"Санхүүгийн зах зээлийн хөгжлийг шинэ түвшинд гаргана"

2016 оны 1 сарын 13

Монголбанкны Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Ж.Батаатай “Монгол Улсын санхүүгийн зах зээлийн 2025 он хүртэлх хугацааны шинэчлэл, хөгжлийн хөтөлбөр”-ийн талаар ярилцлаа.

-Монголбанк Санхүүгийн зохицуулах хорооноос санаачилсан “Монгол Улсын санхүүгийн зах зээлийн 2025 он хүртэлх хугацааны шинэчлэл, хөгжлийн хөтөлбөр”-т хамтран зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм байна. Уг хөтөлбөрийн хүрээнд Монголбанк ямар ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна?

-Юуны өмнө Монголбанкнаас санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх урьдач нөхцөлийг бий болгох зорилгоор санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг сайжруулах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, тэр дундаа олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх тал дээр Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллахаар төлөвлөсөн бөгөөд цаашид эрсдэлд суурилсан нэгдсэн хяналт, шалгалтын тогтолцоог нэвтрүүлэх, 2025 он гэхэд олон улсын хөгжлийн түвшинтэй эн зэрэгцэхүйц санхүүгийн зах зээлийг бий болгохоор шат дараалласан арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Монголбанкны тухайд өөрийн чиг үүргийн хүрээнд банкны системийн тогтвортой байдлыг хангах, банк хоорондын үнэт цаас, валютын захыг хөгжүүлэх тодорхой арга хэмжээ авахаас гадна Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн хувиар Засгийн газрын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх замаар санхүүгийн зах зээлийн хөгжилд дэмжлэг үзүүлнэ. Мөн дээр дурдсанчлан олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх тал дээр бусад 2 байгууллагатай хамтран онцгой анхаарч ажиллахаар төлөвлөж байна.

-Та уншигчдад энд дурдсан ажлуудын гол ач холбогдлыг тайлбарлаж өгөхгүй юу?

-Тухайлбал, Монголбанкнаас Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран үндсэн дилерийн системийг нэвтрүүлэхээр төлөвлөөд байна. Энэ нь ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх, дотоодын санхүүгийн зах зээлд өрийн хэрэгсэл гаргаж буй компаниудад бодит жишиг хүүг бий болгох, цаашилбал ЗГҮЦ-ны хүүгийн зардлыг бууруулж, уян хатан өрийн удирдлагын бодлого боловсруулах боломж нэмэгдэх, санхүүгийн бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн ач холбогдолтой.

Үүнээс гадна Монголбанкнаас банк хоорондын гадаад валютын зах зээлийг хөгжүүлэх, ханшийн эрсдэлээс хамгаалах тогтолцоог бий болгохоор шат дараалласан арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтоод байна. Тухайлбал энэхүү ажлын эхлэл болгож бид 2014 оноос банкуудын гадаад зах зээлээс татсан урт хугацаат эх үүсвэрт ханшийн эрсдэлээс хамгаалах ам.долларын своп хэлцэл байгуулж эхэлсэн. Энэ нь валютын орох урсгал татарсан үеүүдэд орох урсгалыг дэмжих, банкуудыг валютын ханшийн эрсдэлийг харилцагчиддаа дамжуулахаас сэргийлсэн арга хэмжээ болсон бөгөөд цаашид банк хоорондын үүсмэл хэрэгслийн зах зээлийг хөгжүүлэх замаар системийн хэмжээнд ханшийн эрсдэлийг бууруулах зорилгыг тавьсан. Манайх шиг түүхий эдийн үнийн хэлбэлзэлд өртөмтгий эдийн засагтай улсад гадаад валютын ханшийн эрсдэл бизнесийн томоохон эрсдэлүүдийн нэг болдог тул үүсмэл хэрэгслийн зах зээлийг хөгжүүлэх, банкны харилцагчдын мэдлэгийг дээшлүүлэх, банк хоорондын зах зээлд эрсдэлийг удирдах нөхцөлийг бий болгох нь чухал ач холбогдолтой.

Түүнчлэн Төв банкны тухай хуульд Монголбанкны үндсэн зорилтыг “Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ” гэж заасан байдаг. Тийм ч учраас санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих нь Монголбанкны хувьд цоо шинэ ажил биш бөгөөд Монголбанк энэ чиглэлд өөрийн чиг үүргийн хүрээнд чухал алхмуудыг хийсээр ирснийг дурдах нь зүйтэй болов уу.

-Тэгэхээр ямар ажлууд хийгдсэн бэ?

-Тухайлбал, 2010 онд Монголбанк, банк хооронд валютын своп, форвард хэлцэл байгуулах нөхцөлийг бүрдүүлснээр төгрөгийн болон валютын зах нь мөнгөний бодлогод нийцтэйгээр ажиллах, банкууд илүүдэл нөөцөө удирдах нэмэлт арга хэрэгсэлтэй болох, спот захад үзүүлэх дарамтыг бууруулах, ханшийн хүлээлтийг бий болгох, ирээдүйн ам.долларын урсгалыг зохицуулах, ханшийн эрсдэлээс хамгаалах арга хэрэгсэлтэй болох зэрэг хэд хэдэн давуу талыг бий болгосон. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Монголбанкнаас своп, форвард хэлцлийн хэрэглээг дэмжих, шаардлагатай үед төв банкны санхүүжилтийн байнгын болон байнгын бус хэрэгслүүдээр эх үүсвэр нийлүүлэх байдлаар банкны системийн төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг бууруулахгүй байхад анхаарч ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч байна.

Цаашилбал, 2011 онд Монголбанк Хятадын Ардын Банктай үндэсний мөнгөн тэмдэгт солилцох юанийн своп хэлцлийг байгуулснаар шаардлагатай үед гадаад валютын дотоодын захад юань нийлүүлж, хөрвөх чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй нийт валютын зах дахь нэг валютын хэт төвлөрлийг бууруулахад чухал хувь нэмрийг үзүүлсэн юм.

Түүнчлэн Монголбанкнаас банк хоорондын захын богино хугацаат хүүгийн түвшин, түүний хэлбэлзлийг хянах чадварыг нэмэгдүүлэх, хүүний шилжих механизмын эхний хэсгийн нөлөөг сайжруулах зорилгоор 2013 оны 3 дугаар сард “Хүүний коридор”-ыг нэвтрүүлж, мөнгөний бодлогын хэрэгжилтийг боловсронгуй болгох чухал алхмыг хийсэн.

Эцэст нь дүгнэж хэлэхэд Монголбанк санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд өөрийн үндсэн зорилт, чиг үүргийн хүрээнд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд энэ удаагийн хөтөлбөр нь дээрх арга хэмжээг илүү өргөн хүрээнд СЯ, СЗХ, МБ-ны хамтын ажиллагааны дүнд, өмнө нь дангаар шийдвэрлэх боломжгүй байсан асуудлуудыг системтэйгээр төлөвлөж, хэрэгжүүлэх боломжийг бий болгож байгаагаараа илүү онцлог болж байна.

Б.ХОНГОР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна