О.Баасанхүү УЕПГ-т иргэдийн санал, хүсэлтийг хүлээлгэн өгөв

Хуучирсан мэдээ: 2016.01.12-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү УЕПГ-т иргэдийн санал, хүсэлтийг хүлээлгэн өгөв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр /2016.01.12/ Улсын Ерөнхий Прокурорын газарт очиж иргэдээс тус байнгын хороонд ирүүлсэн зарим өргөдөлтэй холбоотой санал, хүсэлтийг хүлээлгэн өгөв. 

Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү хэлэхдээ “2015 оны хугацаанд манай байнгын хороонд 60 мянга орчим өргөдөл ирсэн. Иргэдээс ирүүлсэн хувийн шинжтэй өргөдөл дунд хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт багагүй хувийг эзэлдэг. Өнөөдөр гурван өргөдөлтэй холбоотой саналыг Улсын Ерөнхий Прокурорын газарт хүлээлгэн өгч байна. 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн иргэн н.Бат-Эрдэнийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатай холбоотой гомдол, үүнтэй холбоотой баримт бичгийг хүлээлгэн өгч байна” гэв. Түүнчлэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон Бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах, биологич Т.Лхагвасүмбэрэлийн амь насаа алдсан хэргийг шалгах ажилд Улсын Ерөнхий Прокурорын газраас чиглэл өгч өргөтгөсөн ажлын хэсэг байгуулах хүсэлтийг хүлээлгэн өгөв. Мөн иргэн Л.Жавзмаа, Байгалмаа нар сэжигтнээр хоригдож байгаа хүүхдүүдтэй нь уулзуулахгүй байгаа талаарх өргөдөл гаргасан. Үүнийг холбогдох хууль, олон улсын конвенцийн хүрээнд шийдэж, сэжигтнээр хоригдож буй дээрх хүмүүсийг ар гэрийнхэнтэй нь уулзах бололцоог хангаж өгөх хүсэлтийг хүргүүлсэн юм. 

Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн  дарга Е.Сагсай эдгээр санал, хүсэлтийг хүлээн авлаа. Тэрээр “Бид Өргөдлийн байнгын хорооноос ирүүлсэн эдгээр асуудлыг хуулийн хүрээнд шийдэхэд анхаарч ажиллана. Биологич Т.Лхагвасүмбэрэлтэй холбоотойгоор Өмнөговь, Хөвсгөл аймагт шалгаж буй хэргүүдийг Улсын Ерөнхий Прокурорын газар хянаж үзээд, нэгтгэн Улсын Мөрдөн Байцаах газарт шилжүүлсэн, Ажлын хэсэг ажиллаж байна. Энэ хэрэг Улсын Ерөнхий Прокурорын газрын байнгын хяналтад байгаа. Мөн бусад санал, хүсэлтийг хуулийн хүрээнд, холбогдох баримт, материалд үндэслэн шийдвэрлэх болно" гэв. Төгсгөлд нь тэрээр, Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос ирүүлсэн эдгээр санал, хүсэлтүүдийг шийдвэрлэсэн талаарх тайлан, мэдээллээ албан ёсоор хүргүүлэхээ мэдэгдлээ.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж