Г.Жаргалсайхан: АТГ-т итгэж байна

2016 оны 1 сарын 12

-МИАТ-ийн экс захирал Зам тээврийн сайд М.Зоригтыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа-

МИАТ ХК-тай 40 гаруй жилийн амьдралаа холбож, өнгөрсөн аравдугаар сарыг хүртэл тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Монгол Улсын гавьяат нисгэгч Г.Жаргалсайхан өчигдөр АТГ-т ханджээ. Тэрбээр Зам тээврийн сайд М.Зоригтыг шалгуулах хүсэлтэй байгаа өргөдлөө дурдсан байна.  Өөрийгөө  Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн хэмээн тодотгосон МИАТ-ийн ахмад ажилтан өргөдөлдөө Зам тээврийн сайдыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн хэмээн үзсэнээ тов тодорхой тоочсон байна. Тодруулбал,

-Зам тээврийн сайд М.Зоригт нь 2015 онд Иргэний нисэхийн ерөнхий газар болон МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар хотын банкны данс дахь төгрөгийг өөрийн хувьцаа эзэмшиж буй Голомт банкны дансанд шилжүүлэхийг өөрөө болон бусдаар дамжуулж, тулган шаардаж шилжүүлсэн.

-Монгол Турк хоёр улсын Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга нарын 2012 онд байгуулсан “Агаарын харилцааны хэлэлцээр”-ийг зөрчиж, МИАТ ХК-ийн эрх ашгийг үл ойшоон Турк Эйрлайнс команийн эрх ашгийг хангасан заалтыг хүлээн зөвшөөрөх, улмаар гэрээ байгуулахыг тулган шаардсан зэрэг нь далайд гарцгүй манай орны хувьд Агаарын тээврийн салбар нь стратегийн чухал ач холбогдолтой тул Үндэсний эрх ашгийг үл ойшоон албаны эрх мэдлээ хэтрүүлж буй үйлдлийг шалган тогтоож өгөхийг хүсье гэжээ.

Түүнчлэн тэрбээр өргөдлийн хамт ТӨХ-ны 2015 оны аравдугаар сарын 13-ны өдрийн хурлын протокол тэмдэглэл, бичлэгийг хавсаргасан байна. Тэрхүү ТӨХ-ны хурал дээр М.Зоригт сайдыг эрх мэдлээ урвуулж буй тухай анх мэдээлснээсээ хойш яг долоо хоногийн дараа Г.Жаргалсайхан МИАТ-ийн гүйцэтгэх захирлын ажлаасаа чөлөөлөгдөж, тэтгэвэртээ гарсан юм. “Нохой өдвөл хормойгүй, ноёнтой заргалдвал толгойгүй” гэгчийн тод томруун жишээ энэ гэж харах хүмүүс байна. Хэдий Г.Жаргалсайхан 63 нас хүрч тэтгэвэртээ суух болсон хэдий ч ТӨХ-ны хурлын дараа долоо хоноод л ажлаа өгсөн нь анхаарал татаж байна. Харин өөрийнх нь тодотгосноор, эгэл иргэн Г.Жаргалсайхан сайдыг АТГ-д шалгуулах болсон шалтгаан нь ажлаас халагдсантай нь холбоотой эсэх талаар ярихыг хүсэхгүй байна. “АТГ-д хандсан нь үнэн, үнэн мөнийг тогтооно гэдэгт итгэж байна” гэдгээс өөр үг тэрбээр унагасангүй.  Харин алба ажлаа хүлээлгэж өгснийхөө маргааш Г.Жаргалсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “Зам тээврийн сайд М.Зоригт МИАТ-ийг дампууруулах бодлоготой байдаг юм билээ. Манай залуучуудтай уулзахдаа ч хэлсэн байдаг. Намайг худлаа хэллээ гэхгүй байх. Яамны шуурхай хурал дээр ч хэлж байсан. “МИАТ-ийг дампууруулж шинээр байгуулъя” гэдэг. Миний хувьд үүнд дургүй байгаа” гэж тов тодорхой хэлжээ.

МИАТ-ийг дампууруулах нь М.Зоригтод ямар ашигтай вэ, “Turkish Airlines”-д тал зассан М.Зоригт сайдын шийдвэрийн цаана ямар нэгэн эрх ашиг үйлчлээд байна уу гэсэн хардлага ч байна.  

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна