Балет бол эмэгтэй хүнийг галбирлаг, гоё байлгахад зориулагдсан урлаг

2016 оны 1 сарын 12

“Монголын шинэ балет” сургалтын төвийн багш С.Ганбаттай ярилцлаа. Тус сургалтын төвийн балетын багш тэрээр Хөгжим бүжгийн коллежийг төгсөж, 1993 оноос УДБЭТ-т балетын гоцлол бүжигчнээр ажиллаж, олон арван бүжгэн жүжгийн гол дүрийг бүтээж байсан юм.

-Нийслэл хотод балетын сургалт олноороо ажиллах болжээ. Танай сургалтын төвийн давуу талыг сонирхоё?

-Манайх мэргэжлийн гэдгээрээ давуу. Суралцагчдын биеийн онцлогийг харгалзан аль талаас нь хөгжүүлбэл илүү үр дүнтэй вэ гэж тухайн хүндээ тулж ажиллах, зөвлөх боломжийг цөөн хүнтэй анги маань бүрдүүлж байна. Сүүлийн үед манайд үлй ажиллагаа явуулж байгаа бүжгийн сургалтуудын хувьд хэт арилжааны шинжтэй болж, хорь, гучаар нь нэг ангид оруулаад нийтэд нь ерөнхий хичээл орж байгаа нь ажиглагддаг. Бид энэ арга барилыг баримтлахгүй. Балетыг сонирхон хичээллэдэг хүмүүс олон болж, энэ урлагийг ойлгох гээд зорьж ирж байгаа хүмүүст бид мэргэжлийн хүмүүсийн хувьд зөв ойлголт өгч, зөв суурь тавихыг сургалтын чиглэл болгож байна. Балетын урлагаар зөв хичээллэх юм бол яаж бие махбод гоё болдог юм, хэцүү хэр нь ямар тансаг дээд зэрэглэлийн урлаг юм бэ, яагаад сонгодог гээд нэрлэсэн гэдгийг зөвөөр ойлгуулахыг хичээж явна. Ойлгуулах нь зөв харилцаа, ярианы эхлэлээс л харагдах учиртай. Хүн гудамжид сайхан хүнийг хараад биширдэгтэй адил сонгодог урлагийнхан яагаад ялгараад байна вэ, сонгодгийн мэдрэмжтэй хүн бүр тэгж ялгарч болно. Амьдралыг байнга өнгөтэй гэгээтэйгээр харах тусам амьдрал нь цэцэглэдэгтэй адил сонгодог урлагийг ойлгохын хэрээр хүний сэтгэхүй хөгжиж, арай илүү давуу, далайцтай сэтгэж байдаг.

-Балетын дасгалаар хичээллэх нь бүсгүй хүнд ямар шинэ зүйлийг өгөх вэ?

-Балетын урлаг гэдэг анхнаасаа эмэгтэй хүний урлаг юм. Эмэгтэй хүн л хуруун дээрээ зогсож, гоё сайхнаа үзүүлдэг гоо сайхны урлаг. Эрэгтэй хүн балетын урлагт эмэгтэй бүжигчинд туслах маягаар эмэгтэй хүнийг өргөчхөөд л бүжиглэлгүй ордог байсан түүхтэй юм. Нуреев зэрэг алдартай бүжигчид эрэгтэй хүний техник хөдөлгөөн оруулж, боловсронгуй болгосоор одоо цагт ирсэн. Эмэгтэй хүнийг галбирлаг, гоё байлгахад зориулагдсан урлаг бол балет. Эмэгтэй хүний анатомийг судалж байгаад хэдэн зууны өмнөөс нарийн хөдөлгөөнүүдийг гаргасан шинжлэх ухааны суурьтай урлаг юм. Энэ хөдөлгөөнийг хийхээр энэ булчин ингэж хөгждөг юм байна гэдгийг бид мэддэг учир эмэгтэй хүнд зөв заагаад, зөв ухагдахууныг нь өгөх юм бол гоо сайхан, гоолиг төгс галбиртай болно гэсэн үг. Балетаар хичээллэсний дараа эмэгтэйчүүд гудамжид, ажил дээрээ гэртээ ч мөрөө цэх, нуруугаа тэгшхэн байлгаад сурчихлаа гэдэг. Нүдэн дээр галбиржаад, мэдрэмж нь өсөөд, дотоод сэтгэлгээ нь өөрчлөгдөөд ирж байгаа нь надад мэдрэгдэх тусам их урам авдаг. Тайзан дээр залуу бүжигчинд хөдөлгөөнийг нь засаж зааж өгөхөд гараад миний хэлснээр хийгээд гоё бүжиглэхэд би урамшдагтай адил юм даа.

-Нас насны сонирхогч эмэгтэйчүүд таны шавь болж байна. Ихэнх балетын сургалтын төвийн багш нар эмэгтэйчүүд байдаг л даа?

-Сонгодог урлагийн олон зуун жилийн дэг жаяг хүнийг хүмүүжүүлдэг, багш нар бид бол дунд нь зууч л болж байгаа юм. Дотроос нь зүрх сэтгэлийг нь өөрчилснөөр өөрчлөгдсөн зүрх сэтгэл нь сайхан хөдөлгөөнөөр илэрч байна гэсэн үг. Балетаар энд ирж хичээллээд гоё мэдрэмж авчхаад гарангуутаа гэр орныхонтойгоо хэрэлдэнэ гэж байхгүй байх шүү, ийм гоё орчинд байсан юм чинь гэртээ очоод ч бүх зүйлийг гоёор харж сайхан харьцана шүү дээ. Балетаар хичээллэсэн хүн гудамжид гарч бухимдаад хараал хэлэхгүй, өөрөө энэ урлаг төлөвшүүлдэг. 

Надад ч гэсэн бухимдах үе байна, зааланд орж ирэхдээ бүх юмаа хаяад орчноо сэтгэлээ өөрчилж байж яг л тайзан дээр гардагтайгаа адил сэтгэлээ бэлтгэж байж хичээлээ заадаг. Энэ урлаг маань эргээд үргэлж намайг хүмүүжүүлж байдаг, өөрөө үлгэр жишээ байх тийм төлөвшлийг сануулж бүх хүнийг өөрчилж байдаг. Би өөрөө энэ бүхнийг мэдэрч энэ урлагийн дотор нь явсан учраас сонирхон хичээллэж байгаа хүмүүстээ ч тэр мэдрэмжийг өгч, зөвөөр зуучлах юмсан, мэдэрч заахсан гэж боддог. Дотор нь ороогүй, тайзан дээр гарч тэр мэдрэмжийг аваагүй хүн бол арай өөрөөр заах байх, ингэдэг юм байна лээ гээд хэдэн дүрэм мэдээд балетын багш болно гэж байхгүй, сургууль төгссөн хүн болгон багш биш.

-Сонгодог урлагийг түгээж байгаа хүний хувьд та эмэгтэй хүний биеэ авч явах соёл, бие махбодийн хөгжлийн хувьд ямар зүйлийг эн тэргүүнд ажигладаг бол?

-Би эмэгтэй хүнийг эмэгтэй хүн байгаасай л гэж боддог. Амьдрал дээр эмэгтэй хүнийг гоёор хайрлаад урамшуулаад цэцэг шиг услаад байвал улам сайхан болдогтой адил. Биеийн хөдөлгөөн, дотоод сэтгэлийн төлөв байдлын илэрхийлэл болдог. Миний бага залууд зах зээлд шилжих үед эмэгтэйчүүд наймаа арилжаа гэж зүтгэж, эмэгтэйлэг байдал нь жаахан алдагдсан үе бий, одоо эргээд илүү сайхан болж ирж байна. Дотоод сэтгэл нь амар тайван байх юм бол тэр хэрээрээ зөөлөн налархай байх талтай. Хүн хэдий гоё сэтгэлгээтэй байна төдий хэмжээгээр мэдэрч хөдөлгөөнөө хийдэг. 

Тайван амьдралтай хүмүүс сурахдаа ч амар хөвөлзөөд яваад өгдөг шиг санагддаг юм. Хүн сэтгэж байгаагийнхаа хэмжээгээр амьдрал нь өрнөж байдаг, эргэн тойрноо гоёор хараад байвал амьдрал нь тийм л байдаг, бүх юм болохгүй байна гээд байвал унадаг. Сонгодог урлаг үүнийг бас хэлж өгдөг, чи байнга гоё байх ёстой гэдгийг хөдөлгөөнүүд нь хэлээд өгдөг учраас тийм байж чаддаг.

-“Цөмөөхэй” балетыг өнгөрсөн жилээс эхлэн тоглоход та багшилж, хамтран ажилласан. Та урд нь МУГЖ Д.Алтанхуягтай хамт бүжиглэж байв уу?

-Алтанхуяг гавьяат намайг төгсөж байхад сургуульд орж байсан юм. Сонгодог урлагийн академик театрт бүжиглэдэг байхад хааяа тэдний ангид цагаар хичээл ордог байв. Тэр үед театр цөөхөн гоцлол бүжигчинтэй байсан, ихэнх бүжгийн гол дүрд би тоглодог байсан болохоор тэр үед намайг хардаг байсан байх, одоо бол надаас өнгөрөөд явсан байна\ инээв\ Алтанхуяг маань бага байхын идэвхитэй, цаанаа нэг тийм “ассан” нүдтэй, тайзан дээр жинхэнээсээ амьдардаг, аргагүй л юманд хүрнэ дээ гэж хардаг байсан, үнэхээр хүрсэн. Удмын төрмөл авьяастай байгаад нэмээд хөдөлмөрлөхөөр хаана ч очсон хүлээн зөвшөөрөгдөж, ийм төгс болж байгаа юм. Балетад нэг ийм юм байна, авьяасгүй хэрнээ маш их хөдөлмөрлөөд юмаа олоод авч байгаа ч цаанаасаа заяасан биеийн галбир, өгөгдлүүд нь дутуу бол тайзан дээр дутуу л харагддаг. Гадны оронд мэргэжлээсээ өөр ажил хийж яваад ирэхэд Алтанхуяг маань намайг хамтран ажиллаач гэсний дагуу цуг ажиллаж байна. Ноднин “Цөмөөхэй”-г шинэчилж найруулан тавихад нь хүүхдүүдэд дасгалжуулагч багш хийж, гавьяатын өгсөн үүргийг биелүүлээд явж байна.

-Танд баярлалаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна