Хуучирсан мэдээ: 2016.01.13-нд нийтлэгдсэн

ТТ-н төсөл юу болов?

Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Х.Баттулга нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 2-нд хэвлэлийн хурал хийж, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод хүргүүлэх гэж байгаагаа мэдэгдсэн. Ингээд хэвлэлийн хурал хийснээс сар гаруйн дараа буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 15-нд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс тодруулахад “Засгийн газрын гишүүд болон яамдууд санал өгөхгүй байна. Тиймээс дараагийн долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 21-22-ны өдрүүдэд багтааж УИХ-д өргөн барихаар бэлдэж байна. Одоогийн байдлаар тогтоолын төсөл болон хууль өргөн барихад тодорхой бичиг баримт бүрдүүлсэн байх шаардлагатай. Жишээ нь, Төрийн бус байгууллагуудын саналыг авсан байдаг. Тэгэхээр Төрийн бус байгууллагуудаас санал авахаар хоёр, гурван газар албан бичиг хүргүүлсэн. Энэ материал бүрдвэл дараагийн долоо хоногийн даваа юм уу, мягмар гариг гэхэд УИХ-ийн дарга З.Энхболдод өргөн барихаар бэлдэж байна” гэсэн юм.

Гэтэл одоо хүртэл УИХ-д өргөн бариагүй. Ямар учраас Таванолгойн төсөл гацаанд орсон нь одоогоор тодорхойгүй байна. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Х.Баттулга нар хэвлэлийн хурал хийхдээ 40 гишүүний гарын үсэгтэй хуулийн төсөлд ихээхэн ач холбогдол өгч байсан юм. Гэтэл он дамжсан энэ төслийн сураг өдөр ирэх тусам алдарсаар байна гэлтэй. Тиймээс УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс дараах тодруулахыг хүссэн ч тоймтой хариу хэлсэнгүй.

-Та өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд Тавантолгойн төслийг УИХ-д өргөн барина гэж байсан. Гэтэл одоо хүртэл бариагүй байна. Энэ асуудал юу болсон бэ?

-Энэ долоо хоногт өргөн барина.

Тун чиг товчхон энэ хариултыг сүүлийн нэг сарын турш өгч байгаа билээ.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж