Үндсэн хууль тогтоогчдын Холбооны уулзалт, ярилцлага боллоо

2016 оны 1 сарын 13

Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 24 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Үндсэн хууль тогтоогчдын Холбооны уулзалт ярилцлага өнөөдөр /2016.01.13/ Төрийн ордонд боллоо.

Уулзалт ярилцлагад Улсын Их Хурлын дэд дарга, Ардын Их Хурлын депутат Л.Цог болон Улсын Их Хурлын гишүүн, Ардын Их Хурлын депутат Н.Батбаяр болон Ардын Их Хурлын депутатууд оролцов.

Энэ үеэр Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог Ардын Их Хурлын депутатуудад баярын мэнд хүргэлээ. Мөн тэрээр одоогоос 24 жилийн өмнө 430 Ардын Их Хурлын депутат Ардчилсан үндсэн хуулиа баталсан гэдгийг онцлон тэмдэглээд одоогийн Улсын Их Хурал Үндсэн хуулийн талаар баримталж байгаа бодлогын талаар танилцуулав.

Мөн Үндсэн хууль тогтоогчдын холбооны Ерөнхийлөгч Д.Моондой “Зарим орны Үндсэн хуулийн нэмэлт” сэдвээр илтгэл тавив. Тэрээр илтгэлдээ, Үндсэн хуулинд нэмэлт хийдэг ёс зүй, зарчим, уян, хатуу Үндсэн хуулийн талаар болон АНУ-ын Үндсэн хуулинд орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө. Тухайлбал Франц Улсад 2 парламент, Ерөнхийлөгч, Засгийн газар, Үндсэн хуулийн зөвлөл нь Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг хийдэг байна. Мөн аль ч парламент бүрэн эрхийн хугацааны сүүлд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцдэггүй. Япон Улс 1947 оноос хойш өөрчлөлт оруулаагүй зэрэг мэдээллийг дэлгэрүүлэн хүргэлээ.

Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 24 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан Үндсэн хууль тогтоогчдын Холбооны уулзалт ярилцлагад 180 гаруй депутат оролцон санал бодлоо илэрхийлж, харилцан санал солилцов.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна