АЭХ-г хэн авах вэ?

2016 оны 1 сарын 13

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо /АЭХ/-ны ерөнхийлөгчийн суудлын төлөөх марофон эхэллээ. 2012 онд Хан-Уул дүүргээс нэр дэвшин ялалт байгуулж, улмаар Соёл, спорт аялал жуулчлалын сайдын албыг хашиж явсан УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл улс төрийн завсарлага авахаар шийдсэн. Тэрбээр энэ онд болох парламентын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдээд байгаа бөгөөд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн ажлаа ч өгөхөөр болжээ.

Тэгвэл түүний суудлыг авах гэсэн ширүүн өрсөлдөөн Ардчилсан намын эмэгтэйчүүдийн дунд үүсээд байгаа гэнэ. Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо нь 21 аймаг, есөн дүүрэгт салбар зөвлөлтэй, 98 мянган  гишүүнтэй, намын бүх шатны шийдвэр гаргах түвшинд төлөөлөлтэй, улс төрийн хүчирхэг эмэгтэйчүүдийн байгууллага гэдэг утгаараа энэ албан тушаалыг авах гэсэн сонирхол олон хүнд байгаа бололтой. АЭХ-ны ерөнхийлөгчийг сонгох хурал ирэх даваа гаригт буюу энэ сарын 18-нд болохоор товлогджээ.

Өөрөөр хэлбэл, энэ албан тушаалд АН-ын нэр бүхий гишүүд өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж, зарим нэг нь энд тэнд “хор” найруулж яваа сураг ч дуулдаж байна.

Намын бүх шатны шийдвэр нөлөөлж чадах энэ байгууллагыг толгойлохоор УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг болон Г.Байгалмаа, Б.Ургамалцэцэг, И.Нарантуяа нарын хүмүүс өрсөлдөх гэнэ.

С.Одонтуяа бол С.Эрдэнийн хүн гэгддэг. Өнгөрсөн 2012 онд С.Эрдэнэтэй хамт Баянголоос нэр дэвшиж ялалт байгуулсан бөгөөд УИХ-ын дарга З.Энхболдын үүсгэн байгуулсан “Шонхор” фракцийн гишүүн. АН-ын бүлгийн дэд даргаар ажилладаг. С.Эрдэнэ хаана л явна тэнд С.Одонтуяа явж харагддаг. Өнгөрсөн дөрвөн жилд хийгээд гавьсан ажил байхгүй ч хэл аманд орооцолдсон нь цөөн.

Л.Эрдэнэчимэг нь 2012 онд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж ялалт байгуулсан. АН-ын нэг фракци болох МоАХ-ны дэд даргаар ажилладаг. Шинэ оны өмнөхөн Байгаль орчин, хүнд хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар томилогдсон. Ардчилсан намынд төдийгүй УИХ-д суугаа эмэгтэйчүүдээс хамгийн их нэр хоч зүүсэн нь Л.Эрдэнэчимэг гэж хэлэхэд буруудахгүй. Туулайны анчин, бенз, бүжигчин гээд тэрбээр гаргасан үйлдэл, хэлсэн үгнээсээ болоод “намбагүй” гэсэн сөрөг үнэлэмжтэй болчихоод байгаа.  Тавантолгойг гацаахад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүний нэг бол Л.Эрдэнэчимэг гишүүн. Үүнийг З.Энхболд, Х.Баттулгын үүрэг даалгавраар гүйцэтгэж, оронд нь байнгын хорооны даргаар шагнуулсан гэсэн хов жив ч байна. Мөн  энэ жилийн сонгуулиар жагсаалтад багтах магадлал өндөр гэж нам дотор нь хардах хүмүүс ч байгаа юм. Ямар ч байсан тэрбээр Б.Батзаяаг баривчлагдсаны маргааш өдөр Х.Баттулгатай хэвлэлийн бага хурал зарлаж, Тавантолгойн төслийн шинэ хувилбарыг танилцуулж байснаас хойш нам гүм болсон. Хэдийгээр түүнд намынх нь удирдлага болох зарим эрчүүд талтай ч, эмэгтэйчүүдийнхээ дунд дэмжлэг муу гэж ярих хүмүүс байна.

Б.Ургамалцэцэг өмнө нь БСШУ-ны дэд сайдаар ажиллаж байсан. Одоо Ерөнхий сайдын  орон тооны бус зөвлөх хийдэг. Ардчилсан намын Алтангадас фракцийнх.

Г.Байгалмаа нь өнгөрсөн даваа гаригт УИХ-ын даргын зөвлөхөөр томилогдсон. Түүнийг УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүн гэдэг. МоАХ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Дэд сайдуудын цомхотголоор Барилга хот байгуулалтын дэд сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Олон нийтэд төдийлөн танигдаагүй.

И.Нарантуяа нь Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар ажиллаж байгаад шинэ оны өмнөхөн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэрбээр УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан гэдэг. Өмнө нь Баянзүрх дүүргээс нэр дэвшиж байгаад ялагдсан. З.Энхболдын буюу “Шонхор” фракцийн хүн гэгддэг. Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар ажиллаж байхдаа С.Эрдэнийн хүүг ажилд авсан, тэр нь ажилдаа ирдэггүй гэсэн шүүмжлэлд өртөж явсан. Түүнийг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар ажиллаж байх үед дуулиан тарьсан олон хэрэг мандсан. Хойд аавдаа зодуулсан, төрсөн эцэгтээ заазуурдуулсан, хазуулсан гээд хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хэргүүд тасраагүй.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид горилогчдыг товч танилцуулахад нэг иймэрхүү.

Т.СОЛОНГО

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна