Гацууртын ордыг анхны хэлэлцүүлгээр нь батална

2016 оны 1 сарын 13

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн анхны хэлэлцүүлгээр нь батлахаар санал нэгдлээ.

Гацууртын алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Сентерра гоулд Монголиа” ХХК юм.

Засгийн газрын зүгээс тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай ярилцсаны үндсэн дээр Гацууртын орд дахь төрийн эзэмшлийн хэмжээг ашигт малтмалын тухай хуульд заасан дээд хязгаар болох 34 хувиар тогтоож, уг хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах шийдэлд хүрсэн юм.

Уул уурхайн сайдын тайлбарлаж байгаагаа бол уг ордыг ашигласан нөхцөлд Монгол Улс рояльтын 3 хувийн татвар авна. Энэ нь 432.3 тэрбум төгрөг буюу нийт ашгийн 68.2 хувь оногдоно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Мөн жилдээ 5 тонн алтыг төв банкинд тушаана. Своп нөхцөлөөр тушаасан нөхцөлд 189 сая ам долларын орлого бүрдэх юм байна.

Мөн ордоос 9-10 жил алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл явагдана. Нийт хөрөнгө оруулалтын зардал нь 215.9 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433,6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх бөгөөд 1000 орчим ажлын байр бий болох урьдчилсан тооцоо байна.

Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Барилгын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалган чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж, хуралдаанаа өндөрлүүлээд байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна