Монгол Антарктидад бааз байгуулна

2016 оны 1 сарын 12

Монгол Улс өнгөрсөн оны гуравдугаар сард олон улсын Антарктидын гэрээнд нэгдэн орсон. Дараа нь Усны ассоциацийн тэргүүн, техникийн ухааны доктор, судлаач Д.Батмөнх олон улсын судалгааны багт ажиллажээ. Ингэхдээ доктор Д.Батмөнх Антарктид тивийн Ливингстоны арал дээр Монгол Улсын бааз байгуулах газрын судалгааг нарийвчлан тогтоох судалгааг Болгарын судлаач эрдэмтэй хамтран хийжээ. Харин өнөөдөр Д.Батмөнх судлаач Монгол Улс Антарктид тивд бааз байгуулах,  эхний ээлжид шаардагдах 250 мянган ам.долларын хөрөнгийг улсын төсвөөс гаргах саналыг Засгийн газарт тавихаар болсноо мэдэгдлээ. Хэрэв төрөөс Антарктид тивд бааз байгуулах хөрөнгийг шийдвэл, Монгол Улс Шинжлэх ухааны маш том судлагдахуунтай болно. Мөн хүн төрөлхтний ирээдүйн хэрэгцээний усны болон байгалийн баялгийн нөөцийн тухай олон асуудлыг тогтоох боломж бүрдэх юм байна.

Одоогоор олон улсын Антарктидын гэрээнд нэгдэн  орж, тус тивийн арлуудад бааз байгуулах гэж буй 20 гаруй гадаадын орон байгаа юм. Харин баазаа байгуулсан 10 улс байна. Жишээлбэл Испани улс тус тивийн аралд нэг сая ам.доллар зарцуулж, өөрийн улсын баазаа байгуулжээ. Ингэснээр тус улс Антарктид тивийн нүүрс, алтайн хүдэр зэрэг байгалийн баялгийг хэзээ нэгэн цагт дэлхийн улс ашигладаг болбол хувь хүртэх эрхтэй болсон байна.

Антарктид тивд Монгол Улсыг төлөөлж ажилласан эрдэмтэд эхний ээлжид улсынхаа бааз байгуулах газрын хилийн заагийг тогтоож, газрын өндөр нам, байрлалын зураг, эргэн тойрны бүх талын видео зураглалыг хийгээд иржээ. Эрдэмтэд тус тивийг зорьж, буцахад нийт 55 мянган километрийг 40 хоногийн хугацаанд туулсан байна. Антарктид судлалд анх 1972 онд Монголын судлаач Ж.Цэрэндэлэг оролцож байсан түүхтэй.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна