Улс төрийн намын тухай хуулиар ажлын хэсэг байгуулна

Хуучирсан мэдээ: 2016.01.13-нд нийтлэгдсэн

Улс төрийн намын тухай хуулиар ажлын хэсэг байгуулна

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Тус байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай шинэчилсэн найруулгаболон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Хяналтын тухай, болон Төрийн албаны тухай шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийх хуваарьтай. Төрийн албаны тухай хуулийн төсөлд эргэж харах зүйл байгаа гэсэн үндэслэлээр хойшлуулж өгөхийг ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ. Тиймээс Төрийн албаны тухай хуулийн төслийг хойшлууллаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хойшлуулах тухай горимын санал гаргасан. Тэрбээр “Улс төрийн намын тухай хууль энэ сарын 4-нд өргөн баригдсан. Энэ хуулийг нухацтай уншиж судлах хэрэгтэй. Өнөөдөр хүн бүр намыг шүүмжилдэг. Тэр дундаа сонгуулийн өмнө намыг үгүйсгэх нь хэр оновчтой вэ. Амьдрал дээр энэ хууль нарийн асуудал. Энэ хуулиас цаашлаад иргэний эвлэлдэн нэгдэх, үндэсний аюулгүй байдал, Монгол улсын хувь заяа хамаарна” гэсэн юм. Үүнтэй холбоотой гишүүд саналаа хэллээ. УИХ-ын гишүүн Су.Батболд:

-Сонгуулийн, Улс төрийн намын тухай гол тулгуур хууль. Тиймээс энэ хуулийн төслийг хойшлуулах Д.Лүндээжанцан гишүүнийг саналыг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн С.Баярцогт: -Өнөөдөр Үндсэн хууль баталсны 24 жилийн ойн өдөр. Тиймээс бүгдэд нь баяр хүргэе. Улс төрийн намын хууль чухал хууль. Тиймээс гол сөрөг хүчин намын зүгээс тавьж байгаа саналыг дэмжье. МАН-ын бүлэг 7 хоног хуулиа судалж байгаад хэлэлцүүлье гэдэг саналыг хүлээгээд авчихъя” гэсэн бол гишүүн Н.Батбаяр “Энэ хуулийн төслийг хэлэлцэх хэрэгтэй. Хэлэлцэх эсэхээ шийдээд, ажлын хэсгээ байгуулаад явъя” гэлээ. Ингээд Улс төрийн намын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.

Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх асуудлын жагсаалтаа баталж, эхний асуудал болох Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж