Н.Батцэрэг сайд “Хавх” аянд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2016.01.13-нд нийтлэгдсэн

Н.Батцэрэг сайд “Хавх” аянд нэгдлээ

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгт Ховд аймгийн Манхан сумын байгаль хамгаалагч “Бөхөн”, “Гүем” клубын сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. 60 гаруй сурагч гишүүнтэй клубын хүүхдүүд “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг өөрсдийн санаачилгаар өрнүүлж хоёр сарын хугацаанд 151 хавх цуглуулсан бөгөөд тэдгээр хавхаараа орон нутагтаа “Эх дэлхийн энх амгалан байг” нэртэй хөшөө байгуулжээ. БОНХАЖ-ын сайдтай уулзсан “Бөхөн”, “Гүем” клубын сурагчид “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг орон даяар зургаан сарын хугацаанд явуулах, хавхны талаарх хууль хяналтын зохицуулалтыг хийж өгөх, гэсэн саналуудыг тавьсан юм.

Н.Батцэрэг сурагчидтай уулзалтын үеэр “Орчин цагийн боловсролын дээд хэлбэр бол та бүхний хийж хэрэгжүүлж байгаа байгаль эх дэлхийгээ хайрлах, ховор ан амьтнаа хамгаалах тэр дундаа байгаль экологийн тэнцвэрт байдал хангагдаж байгаа эсэхийг хамгийн тодоор харуулж байдаг индикатор амьтан болох цоохор ирвэсийг хамгаалж байгаа үйл хэрэг” гэдгийг онцлоод сурагчдын тавьсан хүсэлтийг хүлээн авч ажил хэрэг болгон дэмжин ажиллахаа илэрхийллээ. Клубын сурагчид сайдад хавх хураах аяны үеэр тохиолдсон бэрхшээлтэй болон сайхан дурсамжуудаасаа хуваалцаж өөрсдийн зурсан цоохор ирвэс, гүемийн зургаа бэлэглэсэн бол сайд ч мөн сурагчдад сурлагын амжилт хүсч, гарын бэлгээ гардуулжээ.

А.АМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж