Н.Ганбямба: Үндсэн хуулийн хүнээ дээдэлсэн агуулгыг илүү баяжуулах нь чухал

2016 оны 1 сарын 12

Улсын Бага Хурлын гишүүн асан, Эдийн засгийн ухааны доктор, профессор Н.Ганбямбатай ярилцлаа.

-Ардчилсан шинэ Үндсэн хуулийг түүхэн үүргээ гүйцэтгэсэн учир нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нь болсон гэж үздэг. Таны хувьд ямар бодолтой байдаг вэ?

-Ардчилсан шинэ Үндсэн үндсэн хууль батлагдаж, Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн. Энэ түүхэн шийдвэр 24 жилийн өмнө гарч ардчилал, зах зээлийн харилцааг төлөвшүүлэхэд Үндсэн хууль гол эрх зүйн акт байлаа. Үндсэн хуулийн гол заалтуудыг тодруулж гаргадаг органик хуулиуд ч нэлээд гарсан. Энэ хуультайгаа нийцүүлсэн хууль эрх зүйн шинэчлэлт хийсэн. Одоо бол сонгуулиас өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй нь ойлгомжтой боллоо. Тэгэхдээ өөрчлөх шаардлага бий. Өөрчлөгдөхгүйгээр үйлчилсээр байх хууль гэж үгүй. Концепци буюу үзэл баримтлалаас нь эхлээд үзэх юм бол монгол хүнээ эрхэмлэсэн агуулгаар баяжуулбал илүү сайжрах болов уу. Үндсэн хууль хэлэлцэж байх явцад ч гэсэн энэ байр сууриа миний хувьд илэрхийлж байсан. Ерөнхий хэлэлцүүлгийн үед хэлж байсан үгийг маань нэг судлаач залуу надад саяхан үзүүллээ. Монгол Улсын төрт ёсны түүхэн уламжлал маань хаант засагтай явж ирсэн. Цаашдаа хаангүй байх нь ойлгомжтой болохоор хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглал байх уу гэдэг маргаан Үндсэн хууль батлах үеийн хэлэлцүүлэгт гарч байсан шигээ одоо ч яригдсаар байна. 

-Одоо ч гэсэн энэ маргаан гарсаар байгаа ч хагалж чадсангүй дахиад хэсэг хугацаа өнгөрөх нь

-Тийм. Одоо ч маргасаар асуудал намдахгүй байгаа. Нүүдлийн соёл иргэншлийн философит үндэслэн төрийн удирдлагын хэлбэрээ сонгоё гэдэг санал тухайн үед гаргасан юм. Гадаадын хууль хуулбарлах, дуурайх юм бол манай хөрсөнд буухгүй гэдгээ ч хэлсэн. Юуны өмнө үзэл баримтлалд өөрчлөлт оруулах юм бол хүнээ дээдэлсэн агуулгаа баяжуулж өгвөл Үндсэн хууль сайжирах төлөв харагдаж байгаа. Германы Бундестагт “Германы төр герман хүний төлөө” гэсэн уриа байдаг. Тэгвэл Монголын төр монгол хүнийхээ төлөө байх агуулгаар баяжуулах ёстой. Үндсэн хууль судлаачдын хувьд төрийн байгууламж талаас нь илүүтэй хуульчилж тусгаад хүний эрхийг дээдэлсэн хэсэг нь бага байна гэж ч шүүмжилдэг. 

-Эрх мэдлийн хуваарилалтын хувьд маргаантай зүйлүүд бас бий. Парламентын засаглалтай ч юм шиг, Ерөнхийлөгчийн ч юм шиг, холимог хэлбэртэй харагддаг гэж судлаачид тайлбарлах боллоо?

-Ард түмнээс сонгодог Ерөнхийлөгч, ард түмнээс сонгодог парламенттай. Тэгсэн мөртлөө аль нь хариуцлага хүлээх юм бэ гэдэг асуудал шүүмжлэл дагуулсаар л яваа. Анх батлахад депутатуудын дунд сэтгэл дундуур үлдсэн хүмүүс байсан. Хариуцлагаа бид хаячихлаа гэж. Парламентын засаглалын хувьд хоёр танхимын асуудал маш их хөндөгдсөн. Одоо ч гэсэн Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооныхон хоёр танхимтай парламент Монголын хөрсөнд илүү бууна гэж үздэг. Сум сумаас сонгогдсон Ардын их хурлын депутатууд Үндсэн хуулиа батлаад, Ерөнхий сайдаа томилдог. Байнгын ажиллагаатай парламент буюу Улсын бага хурал хуулиудаа баталдаг, бусад сайд нарыг томилдог, өдөр тутмын ажлаа хийдэг байсан. Энэ хэлбэрийг авч үлдээд сум бүрээс биш юмаа гэхэд аймаг бүрээс ард түмний төлөөлөл болсон тодорхой тооны төлөөлөгчидтэй АИХ шиг байнгын бус ажиллагаатай байж болно. Төсөв мөнгө хэлэлцдэг гол томилгоог хийдэг дээд танхимтай. Байнгын ажиллагаатай хууль тогтоох мэргэжлийн парламент нь доод танхим байх ёстой. Эрх мэдлийн хуваарилалтыг нь зөв хийчихвэл хууль баталдаг мэргэжлийн парламент руу бизнесийн бүлэглэл, олигархиуд зүтгээд байхгүй болно. Улсын бага хурал бол мэргэшсэн парламентын үндсийг тавьсан. Улсаа яаж хөгжүүлэх талаар л маргадаг мэргэшсэн, цэвэр парламент байсныг нь Ерөнхийлөгч Элбэгдорж парламентын ойн хурал дээр онцолсон. Тэнд өөр ямар ч бизнесийн бүлэглэлийн эрх ашиг гэж байгаагүй. Ямартай л нэг гишүүнийг саван зарсан гээд Улсын бага хурлын гишүүнээс нь хасаж байхав. 

-Хариуцлага тооцож чаддаг байжээ дээ

-Тийм ээ. Улсын эрх ашгийн төлөө явах ёстой хүн хувийн бизнес­тээ анхаарлаа гэж үзэж байсан юм. Тэр үеийн дээд доод парламенттай байсныг өөр утга агуулгаар нь баяжуулаад өөрчлөлт Үндсэн хуульд хийх хэрэгтэй. Нутгийн удирдлага гэсэн бүлэгт Үндсэн хуульдаа төрийн төлөөлөл, өөрөө удирдах ёсны төлөөллийг зэрэгцүүлсэн хэлбэрийг хийсэн. Одоо ч гэсэн үүнийг ойлгодоггүй дарга нар тааралддаг л юм. Улсын чанартай асуудал шийддэг төрийн төлөөлөл буюу аймгийн Засаг дарга, орон нутгийн чанартай асуудал шийддэг ИТХ тогтолцоог бий болгосон. Өөрөөр хэлбэл, өөрөө удирдах ёсны асуудлыг шинэ хэлбэрээр гаргаж ирсэн юм. Орон нутгийн өмчийн хэлбэрийг тусад нь салгаж өгсөн. Засаг даргын тамгын газрын байшин нь орон нутгийн өмч байх жишээтэй. Энэ бүх өөрчлөлтийг тухайн үед хийж өгсөн. Нутгийн удирдлагатай холбоотой өмчийн хэлбэрийг өөрчилж байсан юм. Мөн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага намын харьяалалгүй, ард түмнээсээ сонгогддог байх талаар тэр үед ч мөн яригдаж байлаа. Одоо ч ярьсаар л байна. Цаашдаа ч ярьсаар байх нь. Энэ бол хийх шаардлагатай нэг өөрчлөлт.

-Тухайн үедээ яригдаад дэм­жигдээгүй асуудал цөөнгүй төдий­гүй дахин дахин хөндөгдсөөр л байх нь. Сүүлд өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд орон нутгийг улстөржилтөөс салгах гээд Засаг даргыг намаас нэр дэвшүүлэхгүй гэж тусгасан байсан шүү дээ

-Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг улстөржүүлээд хэрэггүй юм. Айхтар улстөржилт бүр гэр оронд хүртэл байдаг болчихлоо. Тэр үед яригдаж байсан асуудал одоо ч гэсэн хөндөгдөөд өөрчлөлтийн төсөлд туссан байсан. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүний 30 эрх бий. Үүнээс 17-г нь бид Үндсэн хуульдаа тусгасан. Одоо бол эдийн засгийн эрх, нийгмийн эрх зэргийг илүү баяжуулах шаардлага байна. Үндсэн хуулийг нээгээд харахад л төрийн захиргааны хэсгийг томоор тусгасан байдаг. Хүнээ эрхэмлэсэн үзэл баримтлалыг нь баяжуулах юм бол жинхэнэ утгаараа Үндсэн хуулийн хэлбэрт очно. Одоо бол суурь хуулийн хэмжээнд манай Үндсэн хууль байгаа юм. Энэ талаар судлаачид их ярьдаг. Манайхаас өөр оронд философичид Үндсэн хуулийг хийдэг гэхээр зарим нь итгэхгүй байх. Философичид бодлогын суурь хэсгийг гаргаад хуулийн хэлбэрт хуульчид оруулах ёстой юм. Энэ талаар Бат-Үүл нэг хэсэг их ярьж байсан. Ер нь, сонгуулийн системийг боловсронгуй болгох нь Үндсэн хуулиа баяжуулах эх үүсвэр болно гэж хувьдаа боддог. 

-Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийг зөв буруу гэж маргалддаг. Таны бодлоор ийм өөрчлөлт хийсэн нь зөв юм уу

-Ер нь, “дордуулсан долоон” өөрчлөлтийг эхлээд хүчингүй болгох шаардлагатай. Чимид багш маань долоон өөрчлөлтийг эсэргүүцдэг байсан. “Давхар дээл” бол Үндсэн хуулийн концепци биш шүү дээ. Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглалыг тусад нь бие даасан байдалтай байлгахыг хичээж байхад “давхар дээл”-ийг оруулаад концепцийг нь эвдээд орхичихлоо гэж дургүйцсэн. Тэгэхээр “давхар дээл”-ийг байхгүй болгож, анх батлагдсан хэлбэрт нь аваачих л ёстой. 

-Ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглал хоёр зэрэгцээд хосолмол засаглалын хэлбэртэй боллоо гэж үздэг судлаачид бий. Тэд аль нэгийг нь сонгох шаардлагатай гэж тайлбарладаг. Таныхаар цаашдаа аль засаглалыг манай улс сонгох нь зөв зүйтэй  юм бол?

-Ерөнхий сайдад хэтэрхий их эрх мэдэл өгөхөөр “хаан” шиг болгочих гээд байгаа юм. Намын дарга нар шийдвэрлэх үүрэгтэй болчихоос болгоомжлох нь зүйтэй. Жишээ нь, Германы Канцлер “хаан” шиг л эрх мэдэлтэй. Дөнгөж эрх баригч намын дарга, канцлер болоод намынхаа лидерүүдийг авч хаяж байгаа нь “хаан” шиг гэж л яригдаж байсан. Сонгодог парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу гэдэг нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн цөм нь. 1924 он хүртэл манай улс хаант засаглалтай явж ирсэн. Түүнээс хойш ард түмнээс төрийн түшээдээ сонгох байдлаар явж ирлээ. Тэгэхээр түүхэн уламжлал маань хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалыг үгүйлээд байгаа юм биш байгаа даа. Ардчилсан нийгмийг авч явдаг төрийн удирдлагын олон хэлбэр байна. Ардчиллын сонгодог жишээ болгодог Америкт гэхэд Ерөнхийлөгчийн засаглалтай. Хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалтай байвал хариуцлага тооцох нь илүү тодорхой болох юм. Анх Үндсэн хууль баталж байхдаа ч энэ санаагаа хэлж байлаа. Гэхдээ дөнгөж үр нь соёолж байгаа ардчиллаа хамгаалахын тулд олон намаас бүрдсэн парламентын засаглалаар нэг хэсэгтээ явах нь дээр гэдгээ илэрхийлж байсан. Сонгодог парламентын засаглалтай болбол Ерөнхийлөгч нь хүчгүй ард түмнээс сонгодоггүй хэлбэрээр явдаг. Тэгэхээр ард түмнээсээ сонгогддог хүчтэй Ерөнхийлөгчийн засаглал нь илүү болов уу гэж бодож байна.

Л.НОМИН

ЭХ СУРВАЛЖ: “АРДЧИЛАЛ” СОНИН”

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна