Каталон мухардалд оров

2016 оны 1 сарын 13

 

Испанийн нэгэн автономит муж Каталоны эрх баригчид салан тусгаар улс болох зорилгоосоо ухрахгүй нь тодорхой боллоо. Хэдэн сар үргэлжилсэн хэлэлцээрт сонгууль болохоос ердөө хэдхэн цагийн өмнө талууд гарын үсэг зурсан билээ. Ингээд өнгөрсөн ням гаригт мужийн захирагч Карлес Пучдемонт парламентын дэмжлэгийг авч чадсан юм. Түүний зорилго бол Европын холбоонд элсэх тусгаар тогтносон шинэ улс болох юм. Гэвч энэ тийм амар зүйл биш.

 

Каталоны захирагч Карлес Пучдемонт бол Испанийн хойд хэсгийн энэхүү байгалийн үзэсгэлэнт тогтоцтой , баян мужийг сүүлийн дөч гаруй жил удирдсан Каталоны тусгаар тогтголын төлөө тууштай үзэл баримтлалтай “Ардчилсан нэгдэл” намын гишүүн бөгөөд Гирона хотын даргаар ажиллаж байв. Каталоны өмнөх захирагч Артур Мас мужийн тусгаар улс болох зорилгод олон жил уясан гэдэг шүүмжлэлд өртсөнөөс түүний намын гишүүн Карлес Пучдемонт захирагчаар сонгогдсон юм. Харин Артур Масыг огцорсны дараа тусгаар тогтнолыг дэмжигч Каталончууд засгийн газраа байгуулсан.

 

Каталоны засгийн газарт либерал, бизнесмен, зүүний үзэлтэн, бас социал демократ багтсаныг хачин цуглуулга гэх хүн ч байгаа юм.

 

Гэвч тэднийг ингэж нэгтгэсэн шалтгаан нь ганц Каталоны тусгаар тогтнол бөгөөд 18 н хугацаанд тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах билээ.

 

Каталоны засгийн газарт тулгараад буй том сорилт нь эхлээд тусгаар тогтносон Каталоны төрийн байгууллагуудыг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг дээр зөвшилцөх юм.

 

Каталоны хувьд нэн тэргүүний бас аминд тулсан зүйл бол Испани улс бол хуваагдашгүй бөгөөд нутаг дэвсгэрийн халдашгүй дархан байдлын батлан даагч нь зэвсэгт хүчин байна гэж заасан Үндсэн хууль билээ. Өөрөөр хэлбэл энэ нь Каталон тусгаар тогтнолоо зарлан тунхаглавал, Испанийн засгийн газар Барселоны төв рүү танк илгээж магадгүй гэсэн үг юм.

 

Нөхцөл байдал иймдээ тулж очих эсэхийг одоогоор хэн ч хэлж мэдэхгүй. Харин тусгаар тогтнохыг эрмэлзэж буй Каталончууд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлвэл Испанийн Үндсэн хуулийн цэц асуудлыг хэлэлцэхээр тэдэнтэй ширээний ард суух нь гарцаагүй. Харин тэр үед Испанийн төв засгийн газар шаардлагатай гэж үзвэл Каталоны түр засгийн газрыг огцруулж ч чадна.

 

Каталончуудын найдвар бол Испаниас бие даах зорилгодоо тууштай байж чадвал олонхийн хүчтэй дэмжлэг авч, Каталон бол Испани биш гэдгийг батлан харуулах билээ. Үүний улмаас Каталоны эрх баригчдыг улс төрийн хавчлагад өртөх, шүүхэд дуудагдах, бүр төрийн албанд ажиллах эрхгүй болох эрсдэлүүд хүлээж байгаа.

 

Хэрвээ Испанийн ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Мариано Рахой Каталон мужийн захирагч Пучдемонттой бүх нийтийн санал асуулга явуулах асуудлаар тохиролцож чадвал энэ бүх эрсдэлээс зайлсхийж чадна. Гэвч Испанийн ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Мариано Рахой энэ асуудлыг авч үзэхээс дөрвөн жил татгалзаж байгаа билээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20-нд болсон парламентын сонгуулиар нам нь парламент дахь суудлынхаа гуравны хоёрыг алдсанаас Рахой одоо түр засгийн газрыг тэргүүлэх болсон юм. Бослого дэгдээж парламентын суудлын гуравны нэг хувьд ялалт байгуулсан сөрөг хүчинтэй парламент эвслийн засгийн газар байгуулах эсэх нь эргэлзээтэй болсон билээ. Испанид ирэх тавдугаар сард парламентын нөхөн сонгууль явуулахаар яригдаж байгаа ч энэ хугацаанд Рахой Каталонд бүх нийтийн санал асуулга явуулахын эсрэг хатуу байр сууриа хадгалах нь тодорхой юм.

 

Гэвч Каталонд бүх нийтийн санал асуулга явууллаа гэхэд иргэдийн хэдэн хувь нь тусгаар улс болохыг дэвжих бол гэдэг нь нээлттэй асуулт хэвээр үлдэж байгаа юм.

 

Н.ЭНХ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна