Улс төрийн намуудад шаардлага хүргүүллээ

2016 оны 1 сарын 12

“Ардчилсан хувьсгалыг анхлагчдын зөвлөл” ТББ-ын гишүүд “Зууны мэдээ” төвд мэдээлэл хийлээ.

Тэдний мэдээлэл хийх болсон шалтгаан нь Улс төрийн намуудын үйл ажиллагаа, бодлого сул байгаатай холбоотой гэлээ. Тиймээс нийт улс төрийн намуудад гурван шаардлага хүргүүлж байгаа юм байна. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүдэд хандаж, Улс төрийн намын тухай хуулийг Үндсэн хуулийн агуулга үзэл санаанд нийцүүлэн, ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэх, шударга ёсыг тогтоох, хариуцлагын тогтолцоог бий болгох, хувь хүмүүсийн ашиг сонирхлоос ангид, төрийн сан, намын гишүүдийн татвараар санхүүждэг агуулга үзэл санааг тусган нэн даруй батлан гаргахыг уриалж байна. Хоёрдугаарт, намын дарга нарт хандан, одоо бүртгэлтэй байгаа намуудыг 2016 оны нэгдүгээр улиралд багтаан Их хурлаа хийж Монгол түмний туйлын хүслэн эрхэм зорилтыг хэрэгжүүлэх бодлогын хүрээнд өөрчлөгдөн шинэчлэгдэхийг шаардаж байна. Гуравдугаарт, намын гишүүдэд хандаж, Намаа бүх шатанд шинэчлэн өөрчлөх үйл ажиллагаанд идэвхийлэн оролцож, улс төрийн намаа мөнгөтэй хүнд үйлчилдэг эрх мэдлийн гишгүүр биш. Монгол түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө зүтгэдэг, дотоод ардчилалтай, улс төрийн байгууллага болгож, өнөөдөр болон ирээдүйдээ нүд чичлүүлэхгүй байж, хорин таван жилд олсноо бататгаж, алдаагаа засч, түмэн олныхоо сэтгэлд хүрч, итгэл хүлээх нам болгохыг уриалж байна.

Дээрх гурван шаардлагыг улс төрийн намуудад хүргүүлж байгаа юм байна. Хэрэв тэдний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтарч шахан зайлуулах арга хэмжээ авна гэж анхааруулж байгаагаа мэдэгдлээ. 

Үндсэн хуулийг анх нэг намын дарангуйллыг багасгах зорилгоор санаачилсан. Гэтэл улс төрийн намууд одоо хүртэл төлөвшиж чадахгүй байна. Өнөөдрийг хүртэл дарангуйлал байсаар байна. Сүүлдээ намууд ҮХ-руу буруугаа чихдэг байдал ажиглагдаад байна. Тиймээс намууд Үндсэн хуулиа гоочлохын оронд  төлөвших, дотоод ардчиллаа сайжруулах хэрэгтэй. Хэрэв өөрчлөгдөхгүй бол шахан зайлуулах арга хэмжээ авна гэж тус ТББ-ын Тэргүүн Д.Хархүү хэллээ.

Үндсэн хуульд Засгийн бүх эрх мэдэл ард түмэнд байна гэж заасан  байдаг.  Ард түмэн энэ эрхээ шууд буюу төлөөлөн байгуулсан байгууллагаараа дамжуулан эдэлдэг. Гэтэл сонгуульд санал өгч гаргаж ирсэн төлөөлөгчөөрөө дамжуулан ард иргэд Засгийн эрх барьж байна гэж УИХ-ын гишүүд ойлгуулдаг. Яг үнэндээ бол сонгосон гишүүнээ эргүүлэн татах эрхтэй, тэдэнд хандаж шаардлага тавьж байх ёстой гэж тус ТББ-ын гишүүн Б.Өлзийсайхан хэллээ.

Т.ДАВААНЯМ 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна