Хууль бус ан хийсэн 34 зөрчил бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.01.13-нд нийтлэгдсэн

Хууль бус ан хийсэн 34 зөрчил бүртгэгджээ

Өнгөрсөн онд ховор болон нэн ховор амьтныг хууль бусаар агнасан 34 зөрчил нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт бүртгэгджээ. Ялангуяа хандгай, тарвага, чоно, тул загасыг хууль бусаар агнах явдал гарах болсон байна. Хамгийн сүүлд л гэхэд 2016 он гарсаар хууль бусаар чоно агнаж, борлуулах гэж оролдсон нэг хэрэг бүртгэгджээ. Тухайлбал, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Б зургаан чоно хууль бусаар агнаж, нийслэлийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хадгалж байжээ. Иргэн Б эдгээр чоныг худалдан борлуулах гэж байсан гэж мэдүүлсэн байна. Энэ иргэнд хуулийн дагуу чоныг нь хурааж, долоон сая орчим төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.

Иргэдэд сануулахад, чоно, хандгай зэрэг ховор амьтныг тусгай зөвшөөрөл, зориулалтын дагуу агнаж барих хуультай байдаг. Харин ховор ан амьтныг зөвхөн эрдэм шинжилгээний зориулалтаар агнадаг аж. Өөрөөр хэлбэл, ховор ан амьтныг ахуйн хэрэгцээнд агнах нь хуулиар хориотой гэдгийг сануулж байна. Энэ ч үүднээс ховор амьтныг агнасан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэдэг аж.

Сүүлийн жилүүдэд чоно, хандгайг хууль бусаар агнаж, эд эрхтнийг нь худалдан борлуулах зар интернет сайтуудад тавигдах болсон билээ. Тэгвэл энэ асуудалд НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Бат “Ховор амьтны эд эрхтнийг элдэв өвчин анагаадаг хэмээн интернет сайтуудаар зар тавьсан байдаг. Гэтэл энэ нь шинжлэх ухаанаар баталгаажаагүй зүйл гэдгийг иргэдэд анхааруулмаар байна. Энэ ч үүднээс ховор амьтдыг хууль бусаар агнаж, эд эрхтнийг зарах интернет заруудад шалгалт хийж, захиргааны шийтгэл, торгууль оногдуулдаг” гэв.

Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж