Малчдад мөнгөн тусламж хүргэнэ

2016 оны 1 сарын 13

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 170 суманд цаг агаар муудаж, зудад нэрвэгджээ. Энэ 170 сумын малчин өрхүүдэд туслахаар Олон улсын улаан загалмайн холбооноос эхний ээлжид 400 сая төгрөгийг бэлджээ. Гэхдээ эхний ээлжид эмзэг бүлгийн буюу ахмад болон бага насны хүүхэд, жирэмсэн эхтэй өрхүүдэд ирэх баасан гаригаас тусламж хүргэхээр бэлтгэсэн байна.

Мөн олон улсын байгууллагаас “Малчид зуд турханд нэрвэгдсэнээс гар дээрээ бэлэн мөнгөгүй болж, ядуурч байна” гэх мэдээллийг хүргэх болжээ. Энэ ч үүднээс малчдын дунд “Ямар төрлийн тусламж нэн шаардлагатай вэ? гэх судалгааг явуулсан байна. Судалгаагаар малчдын ихэнх нь бэлэн мөнгөний тусламж шаардлагатай гэжээ. Судалгаанд оролцогчдод 50 мянгаас дээш бэлэн мөнгөтэй өрх ховор гэх үр дүн гарчээ. Тиймээс Улаан загалмайн нийгэмлэг олон улсын байгууллагын тусламж, дэмжлэгийг бэлэн мөнгө хэлбэрээр малчдад хүргэхэд анхаарч ажиллана гэж мэдээллээ.

Энэ жилийн хувьд Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсан билээ. Гол нь хуулийг шинэчлэн баталснаар үндэсний хүмүүнлэгийн байгууллагын статус нь албан ёсоор баталгаажиж байгаа аж. Мөн Улаан загалмайн байгууллага нь бусадтай адил энгийн ТББ бус, төрийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нэмэлт хүч болж ажилладаг, хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагатай байгууллага гэдгийг онцлон зааж өгчээ. Мөн ашгийн төлөө бус, татвараас чөлөөлөгдсөн, үндэсний хүмүүнлэгийн байгууллага гэж хуульчилсан байна. Ийнхүү улаан загалмайн байгууллага бие даасан хуулиа шинэчлэн батлуулснаар чиг үүрэг нь улам тодорхой болсон, ингэснээр хүн амд хүрэх хүмүүнлэгийн тусламж үйлчилгээнд илүү ахиц гарч, ойртох ач холбогдолтой гэдгийг энэ үеэр дурдаж байлаа.

Б.ЗОЛЗАЯА


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна