Шинэ үндсэн хууль батлагдсаны ойд зориулсан барилдаан болов

2016 оны 1 сарын 14

Шинэ үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн барилдаан уламжлалынхаа дагуу өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

Арслан Н.Батсуурь энэ барилдаанд 8 даван түрүүлж, шинэ оны анхны гараагаа амжилттай эхлүүлэв. Тэрээр түрүү булаалдах барилдаанд заан Санжаадамбыг татаж хавиран давсан юм. Барилдаан эхэлсэн мөчөөс эхлэн арслан зааны өмнө хөлөө тавьж, хөл мэх хийх гэж байгаа дүр эсгэн хэд хэд хуурч цочоог нь гаргасны эцэст ийнхүү зорьсон мэхээ хийж давлаа. Өмнөх даваанд нь Батсуурь арслан харцага Пүрэвсайхантай барилдахдаа бас л тун сайн мэдэрч цөмөрсөн хөлд нь дагаж орон тахимдаад давсан билээ. Заан Санжаадамба хуучины оны сүүлийн барилдаанд үзүүрлэсэн бол шинэ оны анхны барилдаанд үзүүрлэв.

Их шөвөгт аварга Мөнхбат заан Санжаадамбыг амласан агаад тэд ёсотой л хүчийг шавхан удтал барилдсаны эцэст заан ард нь гарч нааж хавиран давснаар түрүү булаалдахаар шалгарсан юм. Аварга наадмаас хойш огт барилдаагүй хэдий ч бэлтгэл жигд, сайн л байгаа бололтой дог шүү.

Барилдаан УИХ-ын даргыг хүлээсээр 14 цаг 09 минутанд эхэлсэн агаад нэгийн даваа 16 цаг 04 минутад өндөрлөв. Хоёрын давааны үеэр цэргийн начин Д.Цэрэнтогтох у.х А.Цацабширт уначихаад тахимаа их буруу өгч байна. Давсан бөхийнхөө суган доогуур тонгойж, нар зөв тойрон гарах ёстой атал бараг тонгойсонгүйгээр барахгүй хөндлөн эргээд явчихаж байгаа нь их л онцгүй харагдав. Ийм байдал ганц энэ удаа ч биш цөөнгүй бөх дээр харагддаг дутагдал юм. Юун түрүүн монгол бөхийн уламжлалт гол зан үйлийн нэг тахимаа зөв авч өгөөд сурчихвал хаана, хаана аа хэрэгтэй  сэн. Харин энэ даваанд заан Санжаадамба Булганы а.н.н Ганбаатар хоёр тахимаа маш зөв авч, өгч байна лээ. Бүр үлгэр дуурайл авахуйц сайхнаар ёс жаягаа гүйцээж байсныг онцлох нь зүйтэй болов уу. Мөн Санжаадамба заан давчихаад туг тойроод чигээрээ гүйж ногоон дэвсгэрийн зах хүрээд буцаж алхсаар суудалдаа ирж сууж байгаа нь бас нэг үлгэртэй явдал юм. Урьд нь Бат-Эрдэнэ аварга барилдах үедээ мөн ингэж хивсний захад хүрээд буцаж суудалдаа суудаг байсныг тэр үеийн үзэгчид сайн  санаж байгаа биз ээ. Бас бөхчүүдийн элэг бүс ерөнхийдөө нэлээд нарийн болоо юу даа гэмээр байдал анзаарагдав. Дараагийн барилдаанаас бүгдийг шалгаж, дүрэмд заасны дагуу болгох биз ээ. Аймгийн хурц арслан Ө.Сүхбат, аймгийн арслан Б.Бат-Өлзий нарын бөхчүүд тугаа тойрчихоод ихэд хурдтай гүйсээр орох нь монгол бөхөд байх ёстой цог золбоот байдлын нэгэн илэрхийлэл юм уу даа. Үзэгчдэд ч энэ байдал таалагдсан бололтой. Тэднийг онцлон сайшаах нь дуулдсан.

Мөн у.н Б.Сангисүрэн засуулаас гараад гүйхдээ замд нь зогсож байсан Пүрэвсайхан харцагын өмнүүр гүйх гэснээ болиод зориуд араар нь тойрч гарах нь их сайхан санагдав. Цолны эрэмбээ мэдэх, хүндэтгэх бас нэг сайхан үлгэр юм.  Заан Өсөхбаяр эмчийн магадлагаагаар гурвын даваанаас барилдааныг орхилоо. Гарьд Бат-Эрдэнэ гурав дээр а.з Эрдэнсайханыг амалж барилдсан бөгөөд Эрдэнэсайханыг барьцаа өгөхгүй байсан хэмээн хөлийн цэц Хатансайхан гарьд Бат-Эрдэнийг шууд давуулчихав. Үүнээс болж Эрдэнэсайхан хөлийн цэцтэй маргах байдал гаргасан. Бат-Эрдэнэ гарьд дараагийн даваанд а.а Амарсайханд хашиж мордуулан өвдөг шороодсон юм. 

Хуучин оны сүүлийн барилдаанд таарч барилдсан Пүрэвдагва Сангисүрэн начингууд мөн дахин дөрвийн нугалаанд таарч барилдав. Пүрэвдагва давхар шуудагнаас татаж өргөөд тавихад нь Сангисүрэн давуулж гуядаад хоёр дахиа давлаа. Булганы дуулдаг Сүхбат арслан харцага Бат-Оршихыг мордоод хялбархаан давчихаж байгаа харагдсан.  Начин Амарзаяа Пүрэвсайхан начинг өшиглөх гээд хөлдөө алдан дэрлүүлж унав. Архангайн аралтай начин үе үе айхтар "өшиглөдөг" мэхтэйг та юу эс андах.

Батсуурь арслан Соронзонболд заан хоёрын барилдаан тун сонирхолтой болсон. Соронзон дагуулж татаад арсланг бараг дөрвөн хөллүүлэх шахсан агаад Батсуурь тогтонгуут зааны хөлийн ард хөлөө тавиад давуулаад шидчихсэн. Заан босч ирээд толгой сэгсрэн инээсээр тахимаа өгсөн төдийгүй суудалдаа очсон хойноо ч тэд уг барилдаанаа ярилцан инээлдсээр байгаа бололтой харагдсан шүү. Мөн Содномдорж Пүрэвсайхан хоёрын барилдаан ч ганган болсон доо. Содномдорж давуулж гуядах гээд болих үед Пүрэвсайхан давхар шуудагнаас түрэнгүүтээ цөмөрсөн хөлд нь дотуур этээд тас гэдрэг нь хэвтүүлчихсэн юм.

Зарим давааны цаг хугацааг ажвал дөрвийн даваа 18 цаг 04 минутад эхэлж 18 цаг 25 минутад өндөрлөж, тавын даваа 18 цаг 33 минутад эхэлж 18 цаг 46 минутад дуусах жишээтэй.

С.БАДАМ

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна