Одонгийн төлөөх утгагүй өрсөлдөөн отголно

2016 оны 1 сарын 13

Монголчууд их шагналсаг улс. Энгэр дээрээ гялтайх тэмдэг зүүчихвэл хүн болж төрсний хэрэг бүтсэн мэт сэтгэх. Монголд байгаа хамгийн хүчтэй өрсөлдөөнийг “одонгийн төлөөх” гээд хэлчихвэл нэг их буруудахгүй л болов уу.

Уг нь шагналд хорхойсон тэмүүлнэ гэдэг монгол хүний уугуул зан биш л дээ. Дээр үед шагналын үнэ цэн өндөр байжээ. Нутаг нугад нь төрийн одонтой ганц нэг хүн байвал түүнийг “Одонт тэр гуай” хэмээн авгайлдаг. Цэрэг цуухад явсан хүүхэд нь онц буудагчийн тэмдэгтэй халагдаж ирвэл тэр хавийнхан цугларч тэмдэгнээс нь адис хүртэх шахдаг байж. Гэхдээ одон, тэмдгийг нь айраг цагаагаар мялаана уу гэхээс биш архитай хундаганд “живүүлж” угаадаг заншил байсангүй. Дээхнэ үеийн мундаг жүжигчид дотроос СТА цол хүртсэнээ “Оройн дээд шагнал минь” хэмээн шүтэж яваа олон хүн бий. Үнэнхүү зүтгэлээрээ авсан шагнал хүнд хэзээ ч багадаж чамлагддаггүй юм.

Шагналын донтой болсон нь Манжийн үед хурган ноёд отго жинсэнд хууртан, албат иргэдийнхээ мал хуй, хамаг байдгаар дэнчин тавин байж тогосны өдөн отго, шилэн жинсний төлөө улайрч байсны үлдэгдэл юм болов уу. За тэгээд социализмын үед баахан одон, тэмдэгтэй болж, зөвлөлт нөхдөө дуурайн шилэн аягатай архинд хийн “угаах” гэх ёслолтой болов. Мялаах гэдгийг л угаах гэж хэлж заншжээ дээ, янз нь. Тэрнээс биш төрөөс нэг их “ариун бус” эд өгчихсөндөө ч биш л дээ. Ингэж явсаар 2000-аад оноос, 2,3 дахь Ерөнхийлөгчийн үеэс төрийн одон, медалийг зүгээр л сонгуулийн сурталчилгааны “алчуур” болгоод баруун солгойгүй тарааж эхэлсэн нь шагналын үнэ цэнийг шалд нь буулгасан гэж хэлж болно. Үр дүнд нь улс даяараа одонгийн төлөөх утгагүй өрсөлдөөнд умбав. Байгууллага болгон өөрийн шагналтай болж, одон медаль хүртэл бий болгож, Их эзэн Чингис хааныхаа нэрээр нэрлэх болтлоо хавтгайрлаа. Ямар сайндаа л чулуу аваад шидэхэд нэг СТА өртдөг гэх үг гарах вэ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан өрөөдийн утас руу залгасан нөхдийн 40 хувь нь шагнал ярьдаг гэхэд хэтрүүлэг болохгүй. Бас 11-11 төвийн уулзалтын өрөөгөөр өдөрт үйлчлүүлэгсдийн талаас илүү нь мөнөөх сэдвээр л ярина. “Нэг тийм хүн маань их гавьяатай хүн байгаа юм. Хүнд өвчтэй, удахгүй таалал төгсөх нь. Амьд дээр нь нэг одон авахуулчихвал болох гээд байна”, “Тэр надад их тусалсан хүн, одонд тодорхойлуулж ачийг нь хариулах юмсан”, “Аавдаа, ээждээ, нөхөртөө, ахдаа, дүүдээ, багшдаа нэг одон л” гэсэн яриа үл тасарна. Зарим нь байчихаад “За би их юм хийсэн хүн. Нэг одон зүүчихвэл ч. Түүнийг л хөөцөлдөөд өгөөч” гэнэ. Утасны цаанаас өдөржин сонсох үгсийн дийлэнх нь шагнал, шагнал, бас дахин шагнал...

Автобусанд хоёр нөхөр ярьж байна.

-За би ч олон жил хороо хорины ажилд гүйлээ. Энгэрт зүүх юм л байхгүй. Чи яасан хө?

-Би нэг Алтангадастай болсон доо.

-Их эр ээ. Сүйхээтэй байна шүү, чи хө. Яаж явж тодорхойлуулав?

-Дүүргээр жаалхан гүйсээн хө.

-За би тэгвэл дээгүүр доогуур танил талаар явъя.

Ийм яриа газар сайгүй дуулдах болж. Өнөөдрийн байдлаар гавьяатад тодорхойлогдсон 8000 хүн байгаа гэнэ. Нэг удаагийн шагналаар л гэхэд хэдэн арван гавьяат, Алтангадас одонтон хэдэн зуугаараа төрдөг гэх. Энэ бол бодит тоо.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн шагналын тухай хуулийн төсөл санаачилснаа саяхан сэтгүүлчдэд танилцуулав. Түүгээр төрийн одон, медалийн төрөл зүйл цөөрч, тэр хэрээрээ шагналын үнэ цэн эргэн сэргэх нөхцөл бүрдэхээр болжээ.

Монгол Улсын баатар, Улсын эрдэнэ, Гавьяат зүтгэлтэн цол, Чингис хааны одон, Эрдэнийн очир, Алтангадас одон, Цэргийн гавьяаны одон, Эхийн алдар одон гээд л төрөөс олгох хэргэм цол, одонгийн жагсаалт дуусч байна. Дээр нь Хөдөлмөрийн хүндэт медаль, Цэргийн хүндэт медаль, Шударга журам, Найрамдал медаль гэсэн дөрвөн төрлийн медаль, Шилдэг бүтээлд олгодог Төрийн соёрхол, шилдэг бүтээн байгуулагч хамт олонд хүртээдэг Шилдэг бүтээн байгуулалтын шагнал-гэрэгэ.

Шинэ хууль батлагдвал төр ийм цомхон бөгөөд чанартай шагналтай болно. Хүртээдэг хүнээ ч жинхэнээс нь бүтээл, гавьяаг нь үнэлж цэгнэж байж сонгодог болох нь. Монгол Улсын баатар цолыг 5 жил хүртэлх хугацааны дотор шалгарсан ганц хүнд л хүртээнэ. Хөдөлмөрийн баатар цол үүн дотор орж байгаа. Улс, үндэстнийхээ төлөө амь бие үл хайрлах тохиолдолч гарч болох тул энэ цолыг нэхэн олгож байж болохоор хуулийн төсөлд тусгаад буй.

Улсын эрдэнэ гэдэг эрхэм цол Ардын жүжигчин цолтой дүйж очино. Зөвхөн өөрөө дуулж хуурдаад зогсохгүй ардын биет бус өв дуу хуур, бий биелгээ, ерөөл магтаал, туульсийг хойч үедээ зааж сургаж, үлдээж өвлүүлсэн хүн Улсын эрдэнэ хэмээх эрхэм цолын эзэн болно. Гэхдээ гурван жилд ганц л хүний энгэрийг үүгээр мялаана. Гавьяат зүтгэлтэн цол бүх салбарын гавьяат цолыг орлох гэж байна. Хууль батлагдвал гавьяат тамирчин, гавьяат жүжигчин, гавьяат малчин бүгд энэ нэг цолын дор “хураагдана”. Жилдээ 50 гавьяат төрөх боломжтой, он удаан жил зүтгэж байж энэ цолонд хүрэхээс бус 20 хэдхэн настай “нялх гавьяатууд” мэндлэхгүй. Үнэхээр гавьяатай залууст өөр бусад шагнал хангалттай гэдгийг хууль санаачлагч онцлов. Эрдэнийн очир хэмээх хүндтэй одонгоор өнөөдрийн “улаан туг”-уудыг орлуулж жилдээ 100 орчим хүнд хүртээхээр тусгажээ. Тусгай чиг үүргийн албан хаагчдаас жилдээ 500 орчим нь Цэргийн гавьяаны одонгоор энгэрээ мялаалгах боломжтой үлдэж байна. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүд хуучин журмаараа Алдарт эх одонгоо зүүцгээнэ.

Медалиуд дотроос хүний амь насыг аварсан онцгой гавьяатанд хүртээдэг Шударга журам медалийг нэхэн олгох боломжтойгоор тусгажээ. Хөдөлмөрийн сайчууд Хөдөлмөрийн хүндэт медалиа, цэргийнхэн “Цагаан морьт” хэмээн хүндэлдэг Цэргийн хүндэт медалиа, найрамдал, хамтын ажиллагаанд үлэмж хувь нэмрээ оруулсан гадаадын иргэд Найрамдал медалиа, шилдэг бүтээл туурвигсад Төрийн соёрхлоо, шилдэг бүтээлч хамт олон Төрийн гэрэгээ хүртээд явна. Монгол цэргийн алдрыг дэлхийн халуун цэгүүдэд бадрааж яваа дайчид Энхийн төлөө медалиа хүртэнэ. Ингээд үзэхээр шагналын үнэлэмж эрс дээшилж, шагналын үнэ цэнэ өсч, одон, медалийг төмрийн цуглуулга шиг санан хөөцөлддөг өрсөлдөөн отголохоор болж байна.

Удахгүй энэ хуулийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр болоод байгаа. Харин УИХ дахь зарим нам, эвслийнхэн, тухайлбал, МАН-ын бүлгийнхэн Сүхбаатарын одон байхгүй боллоо хэмээн нээнтэглэхээр зэхэж буй дуулдана. Шинэ хуулийн төслөөр бол Монголын түүхэн дэх олон баатарлаг хүмүүсээс зөвхөн Чингис хааны нэртэй одонг үлдээе гэжээ. Шинэ хуучин баатруудаа сөхөж нэрлэн одон бий болговол Сүхбаатарын одонгийн жишгээр Өгөөдэйн, Цагаадайн, Хубилайн, бүр С.Зоригийн одон ч байж болох.

Ийнхүү хууль батлагдвал тун удахгүй одонгийн төлөөх утгагүй марафон өндөрлөх цаг болж байна.

Д.ОЮУН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна