Тээврийн хэрэгслийн дугаараас хамаарч татвараа төлнө

Хуучирсан мэдээ: 2016.01.13-нд нийтлэгдсэн

Тээврийн хэрэгслийн дугаараас хамаарч татвараа төлнө

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль болон Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн дагуу тээврийн хэрэгслийн эзэмшигч албан татвар төлдөг. Хуульд хувь хүн тээврийн хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа, тухайн жилийн зургаадугаар сарын 1-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж хагас жилээр нь татвараа төлөх боломжтой гэж заасан байдаг. Иргэд автомашины албан татвар, агаар бохирдуулсны төлбөрөө төлөхийн тулд жил бүрийн зургаадугаар сард татвар хураах цэг, банкинд урт дараалал үүсгэн зогсдог байсан. Энэ байдлыг арилгах зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч татвар, төлбөр, хураамж төлөх журмыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор баталсан. Өөрөөр хэлбэл, 1, 6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард, 2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард, 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард, 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард, 5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, агаар бохирдуулсны төлбөр, зам ашигласны төлбөрөө төлөхөөр болсон юм. Уг хуваарийн дагуу энэ сард 1 болон 6 тоогоор төгссөн улсын дугаартай автомашины эзэмшигч татвараа төлнө гэсэн үг. Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд тээврийн хэрэгсэл эзэмшигчид холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах юм байна. Энэ талаар нийслэлийн Татварын газрын Тээврийн татварын хэлтсийн дарга М.Шижирбаяраас тодрууллаа.

-Өнгөрсөн онд заасан хугацаанд татвараа төлөөгүй жолооч нар торгууль төлөхгүйгээр дараа саруудад төлж байсан. Энэ жил заасан хугацаанд татвараа төлөхгүй бол яах вэ?

-Өнгөрсөн онд нийслэлийн ИТХ-ын тогтоол оройтож гарсан учраас заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй иргэдэд торгууль ногдуулаагүй. Энэ жилээс жолооч нар сар сардаа татвараа төлөх ёстой. Энэ сард 1, 6-гаар төгссөн дугаартай автомашины жолооч нар татвар төлнө. Хэрвээ энэ сардаа багтааж төлөхгүй бол хоёрдугаар сард эхний ээлжид сануулна. Хоёрдугаар сард төлөхгүй бол гуравдугаар сарын 1-нээс жолоочид торгууль ногдуулах болон захиргааны арга хэмжээ авна. Энэ онд ажил зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарах юм. Энэ захирамжийн дагуу  татвараа төлөөгүй иргэдэд арга хэмжээ авна.

-Жолооч нар хаана очиж татвараа төлөх боломжтой вэ?

-Дүүргүүдийн татварын хэлтэс, оношилгооны цэгүүд дээр төлнө. Мөн “Дүнжингарав” худалдааны төв дэх “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д автомашины албан татвар авах цэг байгуулсан. Авто тээврийн үндэсний төвийнхөн  Амгалан болон “Да хүрээ” техникийн захад байрладаг хоёр цэгээ буулгаж “Авто худалдааны цогцолбор”-т шилжүүлсэн. Тэнд очиж өгч болно.

-Иргэд гар утас болон интернэтээр татвараа төлж болох уу?

-Улаанбаатар хотын банкинд данстай бол мобайл банкаар татвараа төлөх боломжтой. Мөн интернэтээр ч төлж болно. Хамгийн гол нь автомашины дугаар болон эзэмшигчийн регистрийн дугаар зайлшгүй байх шаардлагатай. Энэ мэдээллээ гүйлгээний утга дээр оруулахгүй бол татварын албанд тодорхой бус орлого болдог.

-Нийслэлд бүртгэлтэй хэрнээ уул уурхайд ажиллаж байгаа том оврын техникийн хэрэгслийн татварыг хугацаандаа амжихгүй бол дараа сард нь төлөх боломжтой юу?

-Автомашиныг эзэмшигч нь хувь хүн бол жилд нэг удаа, аж ахуйн нэгж дөрөв хувааж төлж болдог. Аж ахуйн нэгж байгууллагууд гурван сар тутам тайлан гаргадаг учраас хувааж төлөх боломжтой гэсэн үг. Гэхдээ албан татварыг урьдчилж төлөх болдог. Тиймээс бүтэн жилээр нь ч төлж болно.

-Татвар, төлбөрийн хэмжээ ямар байдаг вэ?

-Ачааны автомашины төлбөрийг даацаар нь тооцдог. Нэг тонн ту-тамд 8000 төгрөгийн татвар төлөх ёстой. Суудлын автомашинууд хөдөлгүүрийн багтаамжаар тооцдог. Агаар бохирдуулсны төлбөрийг хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч төлдөг.

-Өнгөрсөн онд автомашины татвар, төлбөрөөр хэдэн төгрөг төвлөрүүлсэн бэ?

-Нийслэлийн хэмжээнд 21 тэрбум орчим төгрөг төвлөрүүлсэн.

Б.ЦЭНД-АЮУШ

ЭХ СУРВАЛЖ: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж