Статистикийн мэдээллийг 15-нд түгээнэ

2016 оны 1 сарын 13

Сар бүрийн 10-даар өмнөх сарын статистик үзүүлэлт ямар байсныг олон нийтэд мэдээлдэг жишиг тогтоод багагүй хугацаа өнгөрч байна. Харин өнгөрсөн сарын статистик мэдээлэл өнөөдрийг хүртэл гараагүй байгаа. Статистик мэдээлэл ийн оройтсон шалтгааныг Бүртгэл статистикийн ерөнхий газрын хэвлэлийн албанаас тайлбарлалаа. Тус газрын хэвлэл, олон нийттэй харилцах газрын мэргэжилтэн хэлэхдээ:

-Үндэсний статистикийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгдэж Бүртгэл статистикийн ерөнхий газар болж байгаагаас сар тутмын статистик мэдээлэл оройтсон гэж ойлгож болохгүй. Сар тутмын статистик мэдээг дараа сарын хэдний өдөр нийтэд мэдээлэх тухай тархаалтын хуваарийг гаргасан. Энэ хуваарийн дагуу энэ сарын 15-ны баасан гаригт 2015 оны арванхоёрдугаар сарын статистик үзүүлэлт ямар байсныг мэдээлэх болно. Мөн өнгөрсөн оны нэгдсэн мэдээлэл ч гарна. Бүтэн жилийн мэдээллийг нэгтгэж байгаа болохоор хугацаа бага зэрэг сунжирсан. Түүнээс бүтцийн өөрчлөлттэй холбоотой ямар нэгэн саатал гараагүй гэдгийг албан ёсоор мэдээлж байна гэлээ.

Тус газраас гаргасан мэдээлэл тархаалтын хуваарь ёсоор нэгдүгээр сарын статистик мэдээг ч хоёрдугаар сарын 15-ны өдөр нийтэд мэдээлэх гэнэ.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна