В.Путин: Ассадад орогнол олгох талаар ярих болоогүй

2016 оны 1 сарын 14

 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ 2016 оны эхний ярилцлагаа Германы “Bild” сэтгүүлд өгчээ. Ярилцлагын зарим сонирхол татсан асуултуудыг орчуулан хүргэж байна.

 

 

Сэтгүүлч: Ноён ерөнхийлөгчөө, Бид хүйтэн дайн төгссөний 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Сүүлийн жилүүдэд болоогүй олон тооны дайн тулаан, зөрчил мөргөлдөөн 2015 онд гарлаа.  Бид юуг буруу хийсэн гэж та бодож байна?

 

Владимир Путин: Та хамгийн гол асуултаар ярилцлагаа эхлүүллээ. Бид эхнээсээ л бүхнийг буруу хийсэн. Бид Европын хагарлыг даван туулж чадаагүй. 25 жилийн өмнө Берлиний хана нуран унасан боловч Европын хуваагдлыг зогсоож чадсангүй, Үл үзэгдэгч хана зүгээр л Зүүн зүг рүү нүүсэн. Энэ нь харилцан үл ойлголцох, нэгнийгээ буруутгах, одоо үүссэн олон хямралын үндэс болсон. Олон хүмүүс, Герман ч бас аюулгүй байдлын асуудлаарх Мюнхены бага хурал дээр хэлсэн үгийг шүүмжилдэг.  Гэхдээ би тийм хачин зүйл ярьсан гэж үү?

 

Берлиний хана нурсны дараа НАТО Зүүн зүгт хүрээгээ тэлэхгүй гэсэн яриа байсан. Миний санаж буйгаар НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга асан Манфред Вёрнер тэгэж амласан. Тухайн үеийн Германы зарим улс төрчид, тухайлбал, Эгон Бар  энэ талаар анхааруулж, шийдвэрлэх саналыг тавьж байсан. Би та нартай уулзахаасаа өмнө 1990-ээд оны ЗХУ болон Германы улстөрчдийн нийтлэгдэж байгаагүй ярилцлагуудыг авч ирсэн. Энэ нь, Германы улстөрч Геншер, Коль, Бар нарын ЗХУ-ын  Горбачев, Фалинтай хийсэн хэзээ ч хэвлээгүй ярилцлагууд. Эгон Барын хэлснээс үзвэл тэрбээр Европт шинэ эвсэл байгуулах шаардлагын талаар ярьж байсан. "Хэрэв хоёр Германыг нэгдэх үед Европыг дайсагнасан эвслүүд болж хуваагдахаас сэргийлэх шийдвэртэй арга хэмжээг авахгүй бол ЗХУ-ыг олон улсаас тусгаарлах магадлалтай" гэж 1990 оны 6-р сарын 26-нд ярьжээ. Төв Европ бүхэлдээ, /Зүүн Герман орохгүй байсан ч болно/  ЗХУ болон АНУ-ын оролцуулан эвсэл байгуулах хэрэгтэй гэж тэр үзэж байсан. НАТО цэргийн эвсэл Төв Европ руу тэлэх ёсгүй гэж тэрбээр хэлсэн байна. Гэтэл юу болов? Эгон Барын сэрэмжлүүлсэн зүйл одоо болж НАТО Зүүн зүг хүрээгээ тэлсээр байна.

 

Сүүлийн 20-25 жилд ялангуяа ЗХУ задарснаас хойш хүчний тэнцвэр алдагдаж, дэлхийд дангаар ноёрхлоо тогтоохын төлөөх тэмцлээр дүүрсэн. НАТО зүүн зүгт хүрээгээ тэлэхээс гадна Пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем аюулгүй байдлын чухал асуудал болж байна. Ираны цөмийн заналхийллээр сүржигнэн Европт пуужингаас хамгаалах системийг дэлгэрүүлж байна. 2009 онд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг байгуулбал пуужингаас хамгаалах систем хэрэггүй болно” гэж хэлсэн. Гэтэл Иран гэрээнд гарын үсэг зурж, эхний ээлжийн ураны тээвэрлэлт ОХУ-д ирсэн атал пуужингаас хамгаалах системийг цуцалсангүй. Түүнчлэн Турк, Румын, Польш, Испанид хоёр талт гэрээг байгуулж, тэнгисийн хүчээ Испанид байршуулж, Туркт радараа байршуулсан байна.

 

Ирак, Ливи болон өөр олон оронд болсон үйл явдлыг бид эсэргүүцэж байна. Бид “ингэж болохгүй, энэ бол алдаа” гэдгийг олон удаа сануулсан боловч хэн ч биднийг сонсоогүй. Тэд биднийг Барууны эсрэг бодлого баримталж, дайсагнаж байна гэж үзсэн. Одоо дүрвэгсдийн тоо хэдэн зуун мянгаас саяд хүрсний энэ үед та нар бидний байр суурь Барууны эсрэг гэх үү?

 

Сэтгүүлч: Та Барууныхны танай улсад гаргасан алдааны талаар ярилаа.  Тэгвэл өнгөрсөн 25 жилд ОХУ ямар алдаа хийсэн бэ?

 

Владимир Путин: Бид алдаа хийсэн. Бид өөрсдийн үндэсний ашиг сонирхлыг хамгаалж чадаагүй, уг нь бүр эхнээсээ л хамгаалах ёстой байсан. Тэгсэн бол дэлхий арай илүү тэнцвэртэй байх байж гэж бодож байна.

 

Сэтгүүлч: ЗХУ задарсан 1990-1991 оноос эхлэн өнгөрсөн бүх цаг хугацаанд Орос улс үндэсний ашиг сонирхлоо хамгаалж чадаагүй гэж та хэлэх гээд байна уу?

 

Владимир Путин: Яг тийм.

 

Сэтгүүлч: Таны зөв гэж үзвэл НАТО Зүүн Европын орнуудыг элсүүлэх ёсгүй байсан гэсэн үг үү? Хэрэв тэгвэл НАТО үлдэж чадах болов уу?

 

Владимир Путин: Мэдээж.

 

Сэтгүүлч:  Гэсэн ч энэ тухай НАТО-гийн дүрэмд заасан байдаг.

 

Владимир Путин: Дүрмийг хүмүүс зохиодог биш гэж үү? Дүрэмд хүссэн хэн бүхнийг НАТО-д элсүүлэхээр заасан байдаг бил үү? Үгүй шүү дээ. Тусгай нөхцөл, болзол заасан байдаг. Хэрэв тэдэнд улстөрийн хүсэл сонирхол байвал тэд юу ч хийж чадна. Тэд зүгээр л хүсэхгүй байгаа юм. Тэд хаанчлахыг хүсч байна.

 

Тэд хаан ширээнд суулаа. Гэтэл дараа нь хямрал үүсч, бид энэ тухай хэлэлцэж байна. Тэд Германы ухаалаг хөгшин улстөрчдийн үгийг авсан бол бүх Европыг нэгтгэсэн шинэ эвсэл байгуулж, хямралаас зайлсхийж чадах байлаа. Тэгсэн бол нөхцөл байдал өөр байж боловч одоогийнхоос хавьгүй дээр байх байсан биз.

 

Сэтгүүлч: Хоёр Путин байдаг гэх онол байдаг. 2007 оноос өмнөх залуу Путин. Тэр АНУ-тай найрсаг харилцааг эрхэмлэдэг, Шрёдертэй найз байсан. Харин нөгөө нь 2007 оноос хойших.

 

Владимир Путин: Би хэзээ ч өөрчлөгдөөгүй. Би одоо ч өөрийгөө залуу гэж боддог. Би Шрёдертэй найз байсан, байсаар ч байх болно. Юу ч өөрчлөгдөөгүй. Терроризмтой тэмцэх гэх мэт асуудалд миний хандлага өөрчлөгдөөгүй. Есдүгээр сарын 11-ны халдлагын дараа АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш руу утас цохьсон анхны хүн нь би байсан. Бид терроризмын эсрэг хамтран тэмцэхэд бэлэн байсан. Саяхан Парист болсон террорист халдлагын дараа ч би Францын ерөнхийлөгчтэй ярьж, уулзсан.  Хэрэв Германы хөгшин улстөрчдийг сонссон бол Парист халдлага гарч, Ойрхи-Дорнодод терроризм дэлгэрэхгүй байсан гэж бодогдоно.

 

Сэтгүүлч: Исламын терроризмын эсрэг ОХУ ба Барууныхан нэгдэн тэмцэхэд Крым хойгийн асуудал саад болж байна. Баруунтай хамтран ажиллахаа золиослохоор Крым тийм үнэтэй гэж үү?

 

Владимир Путин: Та Крым хойгийн асуудал гэж яг юуг хэлж байна?

 

Сэтгүүлч: Хил хязгаарын өөрчлөлт.

 

Владимир Путин: Энэ бол 2.5 сая хүний тухай асуудал. Тэд Украинд гарсан төрийн эргэлтээс айж мэгдсэн хүмүүс. Киевт төрийн эргэлт гарсны дараа хэт үндсэрхэг үзэлт хүчнүүд тэндхийн хүмүүсийг дур зоргоороо заналхийлж эхэлсэн. Тэд орос  хүн, орос хэлээр харилцагч ард түмэнд заналхийлсэн. Бидний хувьд дайн хийж, эзлэн түрэмгийлээгүй. Крым ОХУ-д шилжих үйл явцад нэг ч удаа буун дуу гарч хүний амь хохироогүй. Бид зөвхөн Украины тусгай албаны 20 мянган цэргийг тогтоон барьж, Крым хойгийн оршин суугчдын үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалсан. Тэд ОХУ-ын нэг хэсэг байхыг хүссэн.

 

Сэтгүүлч: Ардчилал гэж юу вэ? Ардчилал бол хүмүүсийн хүсэл зориг. Хүмүүс өгсөн саналдаа баригдаж амьдардаг. Миний санаа зовж буй зүйл бол хил хязгаар биш хүмүүсийн хувь заяа юм. Гэвч хил хязгаар бол чухал зүйл гэдгийг НАТО-гийн өргөжин тэлэлт дээр та тайлбарласан шүү дээ.

 

Владимир Путин: Олон улсын хуулийг хүндэтгэн дагах нь хэзээд чухал. Крым хойгийн асуудалд олон улсын хуулийг зөрчсөн зүйл байхгүй. НҮБ-ын дүрэмд зааснаар аливаа ард түмэн хувь заяагаа сонгох эрхтэй. Косовог тусгаар тогтнолоо зарлах үед эрх баригчдын саналыг НҮБ авч хэлэлцээгүй. Энэ үед Германы төлөөлөгч юу хэлснийг, АНУ-ын төрийн департмент бас Их Британийн төлөөлөгчид юу хэлснийг та олж үзээрэй. Косово ямар аргаар тусгаар тогтнолоо зарлаж, дэлхий дахин хүлээж авсныг мэдэх үү?

 

Сэтгүүлч: Хэрэв Крым хойгийн хэрэгт олон улсын хуулийг зөрчөөгүй юм бол канцлер Ангела Меркель тэргүүтэй Барууныхан ОХУ-ын эсрэг хориг тавьсныг та юу гэж тайлбарлах вэ?

 

Владимир Путин: Юу болоод байгааг Оросын ард түмэн сэтгэлдээ ойлгож, бодолдоо тунгааж байгаа. Наполеон “Шударга ёс бол дэлхий дээрх бурхны биелэл” гэж хэлсэн байдаг. Крым хойг ОХУ-д эргэн нэгдсэн нь шударга шийдвэр байсан.

 

Гэвч Барууныхны хориг бол алдаа. Хориг Украиныг дэмжих бус Оросын хүчин чадлыг дарах зорилготой гэж харж байна. Тэд ингэх ёсгүй байсан. Энэ бол гол алдаа. Хор хөнөөлтэй буруу шийдвэр. Герман Оросын барааны эргэлт 83-85 тэрбум ам.доллар, бидний хамтын ажиллагаа олон мянган ажлын байр бий болгосон. Хориг Оросын эдийн засгийг гэмтээгээд зогсохгүй олон улсын санхүүгийн зах зээлд нөлөөлж байна. ОХУ-ын хувьд гол экспортын барааны үнэ унасан нь их хохирол дагуулж байна. Газрын тосны үнэ өндөр байхад тооцсон орлогоор одоогийн нөхцөл байдлыг даван туулахад хүндрэлтэй байгаа нь үнэн.

 

Сэтгүүлч: Та бидний найз нөхөр мөн үү?

 

Владимир Путин: Улс орнуудын харилцаа бол хүмүүсийнхээс өөр. Би танай найз биш, сүйт бүсгүй эсвэл сүйт хархүү биш. Би бол 146 сая хүн амтай ОХУ-ын ерөнхийлөгч. ОХУ-ын иргэн бүрд өөрийн ашиг сонирхол бий. Би түүнийг нь хамгаалах ёстой. Бид сөргөлдөхгүйгээр эрх ашгаа хамгаалан зөвшилцөхөд бэлэн байна.

 

Сэтгүүлч: Та Германы канцлер Ангела Меркелийн олон сайхан чанарыг биширдэг гэж хэлсэн. Одоо юу гэж хэлэх вэ?

 

Владимир Путин: Би хэзээ тэгж хэлсэн юм?

 

Сэтгүүлч: Өөрөөр хэлбэл та түүнийг хүндэтгэдэг үү?

 

Владимир Путин: Би одоо ч түүнд тэгж ханддаг. Ангела Меркель чин сэтгэлтэй, мэргэжлийн хүн. Хориг арга хэмжээг үл харгалзан Герман, Оросын  дипломат харилцаа, ард түмний харьцаа сайн хэвээр байгаа. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дайрч, Оросын эсрэг суртал ухуулга явсан ч манай хоёр орны харилцааг муутгаж чадаагүй.

 

Сэтгүүлч: Танаас хувийн чанартай асуулт асуухыг зөвшөөрнө үү. Канцлер Ангела Меркель 2007 оны нэгдүгээр сард Сочид тантай уулзахад та түүнийг нохойноос айдаг гэдгийг мэдэж байсан уу?

 

Владимир Путин: Мэдээж үгүй. Би түүнд таалагдах байх гэсэндээ нохойгоо авч ирсэн. Би сүүлд түүнээс уучлал гуйсан.

 

Сэтгүүлч: “Их 8” орны тухай?

 

Владимир Путин: Бид 2014 онд “Их 8” орны  чуулга уулзалтыг Орост зохион байгуулахаар төлөвлөж байсан. Миний бодлоор Орос хэзээ ч “Их 8”-ын бүрэн эрхтэй гишүүн байгаагүй. Бусад долоон орны гадаад хэргийн сайд нар үргэлж тусдаа яриа хэлэлцээ хийдэг байсан. Би үүнийг хэрэгцээгүй гэж хэлэхгүй. Уулзалт, хэлэлцүүлэг үргэлж ач холбогдолтой байсан.

 

Сэтгүүлч: Туркийн арми Оросын байлдааны онгоцыг сөнөөснөөс ОХУ, НАТО-гийн зөрчил хурцадсан. Ийм нөхцөл байдал  хүйтэн дайнаас бодит сөргөлдөөн үүсгэж болно гэж үзэж байна уу?

 

Владимир Путин: Турк бол НАТО-гийн гишүүн. Хэдий асуудал үүссэн ч энэ нь Туркийн НАТО-гийн гишүүнчлэлтэй ямар ч холбоогүй. Хэн ч Турк руу дайралт хийгээгүй. Туркийн засгийн газар манай байлдааны онгоцыг сөнөөсөн дайны гэмт хэргээ тайлбарлахын оронд НАТО-гийн удирдлагуудад очин хамгаалалт гуйсан. Энэ нь хачирхалтай бөгөөд Туркийн хуьд ичгэвтэр үйлдэл гэж бодож байна.

 

Сэтгүүлч: Сирийн талаар хэдэн асуулт асууя. “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Сири, Иракт тулалдаж байна. Гэвч зарим хүмүүс Сири дэх Оросын арми Исламын улсаас илүү Башар аль-Ассадын эсрэг босогчидтой тулалдаж байна гэж ярьж байна. Оросын арми буруу байршлуудыг бөмбөгдсөнийг та юу гэж тайлбарлах вэ?

 

Владимир Путин: Тэд худал хэлж байна. Америкийн нисгэгчид Афганистан дахь Хил хязгааргүй эмч нар байгууллагын ажлуулж байсан эмнэлгийг агаараас бөмбөгдсөн. Энэ алдаа байсан гэж үзэж байна. Ийм явдалд барууны хэвлэлүүд чимээгүй өнгөрөхийг хичээдэг. Ганц цохилтоор 100 гаруй хүнийг хөнөөж, хурмийн үдэшлэгийг сүйтгэснийг хэн санаж байна?

 

Сэтгүүлч: Гэхдээ Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассад ард түмнээ агаараас бөмбөгдөж байгаа нь нууц биш. Бид таныг Башар аль-Ассадын холбоотон гэж хэлж болох уу?

 

Владимир Путин: Миний бодлоор Башар аль-Ассадын олон алдаа Сирийн зөрчлийг үндэс болсон. Гэхдээ гадаадын мөнгөн дэмжлэг, зэр зэвсэг, цэргийн тусламжгүйгээр зөрчил мөргөлдөөн иргэний дайны хэмжээнд хүрэхгүй байсан. Харамсалтай нь зөрчил мөргөлдөөнд энгийн иргэд хохирч байна шүү дээ. Гэхдээ хэн үүнд буруутай вэ? Тусгаар тогтнол, бүрэн эрхээ хамгаалж, үндсэн хуулийн бус тэмцлийг зогсоохыг хүссэн засгийн газрын буруу юу? Эсвэл засгийн газрын эсрэг бослого үймээнийг зохион байгуулагчид буруутай юу?

 

Таны асууснаар Ассад манай холбоотон байх эсэх нь Сирийн асуудалд чухал биш. Бид Ирак, Ливид болсон зүйлийг Сирид давтагдахыг хүсэхгүй байна. Сомали болон бусад орнуудад нөхцөл байдал тогтворжиж, Афганистаны засгийн газар батжих ёстой. Тогтвортой байдлыг шинээр тогтооход улс төрийн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. Сирийн тухайд бид үндсэн хуулийн шинэчлэл хийхийг зорьж байна. Гэхдээ энэ бол адармаатай үйл явц. Дараа нь шинэ үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгч, парламентын сонгууль явуулах ёстой. Улсыг хэн хэрхэн удирдах нь Сирийн ард түмний сонголт байх ёстой. Энэ бол тогтвортой байдлыг тогтоох цор ганц зам юм. Ингэж чадвал Сирийн ард түмэн Европ руу дүрвэхээс эх орондоо амьдрахыг илүүд үзэх болно.

 

Сэтгүүлч: Ард түмнээ хөнөөж буй аль-Ассад Сирийн хууль ёсны төрийн тэргүүн гэж үзэж байна уу?

 

Владимир Путин: Ард түмнээ хөнөөх бол түүний зорилго биш. Ассад өөрийнх нь эсрэг зэвсэглэн боссон хүчний эсрэг тэмцэж байна. Хоёр хүчний тулаанд энгийн иргэд хохирч байгаа нь үнэн.

 

Сэтгүүлч: Хэрэв Башар аль-Ассад сонгуульд ялагдал хүлээж, ОХУ-аас орогнол хүслээ гэж төсөөлбөл та яах вэ?

 

Владимир Путин: Башар аль-Ассадад орогнол олгох талаар ярих эрт байна. Бидний хувьд Башар аль-Ассадад орогнол зөвшөөрөх нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын экс ажилтан Эдвард Сноуденыг эх орондоо байлгаснаас илүү хялбар байх болно.

 

Юун түрүүнд Сирийн ард түмэн үгээ хэлэх боломжийг хангах хэрэгтэй байна. Энэ үйл явц ардчилсан зарчмаар явагдахад би баталгаа гаргана. Эцэст нь Башар аль-Ассад Сирийг орхих шаардлага гарахгүй гэж би бодож байна.

 

Сэтгүүлч: Сочи хотноо өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах үеэр ОХУ дахь ардчилал, хүний эрхийн асуудал хөндөгдөж, шүүмжлэл дагуулж байсан. Ирэх 2018 онд болох ФИФА-гийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр дээрх нөхцөл байдал давтагдана гэж та бодож байна уу?

 

Владимир Путин: Орост ардчилалын талаар шинэ зүйл байхгүй. Бид Зөвлөлт засгийн үед нэг намын бодлогоос маш олон зүйл сурсан. Сонголтоо бид аль эрт хийсэн бөгөөд ардчиллыг хөгжүүлсээр байх болно. Өдгөө Оросын парламентын сонгуульд  улс төрийн 77 хүртэл нам оролцож байна. Спортыг улс төрийн зорилгоор ашиглахыг оролдох нь маш том алдаа. Тэнэг хүмүүсийн үйлдэл. Спорт, урлаг, хөгжим, балет, дуурь зэрэг нь хүн төрөлхтнийг нэгтгэх ёстой болохоос хагаралдуулах ёсгүй.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: THE SAKER

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна