Барилга барих зөвшөөрлийг таван жилээр олгоно

2016 оны 1 сарын 13

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Барилгын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлд барилга барих тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгохоор заажээ.

Эл асуудлын хүрээнд байнгын хорооны дарга Ц.Баярсайхан “Усан цахилгаан станц барихад 5-6 жил шаардлагатай. Том бүтээн байгуулалтад үүнээс ч их цаг хугацаа шаардана. Барилгаа барьж ашиглалтад хүлээлгэж өгч амжаагүй байтал тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусах болж байна. Барилгын салбарт 70-80 жил ажилласан туршлагатай компаниуд олон бий. Ер нь барилгын тусгай зөвшөөрөл олгох хугацаагаа эргэж харах шаардлагатай байна” гэдгийг хэлэв.

Тус хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Батсуурь “Хугацааг олон талаас нь ярилцаж, 5 жил тохиромжтой гэж үзсэн. Хугацаагаа дахин сунгуулахад 5 жил, тэгэхээр нийтдээ 10 жил болж байгаа” гэсэн тайлбар хийв.

Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийн тайлбарласнаар барилга барих тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллага олгох аж.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор одоо ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна