Лео Оскарт бэлэн

2016 оны 1 сарын 14

Бүтэн нэр: Леонардо Вилгельм ДиКаприо

Төрсөн он сар өдөр: 1974 он 11-р сарын 11.

Төрсөн газар: Лос Анжелес, Калифорниа

Хобби: Зураг авалтгүй үедээ дэлхийгээр аялах дуртай

Нийгмийн идэвх: Цаг уурын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлдэг.

Леонардо ДиКаприо нь айлын ганц хүүхэд бөгөөд, эцэг эх нь түүнийг нэг настай  байхад салсан учир Лео ээжийнхээ гар дээр хүмүүжжээ.

Түүний ээж жирэмсэн байх үедээ Итали дахь нэгэн музейд Леонардо Да Винчигийн зурсан уран зургийг үзэн явж байхад нь хэвлий дэх хүүхэд нь анх гэдэс рүү нь өшиглөсөн учраас Леонардо хэмээх нэрийг хайрлажээ.

Түүний тоглосон кинонуудын зохиолууд дунд ерөнхийдөө л “амьд үлддэггүй” дүр олон бий. Titanic, Django Unchained, Departed, Great Gatsby дээр нас барсан. Romeo and Juliet бүр ч ойлгомжтой. Тэдгээрээс ялгаатай нь оны өмнө нээлтээ хийсэн “Revenant” кино харин ч эсрэгээрээ Леогийн “эргэн ирэлт”-ийн тухай кино бөгөөд уг кинонд түүний гол дүр бүтээсэн явдал нь “Алтан Бөмбөрцөг” наадмын шилдгээр шалгарахад хүргэв.

Revenant хэмээх үгийн утга нь удаан хугацааны туршид байхгүй байж байгаад эргэж ирсэн хүн гэсэн утгатай дүйцэх бөгөөд, манай улсын кино театруудын дэлгэцнээ ч мөн аль хэдийн нээлтээ хийгээд байгаа билээ. Энэ кинонд түүний бүтээсэн дүр болох Хью Гласс гээч нь 1820 оны үед амьдарч байсан гөрөөчин ба энэхүү кино нь түүний амьдралын төлөө хэрхэн тэмцэж буйг харуулна. Юутай ч, эхнээсээ нэр хүнд бүхий шагналыг дагуулаад буй түүний энэхүү дүр нь Леод хүсэн хүлээсэн Академийн шагналыг нь атгуулж чадах болов уу гэсэн хүлээлт дэлхий дээрх үй олон кино сонирхогчдын сэтгэлд буй. Магадгүй түүний шинэ дүр нь зөвхөн кино зохиол дээрээ төдийгүй түүний амжилтын түүхэнд Оскарын анхны хурыг буулгах ч юм бил үү, хэн мэдлээ. Хэрэв тэгвэл тэрээр энэ олон жилийн хөдөлмөр хүлээлтийнхээ үр шимийг амсаж бодит амьдрал дээр ч тэр, Оскарын ертөнцөд  тэр жинхэнэ Revenant болох билээ. 

Леонардо Академийн Шагнал гардуудах ёслол буюу Оскарт нийт 4 удаа нэр нь дэвшсэн боловч, одоог болтол нэг ч удаа алтан хүний эзэн болж амжаагүй л байгаа билээ. Тиймээс түүний нэр дэвшсэн уран бүтээлүүдийг он цагийн дарааллаар харуулав.


Ийнхүү та бүхэнд алдарт жүжигчин Леонардо ДиКаприогийн амьдрал уран бүтээлийнхээ талаар “Wired” сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Та Лео гэж дуудуулахыг илүүд үздэг үү? Аль эсвэл Леонардог уу?

-Аль аль нь зүгээр л байдаг юм. Гэхдээ ихэнхи нь Леонардо гэж дууддаг.  

-Таны нэрийг агентлагуудын чинь зүгээс солих санал тавьж байгаагүй гэж үү?

-Анх намайг жүжигчин болохыг хүсэж эхлэхэд би 11 настай байлаа. Тэр үед агентууд маань миний нэрийг Ленни Уиллиамс болгох санал тавьсан юм. Харин хоёр жилийн дараа бууж өгсөн юм.

-Үнэхээр онцгүй нэр байна шүү

-Тийм ээ, гэхдээ л жинхэнэ нэрийг минь хэтэрхий хуучинсаг хөдөөний мэтээр хүлээн авсан байгаа юм. Магадгүй нэр маань миний карьерийн эхний хэдэн жилд надад садаа болж байсныг би үгүйсгэхгүй л дээ.

-Гэхдээ л та тун удалгүй 19 настайдаа Оскарт анх удаагаа дэвшсэн шүү дээ. Тийм залуудаа Академийн шагналд нэр дэвших ямар байсан бэ?

-Гилберт Грейпийн дүр үү? Би үнэхээр тэр мэдээг яаж хүлээн авахаа сайн ойлгоогүй л жаахан хүү байсан санагдаж байна. Ямартай ч миний дүр дэлгэцэн дээр цацагдаж, тайзан дээрээс хүмүүс жүжиглэлтийг минь магтан сайшаах үе бол хэзээ ч юутай ч харьцуулшгүй үе байсан.

-Та  Гилберт Грейпийг хамгийн сүүлд хэзээ үзэв?

-Хэдэн жилийн өмнө

-Кинон дээрх өөрийгөө санаж байна уу?

-Тэр хүүгийн дүр болон миний жүжиглэлт хоёр надад үргэлж өнгөрсөн үеийг минь сануулж гэгэлзүүлдэг юм. Роберт ДиНеро болон Жонни Депп нартай хамтран тоглох болсноо дуулаад лоттонд хожсон мэт л баярлаж байснаа өчигдөр мэт л санаж байна.

-1995 онд хийгдсэн “Batman Forever” киноны Робингийн дүрд таныг шалгуулсан гэлцдэг. Энэ үнэн үү?

-Би хэзээ ч Робингийн дүрд шалгуулаагүй. Би найруулагчтай нь уулзсан нь бол үнэн. Гэхдээ л тоглоогүй.

-Та тэр дүрийг хүсч байсан гэж үү?

-Тэгсэн гэж бодохгүй байна. Хэдийгээр би хуралд нь суусан боловч, энэ дүрд тоглохыг хүсээгүй юм. Жоел Шумахер бол үнэхээр авьяаслаг найруулагч. Гэхдээ би тэр дүрд тоглоход бэлэн байгаагүй юм.

-Та сумнаас бултаад байна уу даа?

-/Инээв/

-Тэгвэл та Оддын Дайн киноны Skywalker-ийн дүрд тоглохоор ярилцаж байсан тань үнэн үү?

-Тийм ээ, Жорж Лукас найруулагчтай ярилцсан зүйл бидний хооронд байсан л даа

-Тэгээд юу болсон юм бэ?

-Ижилхэн л зүйл болсон

-Жорж Лукас таныг тоглуулахыг хүссэн боловч та хүсээгүй байх нь тийм үү?

-Тийм ээ, /бодов/ яг зөв.

-Яагаад тэр вэ?

-Дахиад л өөрийгөө тэр дүрд бэлэн болсон жүжигчин гэж бодоогүй юм.

-Амьдралын чинь туршид толгойноос тань гардаггүй том мөрөөдөл гэж бий юу?

-Би тийм ч сайн мөрөөдөгч биш. Олон янзын мөрөөдөл орж ирдэг ч тэр болгоноо дор нь мартчихаад байдаг юм.

-Таны сүүлд тоглосон “Revenantкиног үзэхэд хамгийн эхэнд ямар хүйтэн юм бэ гэмээр сэтгэгдэл төрж байсан?

-Тийм шүү, киноны харагдац байдлын хувьд дулаахан танхимд суун үзэж буй хүн болгонд даарч буй мэт сэтгэгдэл төрүүлэх нь ойлгомжтой байсан. Зураг авалтаа санаснаараа хийхийн тулд бид бүхий л багаараа Калгаригаас Ванкувр /Зураг авалт хийгдсэн Канадын нутаг/ хүртэлх бүхий л өндөрлөг хүйтэн газруудаар хэрэн хэсч байж зургаа авсан. Найруулагч Алехандро болон зургийн дарга Эммануэл нар тийм том хэмжээний өргөн тулаантай маш түвэгтэй үзэгдлүүдийн үед ойн захад болон гүнд камерыг тун чадварлагаар эзэмшиж, дуранд өртөх бүхий л хэсгүүдийг координатын дагуу нарийн тооцоолж төлөвлөж байж зургаа авсан.

-Хью Глассийн дүрд тоглоход тань юу нөлөөлсөн гэж та бодож байна вэ?

-Гласс бол үнэхээр домог мэт хүн байсан. Энэ бол үнэн. Тэр зэрлэг баавгайн дайралтаас үхэхийн даваан дээр амьд гарч, газрын зурагт ч тэмдэглэгдээгүй байсан хэдэн зуун км зэрлэг замыг уулын хүний амьдралаар туулсан. Зохиолын хувьд гэвэл эхэндээ надад энгийн л урсгалаараа мэт санагдаж байсан боловч, энэ зохиол найруулагч Алехандрогийн гараар орсноор илүү ур бүхий, үнэмшилтэй болж хувирсан гэж би бодож байна. Олон найруулагчид энэ зохиолыг амьдруулахаасаа зүрхшээх байсан болов уу. Учир нь зураг авалт туйлын хүнд нөхцөлд явагдах учраас тэр. Киноны зохиол хэдэн жилийн туршид дуншсан боловч, Алехандрогийн найруулсан үг өгүүлбэр болгон намайг жинхэнэ Хью Гласстай уулзуулах мэт болсон учраас өөрийнхөө амьдралын дараагийн бүлгийг түүний түүхээр амьдарч өнгөрүүлэхийг хүссэн гэхэд болно.

-Гадаа авагдсан зураг авалтын орчныг харахад хүйтэн, бохир, бүдүүлэг харагдаж байсан. Тийм тухгүй орчинд ажиллах өөрт тань ямар байв? Өөрөөсөө “би яагаад энэ бүхнийг хийгээд байна вэ?” хэмээн асуух мөчүүд тулгарч байв уу?

-Мөчүүд гэнэ ээ? Энэ кинонд тоглосон нэг өдөр, нэг минут болгон минь үнэхээр хүнд байсан. Энэ бол миний ажиллаж байсан хамгийн хүнд кино. Энэ киног үзсэн хүмүүс бидний нөр их тэвчээр зүтгэл, хөдөлмөрийг анзаарах болно гэж би найдаж байна.

-Хамгийн хэцүү хэсэг юу байв?

-Хүйтэн гол руу байн байн орж гарахад л хамгийн хүнд байсан даа /инээв/. Учир нь би хандгайны арьс нөмөрч, түүн дээрээ баавгайны арьс өмссөн байсан. Хувцас маань норсон үедээ бараг л 100 паунд жинтэй болж байлаа. 

-Энэ мэт хүнд үзэгдлүүдэд зураг авалтын багийнхан хэр бэлтгэлтэй байсан бэ? Тэд “ДиКаприог гол руу шидчихье, түргэн тусламжийн хэрэгслээ бэлэн байлгаарай” гэж байсан уу? /инээв/

-Тийм шүү, тэд үнэхээр түргэн тусламж бэлдсэн байсан. Шинээр кадр авах болгонд би хөл гараа халааж дулаацуулж байсан, үгүй бол хөл минь мэдээ алдаад байсан юм. Ер нь бүхэл бүтэн есөн сарын туршид кадр болгоны хооронд намайг дулаацуулах үүрэгтэй бүхэл бүтэн баг ажилласан гэхэд болно.  

-Мэдээж маш олон кадр зураг авсан байж таарна шүү дээ

-Алехандро Эммануэл нар энэ зураг авалтаа байгалийн гэрэлд авахаар шийдсэн байсан учир нар хамгийн сайн тусдаг хоёрхон цагийг үр бүтээлтэй ашиглах шаардлага тулгарсан. Харин бусад үед нь тухайн үзэгдлүүдээ бэлдэж өнгөрөөж байлаа. Би энэ кино багийг яг л Швейцар цагны араа мэт зогсолтгүй байсан гэж хэлэхээр байна. Харин баавгайтай ноцолддог хэсгийн хувьд гэвэл баавгайны амьсгалыг бараг л мэдэрч байсан гэхэд болно. Энэ ч хүн бүрийн амьдралд тохиолдоод байдаг зүйл биш шүү.

-Амьдралынхаа ихэнх хугацааг олны нүдэн дээр өнгөрөөж байгаа жүжигчний хувьд энэ бүх ажиглагч болон хов живнээс өөрийгөө хэрхэн хамгаалж үлддэг вэ?

-Би өөрийгөө хамгаалж чадсан гэж үү?

-Олон хүний чадаад байдаг зүйл биш шүү дээ?

-Нэг хүнийг дэлхийн бүх хүн таньдаг болно оо гэдэгт би хувьдаа итгэхгүй байна. Заримдаа папарациуд болон бусад хүмүүс өөрийн чинь дагаж байгаа нь видео тоглоом тоглож байгаа мэт виртуал ертөнц шиг санагддаг юм. Гэхдээ энэ бүхэн бол миний хэн  гэдгийн, ямар мэргэжил сонгосны нэгээхэн хэсэг. Би өөрийн мэргэжилдээ хайртай. Би өөртөө ямар нэгэн хязгаар тавьж дарамт учруулдаггүй учраас л энэ их хов жив олны хараанаас өөрийгөө авч гарч чадсан болов уу гэж бодож байна. Хэрвээ би хүсэж л байгаа бол бусдын юу гэхийг тоолгүйгээр бүгдийг хойш тавин дуртай газартаа очиж, дуртай зүйлээ хийж чадна. Энэ л намайг энгийн амьдралтай минь илүү ойр байлгаж чадах ганц зүйл юм.

Г.СҮМБЭЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна