“Хөлбөмбөгийн хөгжлийг дагаад олон зүйл өөрчлөгдөнө”

2016 оны 1 сарын 13

2015 онд Монголын хөлбөмбөгийн спортын түүхэнд томоохон өөрчлөлтүүд олон болсон. Хөлбөмбөгийн холбооны удирдлага өөрчлөгдөж, олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулж, дотоодын олон тэмцээн ээлжлэн болж, оны төгсгөлд “Алтан бөмбөг”-ийн эздийг тодруулсан. Тэгвэл шинэ оны өмнөхөн буюу 2015 оны 11 дүгээр “Магнай трейд”(МТ) группийн дэргэд “Ulaanbaatar city FC” баг шинээр байгуулагджээ.

Ингээд Монголын хөлбөмбөгийн спортод нэгэн шинэ багийг бүрдүүлэн ажиллаж байгаа “Ulaanbaatar city FC” багийн эзэн Г.Дашнямтай ярилцлаа.

 

БРАЗИЛ ЗҮГИЙН ТОГЛОГЧ БИДЭНД ХЭРЭГТЭЙ

-Оны өмнөхөн шинэ баг бүрдүүлсэн та бүхэнд баяр хүргэе. Яагаад хөлбөмбөгийн спортыг сонирхох болов? Эндээс ярилцлагаа эхлэе?

-Би спортод дуртай. Тэр дундаа хөлбөмбөгийн спортыг илүүтэй шимтэн үздэг. Яагаад гэхээр энэ нь миний өссөн орчинтой холбоотой юм. Би цэцэрлэгийн наснаас 8 дугаар ангиа төгсөх хүртлээ ОХУ-д амьдарч, суралцсан. Тэндээс гэр бүлийн хамтаар Швейцарь явж, дунд сургуулиа дүүргээд Английн Лондонд их сургуулиа төгссөн. Тэгэхээр надад багаасаа хөлбөмбөгийн спорт өндөр хөгжсөн орнуудад амьдарч байсан нь нөлөөлсөн байх. Тиймээс хожим Монголдоо ирээд ажиллах хугацаанд хөлбөмбөгийн багтай болох их хүсэлтэй байлаа. Харин энэ мөрөөдлөө 2014 онд биелүүлэхээр шийдсэн. Тэгээд өнгөрсөн оны Үндэсний дээд лигийн тоглолтыг сонирхож, багтай болсон. Одоо МТ группийн дэргэдэх “Ulaanbaatar city FC” багаа бүрдүүлээд явж байна. Багийн хувьд бүрдээд хоёр сар болж байна.

-2015 онд Монголын хөлбөмбөгийн холбоонд томоохон өөрчлөлтүүд орсон. Удирдлагууд солигдохоос эхлээд шинэчлэлт хийж ирсэн. Үүний дараа олон өндөр шагналын сантай тэмцээн боллоо. Гэтэл та бас Монголын хөлбөмбөгийн холбооны түүхэнд нэгэн хуудсыг нээж чадсан байна.?

-Олон өөрчлөлтүүд гарсныг бид бүхэн сайн мэдэж байгаа. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос ирүүлсэн сануулгын дагуу холбоо хуралдаж, шинэ удирдлагын багтай болсон. Мөн тэмцээн, уралдаан ихсэж, олон багууд шинээр гарч ирэх болсон. Энэхүү үйл явдлууд намайг шинэ багтай болох итгэл, хүслийг өгсөн. Тэгээд би өнгөрсөн оны 11 дүгээр сард н.Ганбаатар гэдэг хүнээс “Хангарьд Сити” багийг худалдан авсан.

-Яагаад “Ulaanbaatar city FC” гэх нэрийг өгөх болов?

-Бидний зорилго бол цаашид Улаанбаатар хотод буй хөлбөмбөгийн томоохон системтэй болох тийм л клубыг нээхийг зорьсон. Тиймээс энэ хүсэлдээ хөтлөгдөн “Ulaanbaatar city FC” нэрийг сонгосон. Миний хувьд шинэ бүрэлдэхүүнтэй болж, бүх зүйлийг шинээр эхэлсэн учраас анхнаасаа зөв стандарт, зарчмыг баримтлан эхлүүллээ. Багийн тоглогчдоос эхлээд хувцас, багийн лого гээд бүх зүйлийг шинэчилсэн. Шинэ систем, зарчим, дүрэм гээд яг л олон улсын түвшинд хөгжих тийм л зүйлийг эхнээс нь эхлүүлсэн. Энэ баг маань Улаанбаатар хотын хөлбөмбөгийн клуб болтлоо хөгжөөсэй бас бусад нь суралцаасай гэдэг үүднээс энэ нэрийг сонгосон.   

-Багийн бүрэлдэхүүнд хичнээн тамирчин байгаа юу? Цаашид ямар төлөвлөгөөтэй ажиллах вэ?

-Одоогоор бид 10 тамирчинтай буюу багийнхаа 50 хувийг бүрдүүлээд байна. Хамгийн ахмад нь 27 настай бөгөөд ихэнх нь 20-22 насны тамирчид. Тамирчид одоогоор хүчний бэлтгэлийг хийж байна. Бидний хувьд ирэх хоёрдугаар сард бүх тамирчидтайгаа гэрээ хийж, 4 сард солилцооны цонх нээгдэхээр албан ёсоор мэдэгдэнэ. “Эрчим”, “FC Ulaanbaatar”, “Сэлэнгэпрэсс”, “Хоромхон” зэрэг багаас тамирчид авсан. Мөн гадаадын дөрвөн легинонер тоглогчийг урьж тоглуулна. ОХУ-аас хоёр, Мороко, Алжир улсаас тус бүр нэг тамирчин ирнэ. Тэдний хувьд ирэх гуравдугаар сараас Монголд ирэх төлөвлөгөөтэй.

-Ингэхэд яагаад Алжир, Мороко улсаас тамирчид урихаар болов? Тэдэнтэй хэрхэн холбогдсон бэ?

-Би дээр хэлсэн. Миний хувьд бага нас, оюутан ахуйн тэр үеүүдэд гадаадад өнгөрсөн. Тиймээс би бага байхын Францын алдарт хөлбөмбөгч З.Зиданы фэн болсон. Тэр бол агуу тамирчин гэдгийг дэлхий нийтээрээ мэднэ. Африкийн Бразил орнуудын нэг бол Алжир, Мороко улс.  Гэтэл Зидан бол Алжирын Кабылаас гаралтай. Мөн бусад олон дэлхийн шилдэг тамирчид Алжир, Мороко улсаас гаралтай байдаг. Би энэ багийг бүрдүүлж байхдаа манай улсад Бразил зүгийн тоглогч хэрэгтэй юм байна гэдгийг сайн ойлгосон. Тэгээд хаа хол Бразил улсаас тоглогч авчирч байснаас ойрхон Европоос авч ирэх нь дөхөм юм. Миний хувьд эдгээр улсын тоглогч нарыг мэднэ. Мөн манай найзууд тэнд байдаг. Тийм болохоор тэдэнтэй харилцахад их амар байсан. Хойд хөршөөс хоёр тамирчин ирнэ. Орос хэл бол миний хоёр дахь хэл. Би Оросын арга барилыг үнэлдэг.

Зидан бол Алжирын Кабылаас гаралтай. Мөн бусад олон дэлхийн шилдэг тамирчид Алжир, Мороко улсаас гаралтай байдаг. Би энэ багийг бүрдүүлж байхдаа манай улсад Бразил зүгийн тоглогч хэрэгтэй юм байна гэдгийг сайн ойлгосон. Тэгээд хаа хол Бразил улсаас тоглогч авчирч байснаас ойрхон Европоос авч ирэх нь дөхөм юм. Миний хувьд эдгээр улсын тоглогч нарыг мэднэ.

-Дасгалжуулагчаа хэрхэн сонгох вэ?

-Бидний одоо төлөвлөж байгаагаар бол багийн үндсэн дасгалжуулагч Орос хүн байна. Гэхдээ энэ бол эцэслэн шийдэгдээгүй. Одоогоор ОХУ, Украин, Мороко, Казахстан, Узбекстан улстай холбоо тогтоосон. Дээрх улсуудын хөлбөмбөгийн холбоо болон багуудтай ярилцаж байна. Бид дасгалжуулагч нарыг ажилд авах санал тавьсан байгаа. Хариу нь ирж байна. Аль болох боломжоороо энэ асуудлыг зохицуулна. Дээрх орны хөлбөмбөгийн спорт өндөр хөгжөөд байна. Мэдээж монгол дасгалжуулагч байх ч гэсэн бидэнд бас гадны туршлага маш их хэрэгтэй. 

-МТ группийн дэргэдэх “Ulaanbaatar city FC” баг хөлбөмбөгийн кэмптэй болж байгаа гэсэн. Энэхүү бэлтгэлийн төв хаана байгаа вэ?

-Бид шинэлэг зүйл хийхийг зорьсон. Ирэх зун лиг эхлэх үед сонирхолтой өрсөлдөөнийг гаргахыг хүсэж байна. Тэр үед бас багагүй өөрчлөлт гарч шинэлэг зүйлүүд ажиглагдах болов уу. “Ulaanbaatar city FC” бүрэн жишээ болж харагдана. Тиймээс бид бэлтгэлийг хангалттай, чанартай хийхийн тулд өөрийн гэсэн вакуумжуулсан кэмптэй болох ёстой. Төв аймгийн нутагт байрлах Цонжинболдогт өөрийн гэсэн хөлбөмбөгийн кэмптэй болох ажил маань явагдаж байна. Энэ бэлтгэлийн төвийн ажил ирэх гуравдугаар сард дуусаж, бүрэн ашиглалтад орно. Өөрийн гэсэн стандартын талбайтай, тамирчдын бэлтгэл хийх нөхцөл мөн хэрэгтэй бүх зүйлээр хангасан орчин үеийн шинэлэг кэмпийг ашиглалтад оруулах гэж байна. Тамирчдын хувьд зөвхөн тэнд бэлтгэлийг хийнэ. Тэдэнд хэрэгтэй бүх зүйл бэлэн. Гагцхүү тэд бэлтгэлийг сайн хийж, амжилт үзүүлэх. Тэр дундаа гадаадын тамирчидтай тоглох сэтгэл зүйн, бие организмын бэлтгэлтэй байхыг анхнаас нь суулгах нь чухал байна. Бэлтгэлийн төвд спортын бүх тоног төхөөрөмжтэй орчин үеийн шинэлэг орчныг бүрдүүлж байгаа. Бид энэ багийг яаж Азийн АШТ-д оролцох вэ гэдэг тийм л асуултад хариулт авахын тулд энэхүү хөлбөмбөгийн кэмпийг барьж байгаа юм.

 -Үнэхээр их зүйлийг та бүхэн хийж байгаа юм байна. Аливаа баг өөрийн гэсэн бэлтгэлийн танхимтай болоод ирэхээр амжилт төдий чинээгээр ахиад ирдэг. Манай дээд лигт тоглодог зарим тоглогчид өдөр нь ажлаад орой нь бэлтгэл хийх тохиолдол байдаг. Үүнд таны бодлыг сонсъё?

-Манай улсын дээд лигт тоглож байгаа багуудын хувьд долоо хоногт 3-4 удаа бэлтгэлийг хийдэг. Нэг удаа хийхдээ 2-3 цаг бэлтгэлтэй байдаг. Би үүнийг дээд лигийн тамирчид ийм хэмжээний бэлтгэл хийгээд орох боломжгүй гэж үздэг. Тиймээс ийм бэлтгэл хийгээд тэмцээнд орох бол тэдний чансаа буурах учиртай. Дээд лигийн тамирчны бэлтгэл бол маш өөр. Тэдний хувьд байнгын бэлтгэлийг хийж байж, дээд лигт тоглодог. Ингэж бэлтгэгдэж чадвал манай тамирчид гадаадын тамирчидтай өрсөлдөх боломжтой болно. Хамгийн ойрын жишээг хэлэхэд манай хойд хөршийн хөлбөмбөгийн доод лигийн II-т тоглодог багуудын бэлтгэлд бид хүрч чадахгүй байна. Тиймээс хөлбөмбөгийн бүрэн хэмжээний кэмптэй болох юм байна гэж зориглосон.

-Тэгвэл та зорьсондоо хүрсэн байна?

-Казахтан, Узбекстан, Киргизстан гээд орноор явах үедээ хөлбөмбөгийн хөгжлийг нь судалж байдаг. Киргизстан улсаар жишээ аваад үзэхэд тухайн улсын хөлбөмбөгийн хөгжил өндөр байдаг. Чансаагаараа тэд өдгөө дэлхийд 107-д жагсаж байна. Мөн өнөөдөр дэлхийн анхаарлын төвд байсаар байгаа Хойд Солонгос улс 113-р байрт бичигдэж байна. Гэтэл манай улс Тонга зэрэг долоон улсын өмнө 201-т бичигдсээр. Тэдний амжилт яагаад биднээс өндөр байна вэ? Яагаад гэвэл тэнд тамирчин хүн тамирчиний үүргээр л байж байна. Гэтэл манайд бол өөр шүү дээ. Ганц хөлбөмбөгийн тамирчид биш сагсан бөмбөг, волейбол гээд багийн спортын төрлүүдэд тоглодог тамирчид ажлаа хийгээд оройн цагаар бэлтгэл хийх тохиолдол их бий.  

 

НЭГ БАГ БОЛЖ ГАДААДЫН БАГТАЙ ӨРСӨЛДӨХӨД БЭЛЭН БОЛОХ БАГИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА

-Тэгвэл таны бодож байгаагаар манай хөлбөмбөгийн клубүүд өөр хэлбэрт шилжих хэрэгтэй болох нээ?

-Энэ бол миний ганц яриад байгаа зүйл биш л дээ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн асуудал. Миний хувьд Олон улсын тэр системээр л тамирчдыг хөгжүүлэх, гаргаж ирэхийг л зориод байгаа юм. Тэгэхийн тулд клуб маань өөрийн гэсэн талбайтай байх ёстой, өөрийн гэсэн спортын цогцолбор байх ёстой. Тэгж байж тамирчдын хувьд зөвхөн тэнд бэлтгэл, сургуулилтаа сайн хийх л үлдэх юм. Өөрийн гэсэн академитай байх ёстой. Бид тиймээс Цонжинболдогт байршлаа олоод цаашид хийх ажлынхаа эхлэлийг тавьж байна. Тэнд ганцхан бэлтгэл хийгээд зогсохгүй амралтын иж бүрэн тэр л нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Мэдээж манай багт 12 жилийн сурагч, их сургуулийн оюутан орох хүсэлтэй байхыг үгүйсгэхгүй байна. Тийм тохиолдолд тухайн оюутны хичээлийн улирлын цагийг дуусгаж, бэлтгэлд хамруулна.

-Тэгэхээр ирэх зунаас “Ulaanbaatar city FC” багийг бид харах л үлдлээ. Та бүхэн их хөрөнгө мөнгө гаргаж, энэ багийг бүрдүүлжээ?

-Монгол Улсад маань яагаад хөлбөмбөг хөгжиж болохгүй гэж. Харин цөөхөн хүн амтай хэрнээ бүр илүү хөгжих боломжтой санагддаг. Бид бие биенээ маш сайн мэднэ. Саяхан зөвхөн “Авьяаслаг монголчууд” шоу гарч олон авьяастнуудыг таниулж чадлаа шүү дээ. Би тэгээд хөлбөмбөгийн клуб байгуулаад түүнийхээ төлөө зүтгэх минь чухал байгааг ойлгосон. Үүнийг хийхийн тулд MT группийн дэргэд “Ulaanbaatar city FC” багийг байгууллаа. Бидний хувьд ирэх зунаас томоохон зорилтоо биелүүлэх болно. Хөлбөмбөгийн клуб өөрөө ямар системтэй, ямар зарчимтай байх вэ гэдгээс эхэлдэг. Тэр бүгдийг анхнаас нь нарийн зохион байгуулалттайгаар хөтлөн явуулж байна. Бид өнөөдөр их зүйлийг амлаж чадах хэмжээнд хүрээгүй. Гэхдээ бидний мөрөөдөл бол Монголын “Барселона”-г байгуулах. Тиймээс энэ ажилд цаг заваа зориулаад явж байна. Надад лигийн 1, 2-р байр чухал биш. Гол нь яаж нэг баг бүрдүүлэх вэ гэдэг л үлдэж байна. Тэд нэг баг болж, гадаадын багтай өрсөлдөхөд бэлэн болсон байх тэр л багийг хүсэж байгаа юм. Манай компанийн ерөнхий спонсор “АRB Мongolia” компани байна. Уг компани сүүлийн 15 жил Австралиас машины тоноглол, хэрэгсэл авчирч зардаг МТ группийн охин компани. Бидэнтэй хамтрах, спонсороор ажиллах компаниуд саналаа өгч байгаад сайхан санагдаж байна.

Хөлбөмбөгийн клуб өөрөө ямар системтэй, ямар зарчимтай байх вэ гэдгээс эхэлдэг. Тэр бүгдийг анхнаас нь нарийн зохион байгуулалттайгаар хөтлөн явуулж байна. Бид өнөөдөр их зүйлийг амлаж чадах хэмжээнд хүрээгүй. Гэхдээ бидний мөрөөдөл бол Монголын “Барселона”-г байгуулах. Тиймээс энэ ажилд цаг заваа зориулаад явж байна. Гол нь яаж нэг баг бүрдүүлэх вэ гэдэг л үлдэж байна. Тэд нэг баг болж, гадаадын багтай өрсөлдөхөд бэлэн болсон байх тэр л багийг хүсэж байгаа юм.

-Та бүхэнд өөр боломж байгаа юу. Бага наснаас нь тамирчдыг бэлтгэх үү? Өөрийн гэсэн талбайтай болж байна шүү дээ?

-МТ группийн хувьд 2000 гаруй ажилтантай. Бид өөрсдийн гэсэн багтай болоод ирэхээр үзэгчдийн тооноос эхлээд шинэ маркетинг гаргаад ирлээ. Мэдээж манай баг талбайд тоглохоор бол хөгжөөн дэмжигчид дотроос 500-1000 хооронд буухгүй гэж бодож байна. Тэгэхээр тэр талбай бусад хөгжөөн дэмжигчидтэй нийлээд улам олон болно. Тиймээс группийн дэргэд багтай болох ач холбогдол маань энэ юм. Мөн бид олон мянган ажилтантай. Одоо ажилчдынхаа хүүхдүүдээс дараагийн багийг бүрдүүлнэ. Бид гурван насны ангилал дээр хөлбөмбөгийн багийг нээнэ гэж тооцоолж байна. Бага, дунд болон 14 дээш ахлах насны тоглогчдыг багтаасан баг. Яг одоогоор компани дээр бага, дунд насны багийн бүртгэлийг хийж байна. Энд бол ажилчдынхаа хүүхдүүдээс хөлбөмбөгт дуртай нэгийг нь бүртгэлжүүлээд эхэллээ. Тэд үнэхээр сонирхоод эхэлбэл бид эцэг, эхтэй нь ярилцаж байгаад хөлбөмбөгийг заах юм. Үүн дээр манай хүний нөөцийн баг ажиллаж байна.

-Тэгэхээр “Ulaanbaatar city FC” баг цаашдаа дотроосоо өргөжөөд явах нээ?

-Энэ багийн хувьд цаашид дотроосоо сэлгэгдээд явна. Одоо бид ахлах буюу мэргэжлийн багт тоглох тамирчдыг гаднаас бүрдүүлж байна. Харин цаашид энэ байдал өөрчлөгдөж бид багаас нь бэлтгэж эхэлсэн тэдгээр тамирчдыг цааш илүү сайн явахад нь туслаад явах болно. Бид Монголд их хэрэгтэй зүйлийг хийж байгаа. Бусад маань биднээс суралцаад хөлбөмбөгийн спортод үнэтэй хувь нэмэр оруулаасай, энэ спортыг Монголд сайн хөгжүүлж, томоохон өрсөлдөөнтэй болгож, цаашлаад Олон улсад гарах тэр гарцыг гаргаасай гэж л зүтгэж байна. Хөлбөмбөг Монголд хөгжөөсэй. Монголд хөлбөмбөгийн олон багуудтай болоосой. Би энд ганцхан МТ группийн баг сайн байх ёстой гэж хэлээгүй. Бусад маань ч гэсэн өөрийн гэсэн багтай болж, томоохон өрсөлдөөнийг гаргаасай. Хүүхэд, залуусыг энэ спортын гайхалтай тэр агшныг мэдрэхэд нь туслаасай гэсэн дээ би зориглосон.

-Та бүхэн хөлбөмбөгийн багтай болсноор цаашид илүү их зүйлийг харсан байна гэж ойлгож болох уу?

- Мэдээж би одоо их зүйлийг амлаж чадахгүй. Гэхдээ яриад байгаа зүйл маань хэдэн жилийн дараа биелэсэн байна гэдэгт итгэж байна. Гадаа өнөөдөр 30-40 хэмийн хүйтэн байна. Мэдээж тамирчдаа байнгын бэлтгэлтэй байлгах үүднээс энэ өвөл хүчний бэлтгэлийг хийлгэж байна. Тэгээд хавар болоод ирэхээр жинхэнэ бэлтгэлдээ ороод эхэлнэ. Би нэг зүйлд итгэдэг. Бид бол дэндүү цөөхүүлээ. Бие биенээ сайн мэддэг. Үнэхээр шилдэг тоглолт үзүүлж байгаа тамирчид цаашид олны танил болж, өөрөөрөө бахархах үе ойрхон байна. Энэ бол цаашид яриад байх зүйл биш байх болно. Тэдгээр тамирчдыг нийгэм сайхан хүлээн авч, уриалан дуудах болно. Бид хөлбөмбөгөөр амьдрал зохиож болохыг, карьер байгааг харуулах энэ мэссэжийг л нийгэмд хүргэхийг зорьж байна.

-Танай багт Алжир, Морокогоос тамирчид ирж тоглох юм байна. Өөр төлөвлөсөн зүйл байгаа юу?

-Манай компаний гадаад харилцаан дээр олон залуучууд ажиллаж байна. Би өөрөө энэ ажилд гар бие оролцдог. Ирэх зун Киргизстан, Казахстан, Узбекстан улсаас дээд лигийн клубүүдийг урилгаар авчирна. Монголд нөхөрсөг тоглолтыг зохион байгуулна. Тухайн улсдаа доод болон сонирхогчийн биш багийг буюу үнэхээр шилдэг багуудыг урилгаар тоглуулах юм. Яагаад тэднийг ингэж урьж байгаагийн гол утга учир нь бид ямар түвшинд явж байна. Цаашид бид яах ёстой вэ? Мөн бидний хөлбөмбөгийн спортын хөгжлийг ямар байгааг харах зорилготой. Магадгүй энэ их шинэлэг зүйл болно. Тиймээс бид энэ ажлаа ирэх зун эхлүүлж, цаашид жил бүр тэднийг урьж тоглуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Жил ирэх бүр манай баг сайжирч аяндаа бид цаашлаад олон гадаадын багтай тоглох боломж нээгдээд ирнэ. Тиймээс бид сууриа сайн, системтэй тавьж, олон гадаадын багуудтай өрсөлдөх хэмжээнд хүрэх зорилттой явна. 

 

БАГУУДЫН АМЖИЛТ АХИАД ИРЭХЭЭР ФЭН КЛУБҮҮД НЭМЭГДЭЭД ИРНЭ

-Монголын хөлбөмбөгийн холбооноос энэ сард футзалын лигийн тоглолтыг эхлүүллээ. Та бүхэнд энд оролцох бодол байсан уу?

-Хэрвээ бид футзалын тэмцээнд оролцох бол нэмж шинэ тамирчид авч багаа бүрдүүлнэ гэсэн үг. Гадаа талбайд тоглодог тамирчин дотор тоглох зохимжгүй. Энэ хоёр хоорондоо асар ялгаатай. Тамирчдын хувьд ч футзал, хөлбөмбөгөөр бэлтгэх явц нь өөр. Бид футзалын тэмцээнд оролцохоор болсон үед тусдаа баг бүрдүүлэн оролцох юм. Тэрнээс бус бид гадаа тоглодог тамирчдыг дотор талбайдаа болдог футзалын тэмцээнд тоглуулахгүй. Өнгөрсөн онд бид анх удаа Футзалын том тэмцээнийг эх орондоо зохион байгуулж чадлаа. Тэр бол маш дэвшил. Харин тоглогчдын хувьд бол бүрэн бэлтгэлтэй байгаагүй нь үнэн. Тэнд тоглосон бүх тамирчид гадаа талбайд тоглодог. Тиймээс бид тэднийг хангалтгүй тоглосон гэж буруутгах аргагүй. Яагаад гэхээр бид өөрсдөө футзаланд тоглох тамирчдыг бэлтгэж чадаагүй байсан. Тийм болохоор яах ч аргагүй Монголын урдаа барьдаг шилдэг тоглогчдоо талбайд гаргасан. Тэгэхээс өөр аргагүй байсан шүү дээ. Футзалын талбай дээр таван тамирчин л тоглоно шүү дээ. Энэ бол асар ялгаатай. Тиймээс бид энэ жилийн футзалын лигийн тэмцээнд оролцоогүй. Футзалын тамирчдыг ч бэлдэж амжаагүй байна.

 

-Шилдэг багуудын өрсөлдөөнийг нэгээр нэмж чадлаа. Холбооны зүгээс хэрхэн хүлээн авсан бэ?

-Хөлбөмбөг бол олныг хамарсан спорт. Манай улсад хөлбөмбөг хөгжөөд эхлэх юм бол манай ард түмний боловсрол, сэтгэхүй, түүх гээд их зүйл хөгжинө гэж боддог. Хөлбөмбөг бол үнэхээр дэлхийн хамгийн их үзэгчтэй спортын нэг. Монголд одоогоор хөлбөмбөгийн спорт өндөр түвшинд биш. Харин холбооны үйл ажиллагааг хараад баярлаж байна. Тэнд залуучууд ажиллаж, олон сайхан зүйлийг хийж байгаа нь өнгөрсөн жилээс харагдсан.  Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагуудтай уулзаж, хийх гэж байгаа ажлаа танилцуулсан. Тэд биднийг их сайхан хүлээж авсан байгаа. Манай нийгэм ямар байгаа нь ганц хөлбөмбөг гэхгүй бусад спортод харагддаг. Өдөр нь ажлаа хийгээд орой нь бэлтгэл хийж өөрт багт тоглоод явах олон байна. Энэ бол маш буруу систем. Манай нийгэм энэ байдлаас гарах гээд яваад л байна. Үүнд сайжирч байгаа зүйл их байна. Тиймээс багийн спорт манай улсад цаашид өндөр хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Энэ аяндаа өөрчлөгдөнө. Багуудын амжилт ахиад ирэхээр хотын төвд ч гэсэн фэн клубүүд нэмэгдээд явна. Тэдний оролцоо их чухал шүү дээ. Фэнүүд ч гэсэн тоглогчдыг хариуцдаг болчихно. Тоглогч нарт хариуцлага ч ирнэ.

Монголд одоогоор хөлбөмбөгийн спорт өндөр түвшинд биш. Харин холбооны үйл ажиллагааг хараад баярлаж байна. Тэнд залуучууд ажиллаж, олон сайхан зүйлийг хийж байгаа нь өнгөрсөн жилээс харагдсан.  Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагуудтай уулзаж, хийх гэж байгаа ажлаа танилцуулсан. Тэд биднийг их сайхан хүлээж авсан байгаа. Манай нийгэм ямар байгаа нь ганц хөлбөмбөг гэхгүй бусад спортод харагддаг.

-Таны үзсэн тоглолтоос сэтгэл дундуур үзсэн зүйл байгаа юу?

-Байлгүй яахав. Тэмцээн болоход гол нь үзэгч байдаг. Би өнгөрсөн жил нэгэн тоглолтыг Монголын хөлбөмбөгийн талбайд очиж үзсэн. Тэгээд харж байхад Монголын шилдэг хоёр баг тоглож байхад тэнд 40 хүрэхгүй үзэгч байсан. Үнэхээр тэнд лигт өндөр амжилт үзүүлдэг манай шилдгүүдийн тоглолт болж байхад үзэгчгүй байна гэхээр утгагүй шүү дээ. Энэ тоглолтоос би их сэтгэл дундуур буцаж билээ. Тэр тоглолтыг үнэгүй үзээч гээд зарлаад байхад үзэгчгүй байна гэхээр утгагүй санагдсан даа. Үндсэн багийн хөгжөөн дэмжигчдээс гадна сэтгэлээрээ очиж, тэмцээн үзэх тэр фэнүүдийг бид гаргах ёстой. Тэр лигт болж буй тоглолтууд сонирхолтой болоод ирэхээр фэнүүд аяндаа хүрээд очно. Багуудын өрсөлдөөн сайжирна. Олон мянган фэнүүдийнхөө өмнө тэд муу тоглохыг хүсэхгүй. Тиймийн тулд бэлтгэлийг өөр системээр хийх учиртай.

-Тэгэхээр та бүхэн олон улсын шинэ системийг бэлтгэлдээ оруулахыг зорьсон байна. Үнэхээр шилдэг баг төрүүлж чадах юм байна гэж итгэж байна?

-Багаа цаашид Монгол Улсын шигшээ багт туслалцаа үзүүлж чадах хэмжээнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Хөлбөмбөг багийн спорт. Тиймээс манай улсын нэр энэ спортоор дамжин олон улсад танигдана гэдэгт итгэлтэй байна. Бид энэ явдлыг өнгөрсөн жил харлаа. Монголд олон улсын тэмцээн цувралаар болсон шүү дээ. Багачууд маань хүртэл Японы багтай тоглож, Азийн футзалын шилдэг багууд Монголд ирлээ гээд сайхан зүйлүүд их болсон. Тиймээс энэ спорт яахын аргагүй цаашид их хөгжих боломж байгааг харуулж байна. Өнөөдөр манайд сагсны лиг хүчээ аваад эхэлчихлээ. Үүнийг залгуулаад хөлбөмбөгийн лиг ч олны анхаарлыг татаад гараад ирнэ. “Авьяаслаг монголчууд”-аас олон авьяастнууд төрж, нийгэмд танигдахаас эхлээд олон сайхан зүйл гарч байна. Алийн болгон бид Төрийн ордныхоо гадна очиж, жагсаал хийх билээ.

-Шинээр бүрдэж байгаа танай багийн хамт олон спортын өндөр амжилт хүсч байна. Үнэхээр сонирхолтой яриа өрнүүллээ. Бид эргээд удахгүй олон сайхан мэдээлэлтэй уулзах юм байна.?

-Бидний санааг дэмжиж, ярилцсан та бүхэнд баярлалаа. Миний хувьд олон жил мөрөөдөж байсан тэр зүйлээ биелүүлж чадлаа. Эрс тэс уур амьсгалтай манай улсад хөлбөмбөгийн спорт хөгжихөд хол мэт санагддаг байх. Гэхдээ бид хамтаараа зүтгэж чадвал нэг л өдөр залуучууд маань Азид, дэлхийд өрсөлдөхийг хэн мэдэх билээ. Ulaanbaatar city FCбагийн тоглогчид зөвхөн хөлбөмбөг тоглоод явахгүй. Баг тамирчид маань сар бүр нийгэмд чиглэсэн төслийн аянд оролцоод явах юм. Тэд өвчтэй хүүхэд эсвэл гэр оронгүй яваа хүүхдүүдэд өөрсдийн гарын бэлгээ өгч, тэдэнд томоохон итгэлийг өгөх аяныг хийх болно. Нэг амралтын өдөр мод тарих мэт бидний нийгмийн төслийн хүрээнд хийх зүйл их бий.  

Ч.БОЛОРЧУЛУУН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна