржээ. Сүүлийн ганц жилд гэхэд Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргасан иргэний тоо 2,6 дахин ихэсч. Энэ бол нэг талаас иргэд, олон нийтийн хуулийн мэдлэг дээшилж байгааг илтгэх үзүүлэлт. Нөгөө талаар хууль тогтоогчдын чадвар, чансаа ямар түвшинд байгааг эндээс харж болно гэж хуульчид үздэг. З.Энхболдын “ангийнхны” баталсан хэд хэдэн хууль хэрэгжиж эхлээгүй байхдаа зарим нь хэрэгжиж эхэлмэгцээ Цэц дээр “бүдэрч”. Өөрөөр хэлбэл парламент чанарын шаардлага хангахгүй “бүтээгдэхүүн” үйлдвэрлэж, “зах зээлд” нийлүүлэхээр зэхэж байсан гэсэн үг. Үүний хамгийн ойрын жишээ нь Сонгуулийн тухай хууль. Шинэ оны босгон дээр батлагдсан Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн асуудлаар УИХ-ын бие даагч гишүүд Цэцэд хандахаа албан ёсоор мэдэгдээд байна.

Түүнээс өмнө Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуульд заасан өмчлөгчийн эрхийг зөрчсөн эсэх тухай маргааныг Цэц хянан шийдвэрлэсэн. Харин энэхүү шийдвэр нь банкуудын холбооныхонд таалагдаагүй. Тэд “Цаашид ипотекийн 8 хувийн зээлийг олгох боломжгүй боллоо” хэмээн мэдэгдэж зээлээ зогсоосон нь барилгын салбарыг зогсонги байдалд оруулаад зогсохгүй, орон сууцтай болохоор зорьж байсан мянга мянган иргэний эрх ашгийг хөндсөн. Үүний улмаас иргэд, банк, Цэц, парламентын дунд маргааны дөрвөлж үүсч, Цэцийн зүгээс үүнтэй холбоотой ямар ч шийдвэр гаргаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Үнэндээ банк, банк бус санхүүгийн байгууллага, ломбардууд өөрсдийн болзлоо иргэдэд хүчээр тулгаж, давуу эрх эдэлдэг байсан заалтыг Цэц хүчингүй болгосон нь Үндсэн хууль зөрчиж ирсэн салбарынханд таалагдсангүй. Энэ мэтчилэн Үндсэн хууль зөрчсөн хуулиудын жагсаалт үргэлжилнэ. Шүүх байгуулах тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн хууль шил шилээ даран Цэц дээр “унав”. Цэцэд очоод унасан нь тэр болохоос гаргасан хууль болгон Цэц дээр очвол хэд нь бүтэн үлдэж хэд нь Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болохыг таашгүй.

Эцэст нь энэ олон хууль бүгд л Цэц дээр бүдрээд байгаа нь Үндсэн хуулиа өөрчлөх цаг болсныг илтгээд байна гэх хуульчид ч байна. Өөрөөр хэлбэл Үндсэн хууль өөрөө хоцрогдсон байх талтай. 24 жилийн тэртээ нөхцөл байдал өөр байхад батлагдсан Үндсэн хууль өнөөгийн түвшинд нийцэж, үндсэн үүргээ хэрэгжүүлж чадаж байна уу гэх асуулт гарч ирж байна.

Өнөөгийн улс төрийн тогтворгүй байдлыг бий болгоод буй нь засаглалын хямрал. Тухайлбал, Үндсэн хуулиар заасан хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын эрх мэдлийн тэнцвэр алдагдсанаас үүдэлтэйг хэн хүнгүй хэлдэг, шүүмжилдэг. Мэдээж хуулийг тухайн цаг үе, хөгжил дэвшилтэйгээ нийцүүлэн засч залруулах хэрэгтэй. Цэц бол хуулиа л дагана. Тэнд юу гэсэн байна, түүнийгээ л мөрдөнө. Хэчнээн улс орны эдийн засагт үр өгөөжгүй шийдвэр байсан ч Цэц Үндсэн хуулиа л дагахаас өөр яахав. Цэц “зөнөгөрсөнд” бус, “Эцэг” хууль өвгөрсөнд гол асуудал байна. Тиймээс л Цэцийн шийдвэр хямрал дээр хямрал нэмээд байна гэх халаглал бий ч нөгөө талаасаа Үндсэн хуулиа өөрчлөх шаардлагатайг харуулаад байна.

Үндэс сайтай нь ургадаг жишгээр Үндсэн хууль сайтай улс орнууд хөгждөг. Тогтолцоо болохгүй байна хэмээн дор бүрнээ шогшрох хэрнээ засч, залруулах талаар зориглон хөдлөхгүй байгаа нь дордуулах вий хэмээн болгоомжлосных биз. Гэхдээ “Эцэг” хуульдаа гар хүрээгүй нөхцөлд энэ бүх маргаан үргэлжилнэ. Монгол ч байсан байрандаа байсаар л байна. Учир нь “Эцэг” хууль маань өвгөрч, хөгжлийн хурдыг гүйцэхгүй тушаа болоод эхэллээ. Үндсэн хуулийнхаа суурь зарчмыг хамгаалах нь бидэнд хамгаас чухал ч хөгжил дэвшилтэйгээ нийцүүлж засч, залруулах нь бас үүрэг билээ. Энэ тухай сүүлийн арав гаруй жил ярьсаар ирсэн ч эцэг хуульд гар хүрэх зүрх эрх баригчдад алга. Тэд сонгуулиас сонгуулийн хооронд хоноцын сэтгэлээр хандсаар ирлээ. Хоноцын сэтгэлээр хандсаар ахуйд хуулийг өнөөдөр баталж, маргааш хүчингүй болгодог гинжин хэлхээ тасрахгүй ээ.

Л.НАРАНТӨГС

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна