Нийслэл томоохон төсөл, хөтөлбөр, тендерүүдээ хувийн хэвшлийнхэнд танилцуулна

Хуучирсан мэдээ: 2016.01.12-нд нийтлэгдсэн

Нийслэл томоохон төсөл, хөтөлбөр, тендерүүдээ хувийн хэвшлийнхэнд танилцуулна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар худалдан авалт – 2016” бизнес чуулга уулзалтыг энэ сарын 20-нд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхий захирал О.Амартүвшин нар мэдээлэл өглөө.

Тус чуулга уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх зорилготой юм. “Улаанбаатар худалдан авалт – 2016” бизнес чуулга уулзалтаар Улаанбаатар хотод хэргэжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж , дэлгэрэнгүй нээлттэй мэдээлэл өгөх ба тус хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох боломжтой талаар харилцан санал солилцоно. Мөн төр хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахад нийслэлээс баримталж буй худалдан авалтын бодлого, горим, төлөвлөгөөг танилцуулах юм.

Нэгдсэн хуралдаанаар Улаанбаатар хот хөрөнгө оруулалт – 2016, Ногоон худалдан авалт ба санхүүжилт, Төр хувийн хэвшлийн түншлэл, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр зэрэг илтгэлүүдийг тавина. Харин Төсвийн хөрөнгө оруулалт, Ногоон хөгжил ба олон улсын санхүүжилт, Хувийн хэвшлийн санаачилга ба концесс гэсэн гурван бүлэг сэдвээр салбар хуралдаан зохион байгуулна.

Чуулга уулзалтад Улсын Их хурал, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, Улаанбаатар хотын Худалдааны танхимын гишүүд, Олон улсын байгууллагын төлөөлөгч, Үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид оролцоно.  

Тус чуулга уулзалт энэ сарын 20-нд Шангри-Ла зочид буудалд болох бөгөөд оролцох хүсэлтэй нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид www.ubchamber.mn цахим хуудас болон 77003883 утсанд хандаж, бүртгүүлэх боломжтой.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж