Соёлын хуульд таны санал ч хэрэгтэй

2016 оны 1 сарын 13

”Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” нэртэй хэлэлцүүлгийг Боловсролын яаманд өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ҮДБЭЧ-ийн ерөнхий удирдаач Н.Буянбаатар, Төрийн шагналт, МУАЖ Н.Сувд, яруу найрагч Ц. Хулан, Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Ч.Мөнхзул, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, ШУ-ны доктор, профессор Ж.Батсуурь, Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн З.Баянзул, МУГЖ Г.Урнаа зэрэг Монгол улсын соёл урлагийн байгууллагын удирдах ажилтнууд, урлаг соёлын зүтгэлтнүүд, уран бүтээлчид, мэргэжлийн урлагийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Соёлын тухай хууль, Киноны тухай хуулийн хоёр том төслийг ирэх гуравдугаар сарын эхээр УИХ-д өргөн барих гэж буйтай холбогдуулан Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар соёлын удирдлага, менежмент, мэргэжлийн уран бүтээлчдийн тэтгэвэр тэтгэмж зэрэг асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэж байгаа юм. Засгийн газраас Соёлын хуулиас гадна Киноны тухай хуулийн үзэл баримтлалыг баталсан бөгөөд одоогоор хуулийн төсөл 90 хувьтай байгаа талаар хэлэлцүүлгийн зохион байгуулагчид ярьж байлаа.

Хэлэлцүүлгийг зохион байгуулагчид Соёлын тухай одоо мөрдөж буй хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд соёлын удирдлагын тогтолцооны талаар /11.5/ тухайлбал Соёлын байгууллага удирдах зөвлөлтэй байж болно гэдэг заалт, Соёлын байгууллагад хандив тусламж өгсөн тохиолдолд татвараас чөлөөлөх, мэргэжлийн уран бүтээлчдийн тэтгэвэр, тэтгэмжийн баталгаа зэрэг асуудалд саналаа ирүүлэхийг уриалж байв. Хэлэлцүүлгийг одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар явуулж байгаа бөгөөд Соёлын тухай хуулийн үзэл баримтлалыг Засгийн газраас нэгэнт баталсан тул тэр үзэл баримтлалын хүрээнд уялдуулж нэмэлт өөрчлөлт орохыг сануулж байсан юм.

2012 онд Монголын соёл урлагийн салбарын олон уран бүтээлч, соёлын байгууллагын удирдлагуудын саналыг тусгасан Соёл урлагийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан боловч урлаг хэмээх үг орсноос болж, хуулийн төслийг шинэчилсэн найруулгын төсөл биш, шинэ хуулийн төсөл байна хэмээн буцаасан юм. Тиймээс энэ хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас баталсан Соёлын хуулийн үзэл баримтлалын хүрээнд санал оруулвал дэмжигдэх магадлалтай гэж хэлэлцүүлгийн зохион байгуулагчид хэлж байлаа.

Хэлэлцүүлэгт оролцогчид Соёлын тухай хууль гэдэг нэрнээс хэлэлцүүлгийг эхэлье гэдэгтэй санал нийлсэн юм. Тэдний үзэж буйгаар соёлыг өрөөсгөл биш, өргөн ойлголтоор нь ойлгох цаг болсон гэцгээж байв. Үндэсний соёлыг гадны соёлын нөлөөнөөс хамгаалах дархлааг бий болгох тухай асуудал хамгийн их яригдсан.

ШУ-ын гавьяат зүтгэлтэн, ШУ-ны доктор, профессор Ж.Батсуурь “Соёл бол хуруунд зүүх бөгж, чихэнд унжуулах ээмэг биш” гээд өргөн хүрээтэй соёлын асуудлыг салбарын асуудал маягаар ойлгож ирснийг шүүмжилсэн. Доктор цааш нь ”Соёлын асуудал бол Монгол Улсын оршин тогтнох суурь үндэс гэдгийг энэ хуулинд нэвт шингээж өгөх хэрэгтэй. Монгол арга ухааны цогц тогтолцоо эвдэгдээд, гадны соёлын даяаршилд хавтгайрч, сүйтгэгдлээ. Соёлын хууль бол Үндсэн хуулийн зиндааны амин чухал хууль. Соёлын тухай ойлголт өрөөсгөл биш, өргөн хүрээтэй байх ёстой. Үүний тулд төрөөс баримтлах соёлын тухай бодлогоо янзлах хэрэгтэй. Энэ чинь монгол хүний оршин тогтнох язгуур үндэс шүү. Соёлын тухай хуулинд ялангуяа гэр бүлийн асуудал нэгдүгээрт байх ёстой. Одоогийн хуульд болохоор иргэн, байгууллага гэж заасан ч гэр бүл гэж огт дурдаагүй. Адаглаад л гэрийн эзэгтэй өглөө босоод цайны дээжээ өргөдөг чинь монгол соёл шүү дээ. Соёл урлагийн уламжлалт бодлогыг хүүхдэд цэцэрлэг, бага сургуулиас эхлэн тусгай хичээл болгож оруулмаар байна. Мөн соёлын өвд суурилсан бүтээлч үйлдвэрлэлийг бий болгохыг энэ хуулинд тод томруунаар оруулах шаардлагатай. Соёлын хуулийг соёл урлагийн хэдэн байгууллагын үүрэг гэх маягтай үзэл баримтлалаар бид явж байна. Алийн болгон нүүр гараа, шүдээ яаж зөв угаах вэ гэдэг соёлын ойлголттой явах юм бэ бид чинь.”

Монголын Үндэсний музейн төлөөлөгч н.Баярсайхан “Үндэсний соёлын дархлааг бий болгох, сайжруулах, хөгжүүлэх нь соёлын хуулийн гол зорилт байх болов уу” гэсэн бол яруу найрагч Ц.Хулан гадаадын соёлын интервенцээс Монголын хэл соёл, уламжлалаа яаж хамгаалах вэ, юун түрүүнд соёлын оролцогчид гэдгээр хэнийг хэлж байгаа вэ гэдгээ яаж тодорхойлохыг асуусан юм. ДБЭТ-ийн захирал Ч.Мөнхзул хуулийн төсөлд санал оруулахын өмнө соёл, соёлын байгууллага, соёлын үйл ажиллагаа гэж юу вэ гэдгийг эхлээд тодорхойлох хэрэгтэй байна гэсэн юм.

Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт мэргэжилтэн З.Баянзул:

-Хууль бол хүмүүсийн харилцааг зохицуулдаг хэрэгсэл. Гэхдээ төрөөс баримтлах соёлын тухай үзэл баримтлалыг авах юмгүй гэж хэлэх нь зохисгүй. Үүнээс авах юм байгаа, хаях юм ч бий. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Соёлын тухай хууль бол 1996 онд баталсан хууль. Энэ хэлэлцүүлгийн зорилго бол хуулиа сайжруулаад, шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулах. Гэхдээ одоо мөрдөж буй хууль монгол соёлын дархлаа болж байна уу гэвэл үгүй. Гэвч харамсалтай нь нэг далайлтаар өргөн хүрээтэй өөрчлөлтийг энэ хууль өөрөө даахгүй. “Олон нийтийн радио телевизийн нийт контентийн 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна”, мөн “Бусад телевиз радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа нийт контентийн 50-аас доошгүй хувь нь үндэсний нэвтрүүлэг байна” гэсэн хоёр заалт оруулахын тулд УИХ дээр ямар их маргаан дэгдэж байсныг та бүхэн өөрсдөө мэднэ хэмээн тайлбарласан юм.

Хэлэлцүүлэг эхлэх үеэс л уран бүтээлчид асуудалд нухацтай хандахыг сануулж, бушуу туулай борвиндоо баастай гэдгийн үлгэрээр ганц өдөр хэлэлцүүлэг явуулсан болоод өнгөрвөл энэ хууль өнгөц, түүхий хууль болно гэж анхааруулсан юм. Хэлэлцүүлгийн зохион байгуулагчдын хэлснээр Соёлын хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг үүгээр зогсохгүй бөгөөд хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилгыг дахин хэлэлцэж, ирэх хоёрдугаар сарын 10-нд УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгааг сануулж байв.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна