Хулгай, залилан, хүчирхийлэл өсчээ

Хуучирсан мэдээ: 2016.01.12-нд нийтлэгдсэн

Хулгай, залилан, хүчирхийлэл өсчээ

Цагдаагийн ерөнхий газраас 2015 оны гэмт хэрэг, захиргааны зөрчлийн нөхцөл байдлын тухай мэдээллээ. Цагдаагийн байгууллагад өнгөрсөн онд нийт 27 мянга 757 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ тоог өмнөх онтой харьцуулахад гэмт хэрэг 1.6 хувиар өссөн байна. Эдгээр гэмт хэргийн 64.7 хувь нь хотод, 35.2 хувь нь орон нутагт гарчээ. Нийслэлд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өссөн бол орон нутагт гэмт хэргийн гаралт 1.3 хувиар буурсан судалгааг ЦЕГ-ын Мэдээлэл, технологийн төвөөс гаргасан байна. Нийслэлд үйлдэгдсэн хэргийг дүүргүүдээр харьцуулахад хүн ам олноор суурьшсан Баянзүрх дүүрэгт нийт гэмт хэргийн 23 хувь буюу хамгийн олон 4272 гэмт хэрэг бүртгэгджээ. Орон нутагт Ховд аймагт гэмт хэрэг өссөн бол эсрэгээрээ Завхан аймагт гэмт хэргийн гаралт буурсан байх юм.

Гэмт хэргийг үйлдсэн газраар авч үзвэл гэр орон сууц, нийтийн тээвэрт үйлдэгдсэн гэмт хэрэг 3.6-16 хувиар өсчээ. Харин ангиллаар нь ялгахад хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг өссөн бол хүнд, онц хүнд гэмт хэрэг 5.8 хувиар буурсан байна. Нийт гэмт хэргийн 33.3 хувь буюу хамгийн өндөр үзүүлэлттэй нь хулгайн гэмт хэрэг болжээ. Ингэснээр хулгайн болон залилангийн гэмт хэрэг 8.8-12.2 хувиар өссөн бол бусад төрлийн гэмт хэрэг буурчээ. Харин гэр бүлийн хүчирхийлэл 3.8-26 хувиар нэмэгджээ.

Долоо хоногийн Даваа, Мягмар, Лхагва гарагт нийт гэмт хэргийн 47 хувь нь үйлдэгджээ. Өрөөр хэлбэл тус өдрүүдэд гэмт хэрэг ихээр гардаг гэж цагдаагийн байгууллага судалсан байна. Хувь хүний төлөвшил ёс суртахуун, согтууруулах ундааны зүй бус хэрэглээ нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсныг цагдаагийнхан тодотголоо. Энэ нь гэмт хэргийн шалтгааныг нийгэм, эдийн засгийн хүчин зүйлтэй холбохоос гадна хувь хүнтэй холбож тайлбарлаж байгаа юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж