Хөгжих үү, хүлээх үү?

2016 оны 1 сарын 13

Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар намууд АН бас бусад хэмээн хоёр хуваагдчихаад байгаа билээ. Эрх баригч Ардчилсан намынхан өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийг өөрчлөхийг яаравчилж, эсрэгээрээ Ардын нам болоод МАХН, МҮАН-ынхны хувьд эцэг хуулийг эх болгохыг чухалчилахгүй байна. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намаас бусад парламентад суудалтай нам өнөөгийн парламентад Үндсэн хуулийг өөрчлөх чадамж бий эсэхэд эргэлзэж буй.

Энэ асуудал шинэ оны өмнөхөн өндрөө авч, Үндсэн хуулийг өөрчлөх үгүйг ард түмнээсээ санал асуулга авч шийдэхээр төлөвлөж буйг ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр телевизэд өгсөн ярилцлагадаа дурдаж, түүний яриаг элэг доог болгоод өнгөрөөсөн болохоос үнэндээ эцэг хуулийг өөрчлөх гээд байгаа гол шалтгаанд нь ач холбогдол өгсөн нь цөөхөн.

Таван хошуу мал, таван тив, есөн эрдэнэ, есөн цагаан туг, есөн шарга  морь, есөн цагаан тэмээ гэсэн бэлгэдэл нь чухал биш байж болох ч дэвшүүлсэн санаа, төслийн амин сүнс, агуулга нь чухам юу вэ гэвэл арай өөр өнцөг харагдах байх.

Үндсэн хуулийг өөрчлөх нь өнөөдөр хөндөгдөж байгаа шинэ сэдэв биш. 1992 онд батлагдаж, 2001 онд долоон зүйлээр засвар оруулсан өнөөгийн хуулийг өөрчлөх түм буман хүсэл, шалтгааныг тоочиж болно. Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн маргаан дагуулсан шийдвэрүүдээс эхлээд өнгөрсөн 26 жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдаар 13 хүн, үүрэг гүйцэтгэгчээр гурван хүн ажиллаж байсан, мөн Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-аар 21 удаа хэлэлцсэн гэх зөвхөн энэ асуудал гэхэд л Үндсэн хуулийг өөрчлөх нэг шалтгаан болж байгаа нь лавтай.

Нэг Засгийн газрын ажилласан дундаж хугацаа хоёр жилээс илүүгүй гэхээр манай улс төрд үргэлжийн эрх мэдлийн төлөөх “байлдаан” өрнөж байсан, өнгөрсөн хугацаанд хүн, бодлого, зөв бүтэц, тогтвортой байдал, урт хугацаа гэсэн улс орны хөгжил гол түлхэц болдог таван хүчин зүйлс Монголд нэг дор төвлөрсөн цаг бараг байгаагүй гэсэн үг.

Засгийн газрын нас богино байх нь өнөөдрийн Монголд үүсээд байгаа засаглалын хямрал, эдийн засгийн хямрал, намуудын хямралын гол үндэс болсон гэж улстөрчид дүгнэдэг.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай болсныг бүх нам эсвэл хүлээн зөвшөөрдөг ч гагцхүү хэн, хэзээ өөрчлөх дээр улстөрчид нэгдэж, зөвшилцөж чадахгүй байгаагаас энэ асуудал гурван парламент дамжин ярих нэг сэдэв болжээ.

2008-2012 оны парламентын үед Үндсэн хуулийг өөрчлөх асуудал өндрөө авсан хэдий ч өнөөх л улстөрчдийн хүсэл зориг дутсанаас өнөөгийн парламентад “өвлөгдөж” ирсэн юм. Өнөөгийн парламент нь өнөөдөр дараагийнхаа парламентад даалгавар болгон өгөхөөр ярьж сууна. Тэгээд ч өнөөгийн парламентад Үндсэн хуулийг өөрчлөх цаг үлдсэнгүй.

Үндсэн хуулийг өөрчлөх хүсэл Ардчилсан намд түмэнтээ байсан ч “автор” нь ахиад АН-д оногдохоос айсан уу, Ардын намынхан “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярихын тулд ёс суртахуун, нэр нүүртэй парламент байх хэрэгтэй”-г сануулж буй. Үнэндээ өнөөгийн парламентын ёс суртахуун, нэр төрийг ярих дээрээ тулбал энэ парламентын 26 суудлыг эзэлсэн МАН өөрсдийгөө л давхар ёс суртахуун, нэр хүндгүйд тооцож байна гэсэн үг юм.

Эх хуулийн эх хувилбарыг харахад Ерөнхийлөгчийг парламентаас сонгож, Ерөнхий сайд засгаа байгуулах бүрэн эрх мэдлийг нь өгөхөөр төсөлд суулгаж өгсөн. Ингэснээр засгийн үйл ажиллагаа тогтвортой явж, бодлогоо хэрэгжүүлэх боломжтой болно гэж хууль боловсруулсан ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр тайлбарлаж байгаа бол Ц.Нямдорж гишүүн “Одоогийн өргөн барьсан төслөөр Ерөнхий сайд гэж жигтэйхэн амьтан гарч ирээд бүх сайдаа томилоод, Засгийн газрыг, УИХ-ын хяналтгүй болгоод, дургүй нь хүрвэл УИХ-аа тараагаад хаячихдаг дарангуйлагч гарч ирнэ” хэмээн үгүйсгэж буй.

Гэхдээ өргөн баригдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн хамгийн гол зорилго, төслийн гол агуулга нь УИХ-д байгаа гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газарт шилжүүлэх явдал. Энэ нь хөл, толгой, бөөр зүрхээрээ нийлчихээд байгаа хууль тогтоох, бодлого боловсруулах хоёр субъектийг байр байранд нь аваачих гэсэн санаа.

Өнөөдрийн УИХ, Засгийн газрын дунд үүсээд байгаа хэрүүл, З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёрын хэн нь Ерөнхий сайд юм бэ гэсэн төвөгтэй асуултын хариултыг л тодорхой болгох гэсэн зохицуулалт.

Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэг бодлогоо толгой мэдэн хэрэгжүүлж чадахгүй УИХ-ынхаа барьцаанд орсон нь ч, түүний танхимын сайдуудаас М.Энхсайхан, Д.Дорлигжав хоёроос бусад нь давхар дээлтэй “халууцаж” яваа нь ч өнөөдрийн Үндсэн хуулийн нөөц, хүч шавхагдаж дуусч байгаагийн нэг илрэл гэвэл буруудахгүй биз.

Үнэнийг хэлэхэд үе, үеийн Ерөнхий сайдын эрх мэдлийг сандлаар нь барьцаалсан УИХ-ын барьцаанаас гарах гарц нь, нөгөө талаар хууль тогтоох байгууллагынхаа дээр сандайлж, хэдэн давхар дээлтэй яваа Засгийн газрын сайдуудыг үндсэн ажлыг нь хийлгэе гэвэл Үндсэн хуулийн өөрчлөх цаг болсон гэсэн үг.

Үндсэн хуулийг өөрчилж, УИХ, Засгийн газарт хуримтлагдсан асуудлыг шийдье гэвэл өөрсдийнхөө ёс суртахуун болоод чадамж байхгүйд эргэлзэж, өөрчлөлт хийхийг хүсэхгүй байгаа нь МАН-ын бүлэг өөрөө шүү дээ.

Ард түмнээс асуугаагүй байхад өөрсдийнхөө чадамж, ёс суртахуунд итгэхгүй байгаа хүмүүстэй юу ч ярих билээ.

Гүйцэтгэх эрх мэдлийн хоёр тулгуурыг Засгийн газарт аваачиж өгөх нь л энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн хамгийн гол амин сүнс юм бол парламентад суудалтай намууд улс төрийн зөвшилцөл, ойлголцолд хүрч яагаад болохгүй гэж.

Үндсэн хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан Ард нийтээс санал асуулга авах тухай хуулийн төслийн гол агуулга нь бол өнөөдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой юм уу, үгүй юм уу. Өөрчилбөл яаж өөрчлөх юм бэ? Үндсэн хуулийг өөрчлөлтийг энэ Их хурал хийх юм уу, хийхгүй юм уу, одоо хийх юм уу, хэзээ хийх юм бэ гэсэн асуудлаар ард түмний саналыг авах тухай. Гэхдээ ард түмнээсээ санал асуулга авах уу гэдгээ УИХ өөрөө шийднэ. Хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлгийнхээ шатанд яваа бөгөөд ард түмнээс санал асуухаар боллоо гэхэд цаг хугацаа бий юу.

Үнэндээ бүх нийтээс санал асуулга авна гэдэг сонгууль болох дайны л зүйл болно шүү дээ. Гэхдээ ингэлээ гээд энэ асуудал ипотекийн зээлийн хэрүүлд дарагдах ёсгүй байх. Улс орны хөгжлийн гацаа, бүх хямралын үндэс нь Үндсэн хууль юм бол, төрийн шийдвэр олон хоногоор гацаж, иргэд төрдөө итгэхгүй байгаа нь эцэг хуулийн алдаа юм бол дараагийн парламентад даалгавар болгоод орхих бус заавал хийх ажил болгон үлдээх хэрэгтэй. Учир нь, дараагийн парламент энэ хуулийг өөрчилнө гэсэн баталгаа үнэнийг хэлэхэд харагдахгүй байна.

Гүйцэтгэх эрх мэдлийн хоёр тулгуурыг Засгийн газарт аваачиж өгөх нь л энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн хамгийн гол амин сүнс юм бол парламентад суудалтай намууд улс төрийн зөвшилцөл, ойлголцолд хүрч яагаад болохгүй гэж.

Ж.НЯМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна