Баримтаа бүртгүүлэхгүйгээр сугалаанд оролцож болно

2016 оны 1 сарын 13

Сэтгүүлч:
Улаанбаатар

НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдсан урамшуулалт олгохтой холбогдсон шинэчлэлт өөрчлөлт нэгдүгээр сарын нэгнээс хойш хэрэгжиж эхэлсэн. Өнөөдөр 13 дахь өдрөө хэрэгжээд явж байна. Энэ хугацаанд гарч байгаа буруу зөрүү ойлголтыг залруулах үүднээс Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв, МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав, Гааль, татварын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Отгонтулга нар мэдээлэл хийлээ.

НӨАТ-ын хууль жигдрээд ирэхээр сар бүр сугалааны тохирол явагдана

Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв: -Өнөөдрийн байдлаар Гааль, татварын ерөнхий газарт иргэдийн 1,3 сая баримт ирсэн. Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Одоогоор Гааль, татварын ерөнхий газарт ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Иргэд худалдан авсан үнийн дүнгээс үл хамааран тухайн баримтаар хонжворт сугалаанд оролцох боломжтой. Нэг баримт нэг сугалааны эрх гэсэн зарчмаар сугалааг зохион байгуулна. НӨАТ-ын хууль жигдрээд ирэхээр сард бүр нэг удаа хонжворт сугалааг зохион байгуулна. Энэ жилийн анхны тохирлыг нэгдүгээр сарын 17-нд МҮОНРТ-ийн шууд эфирээр цацна.

Нягтлан бодогчид НӨАТ-ын хуулиа уншаасай

МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав: -НӨАТ-ын хуулиар нэг жилд 430 сая гүйлгээ хийнэ гэж тооцож байгаа. www.ebarimt.mn сайтыг өргөтгөх шаардлагатай байгаа учир өчигдөр Засгийн газрын хуралдаанаар 2 тэрбум төгрөг нөөц сангаас гаргахаар шийдсэн. Үүний эхний 300 сая төгрөгөөр ачааллыг даах хэмжээний техникийн нөхцөл бий болгоно. Мөн албан байгууллагын нягтлан бодогчид НӨАТ-ын хуулийг бүтнээр нь уншиж судлаад, зөв ойлголттой болохыг хүсэж байна.

Баримтаа бүртгүүлэхгүйгээр сугалаанд оролцож болно

“НӨАТ-ын урамшууллын систем" төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга: -Иргэдийн гар дээр өнөөдрийн байдлаар 1,5 сая код бүхий баримт очоод байна. Тус баримтыг энэ сарын 17-нд болох сугалааны тохирлын үеэр тааруулаарай гэж иргэдэд зөвлөмөөр байна. Нэг зүйлийг сануулж хэлэхэд иргэд өөрсдийн гар байгаа баримтаа заавал өнөөдөр ч гэдэг юм уу маргааш ч гэдэг юм уу www.ebarimt.mn сайтад бүртгүүлэх шаардлагагүй. Сугалааны тохирол явснаас хойш гурван сарын хугацаанд баримтаа нөхөж оруулж болно. Харин хоёр хувийн буцаалт авахын тулд зайлшгүй www.ebarimt.mn сайтад нэг жилийн дотор бүртгүүлсэн байх шаардлагатай.

-Сугалааг хэрхэн тааруулах вэ?

-Сугалааг тааруулахдаа найман оронтой тооны сүүлчийн дугаараас эхлэн тааруулна. Найман тоо бүгдээрээ таарсан нэг супер азтанаар шалгарах юм. Тодруулж хэлбэл энэ сарын 17-ны өдөр 100 сая төгрөгийн азтан тодрох боломжтой. Хэрэв супер азтан тухайн үед шалгараагүй бол дараагийн сард 150 сая төгрөг болж өснө. Энэмэтчилэн энэ жил нийтдээ 18 удаа сугалаа зохион байгуулна. Ямар нэгэн супер азтан тодроогүй бол 950 орчим сая төгрөгийн шагналын сантай супер азтан тодрох боломжтой. Тиймээс эхний сугалаан дээр хожоогүй байна гээд баримтаа хаяж болохгүй.

-www.ebarimt.mn сайтын ачаалал хэр байна вэ. Зарим хүмүүс орж чадахгүй байна гэж гомдоллох болсон?

-Манай www.ebarimt.mn сайтад өдөрт 100 мянган хүн хандаж байна. Энэ нь Монгол Улсын ачаалал ихтэй сайтуудын тоонд орж байгаа юм. Системийн ачааллыг ямар учраас үүсгээд байна вэ гэхээр кассын машингүй газрууд www.ebarimt.mn сайтаар дамжуулж баримт хэвлэх зорилгоор идэвхтэй ороод байгаа учраас тооцоологдоогүй ачаалал ирээд байна. Кассын машин нийлүүлж байгаа компаниуд нийлүүлэлтийн ачааллаа дийлэхгүй байгаа учраас сайт ачаалалтай байна. Одоогоор системийн өргөтгөл хийж байна. Энэ ажлыг ойрын хугацаанд шийдвэрлээд сугалааны тохирлоос өмнө бүрэн ажиллагаанд оруулна.

Т.ДАВААНЯМ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна