Ж.Батзанданг байнгын хорооны даргаар томилохыг дэмжлээ

2016 оны 1 сарын 13

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өчигдөр хуралдаж, тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томилох асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

 

Одоо тус байнгын хороог даргалж байгаа УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн томилгооны хугацаа энэ сарын 16-нд дуусч байна. Гэтэл О.Баасанхүү “Намайг хугацаанаас өмнө чөлөөлөх гэж байна” хэмээн нэлээд шүүмжлэлтэй хандсан. Тэрбээр маргааш буюу энэ сарын 13-ны 11.00 цагт өнгөрсөн 2015 онд хийсэн ажлын тайлангаа сэтгүүлчдэд танилцуулах юм байна. 

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, АН болон "Шударга ёс" эвслийн хамтран ажиллах гэрээний дагуу Өргөдлийн байнгын хороог эвслийн бүлэг хариуцах болсон. Яагаад АН-аас нэр дэвшүүлж байна вэ" гэдгийг тодруулав. Уг асуултад АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж "УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүн удирдах болсон тул Өргөдлийн байнгын хороог АН удирдахаар тохирсон" хэмээн хариуллаа.

 

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг байнгын хорооны даргаар томилохыг 100 хувь дэмжлээ.

 

Т.НОМИН