Хүүхэд харах үйлчилгээ хөрсөн дээр хэрхэн буух вэ?

2016 оны 1 сарын 13

Улсын Их Хурлын /УИХ/ өнгөрсөн хаврын чуулганаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталж, энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн юм. 2016 оны тухайд хүүхэд харах үйлчилгээнд зориулж, УИХ улсын төсөв 10.8 тэрбум төгрөгийг баталсан. Нэг хүүхдийг харахад гарах зардал сард дунджаар 116 мянга 900 төгрөг гэж тооцвол энэ жил тус үйлчилгээнд нийт 9880 хүүхэд хамрагдах боломж бүрджээ. Хуульд хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч нь бүрэн дундаас дээш боловсролтой, тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, 2-5 насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдвартын болон сэтгэцийн өвчингүй, гэмт хэрэгт холбогдоогүй, 18-65 насны Монгол Улсын иргэн байна гэж заасан. Улмаар дээрх шаардлагыг хангасан, тус үйлчилгээг явуулах хүсэлтэй иргэд 60-65 мянган төгрөгийн хураамжтай тав хоногийн тусгай сургалтад хамрагдаж, гэрчилгээ авах ёстой. Дараа нь нэг хүүхэд 2.5 метр квадрат бүхий зайд багтах өөрийн объектоо бэлдэж, хорооноосоо томилогдсон ажлын хэсэгт шалгуулж, хороон даргаасаа шаардлага хангасан эсэх тодорхойлолтыг авч, сум, аймаг дүүргийнхээ Засаг даргад хандаж, хүүхэд харах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлөө авах шаардлагатай. Хүүхэд харах үйлчилгээ бизнесийн зорилготой бус учир түрээсийн байр ашиглаж, тус үйлчилгээг явуулах шаталттай гэдгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санууллаа.

Жишээлбэл иргэн та таван ханатай Монгол гэрт тус үйлчилгээг явуулахаар мөрдөгдөх стандартыг баримталж, тохижууллаа гэхэд нэг хүүхэд 2.5 метр квадрат зайнд байна. Ингэхээр тус гэрт ойролцоогоор таван хүүхэд л хүмүүжих боломжтой. Ингээд төрөөс нэг хүүхдийн зардал гэж сард дунджаар 117 мянга орчим төгрөг тооцож өгнө. Энэ зардлыг таван хүүхэд гэж тооцохоор сард 585 мянган төгрөгийг хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч та төрөөс авна. Үүн дээр нэмээд хүүхдүүдийн эцэг эхээс, төрөөс олгох зардлын 60 хувиас хэтрэхгүй мөнгө буюу нэг хүүхдээс 70 орчим мянган төгрөг нэмж хураах эрхтэй. Бүгдийг нийлүүлээд бодвол үйлчилгээ эрхлэгч та сард 985 мянган төгрөгийн санхүүжилт авна. Үүнээсээ хүүхэд харахад шаардагдах тоглоом, өдөр тутмын хоолны зардлаа хасах хэрэгтэй. Гарсан зардлаас мөнгө үлдвэл үйлчилгээ эрхлэгч таны ашиг болох юм байна.

Хүүхэд харах орчин нөхцөлийн хувьд нэг өрөөнд 15-аас дээшгүй, нэг хүнд ногдох хүүхдийг таваас ихгүй байхаар заажээ. Энэ үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нас харгалзахгүй хамруулах буюу ийм тохиолдолд үйлчилгээ эрхлэгчдэд олгох хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлж бодох юм. Одоогоор 21 аймгийн нийт 1470 гаруй иргэн, нийслэлд 500 иргэн хүүхэд харах үйлчилгээ явуулахаар сургалтад хамрагдах сонирхолтой буйгаа илэрхийлж, бүртгүүлжээ. Улсын хэмжээнд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 60 мянга орчим хүүхэд байна. Эдгээр хүүхдийн дөнгөж 15 хувийг нь энэ жил хүүхэд харах үйлчилгээнд хамруулах төсвийг Улсын Их хурал баталжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна