Улс төрийн намын тухай хуулийг батлах ёстой гэв

2016 оны 1 сарын 13

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн 100 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан энэхүү хуулийн төсөлд намуудыг бодлогын нам болгон өөрчлөх, ингэхдээ нам нь судалгааны байгууллагатай болох. Зөвхөн нэг намд гишүүнчлэлтэй байх, намыг төрөөс санхүүжүүлдэг болох. Санхүүжилт нь ил тод байх.

Улс төрийн намыг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэдэг болох зэрэг олон төрлийн зохицуулалт туссан юм. Эцсийн зорилго нь намыг бодлогын нам болгон төлөвшүүлэхэд чиглэж байна.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд “Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зөв. УИХ намрын чуулганы хугацаанд багтаан батлан гаргах ёстой. Ингэхдээ парламентад суудалтай бүхий л улс төрийн намуудын оролцоог хангаж, зөвшилцөн хуулийг баталбал илүү урт настай хууль болно” гэдгийг гишүүд энэ үеэр онцоллоо.

Учир нь дээрх хуулийн төслийг хэлэлцэхэд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс нэг ч нь оролцсонгүй. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг долоо хоногоор хойшлуулах горимын саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гаргахад олонхийн дэмжлэг хүлээгээгүй юм. Тиймээс дэгийн дагуу төслийг хэлэлцэж эхлэхэд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хуралдааныг орхин гарсан.

Эл асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Улс төрийн намын тухай хуулийн төсөл бол Сонгуулийн хуулиас ч илүү ач холбогдолтой төсөл. Үндсэн хуулийн хэмжээнд очих хуулийн төсөл. Ийм чухал хуулийг хэлэлцэхгүй хуралдааныг хаяад гарч байгаа МАН-ыг ойлгохгүй байна. Сонгуулийн хуулийг батлуулж авсан, одоо өөр бусад хуулийг хэлэлцэх эсэх нь хамаагүй гэсэн байдлаар хандаж болохгүй. УИХ энэ намрын чуулганы хугацаанд багтаан хэлэлцэх ёстой” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Л.Цог нар “Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Ямар ч хариуцлага хүлээдэггүй субьект улс төрийн нам болж хувирсан. Дээр нь нам нь төрийн дээр гарсан. Тэгэхээр намын эрх хэмжээг аль хэмжээнд хүртэл хязгаарлах вэ, өвөр түрийндээ орохгүй байхыг яаж зохицуулах вэ гээд олон асуудлыг шийдэх ёстой байгаа” гэж хэлсэн юм.

Харин УИХ-ын гишүүн М.Батчимэг “Улс төрийн намын тухай хуулийг баталж чадвал дөрвөн жилд хийх реформын нэг болно. Монголын нийгэмд тулгамдаад байгаа шийдэх ёстой асуудлын нэг. Гол нь хуулийн төслийг хэлэлцэхэд бүхий л улс төрийн хүчний оролцоог хангах ёстой. Тийм учраас энэхүү хуулийн төслийн хэлэлцүүлгийг долоо хоногоор хойшлуулах санал гаргаж байна” гэв.

Улмаар горимын саналаар нь санал хураахад олонхийн дэмжлэг хүлээсэнгүй. Дараа нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад гишүүд 100 хувь дэмжсэн юм.

Г.ДАРЬ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна