Улсын арслан Н.Батсуурь түрүүлэв

2016 оны 1 сарын 14

Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр /2016.01.13/ Монгол бөхийн өргөөнд боллоо.

Хүчит бөхийн барилдааныг Улсын Их Хурлын дарга З.Энхболд нээж үг хэлсэн юм. Тэрээр, 1992 онд баталсан Ардчилсан шинэ Үндсэн хууль бол монгол хүний ажиллаж, амьдрах бүхий л эрх, эрх чөлөөг тунхаглаж, төрийн эрх мэдлийн хуваарилалт, ардчилал, зах зээлийн харилцааны үндсэн зарчмуудыг баталгаажуулсан түүхэн баримт бичиг билээ. Энэ түүхэн баримт бичгийг боловсруулж, батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууддаа монголчууд та бүхний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе гэв.

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдааны нээлтэд Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Үндсэн хуулийн 24 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах комиссын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн дарга Н.Ширэндэв, Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын зарим гишүүдийн төлөөлөл болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Ч.Санжаадамба, Т.Санчир, М.Өсөхбаяр, улсын харцага Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Б.Пүрэвсайхан нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглолоо.

Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдааны үеэр Ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээнд түрүүлсэн оролцогч нарт Улсын Их Хурлын дарга З.Энхболд өргөмжлөл, медаль гардуулж баяр хүргэсэн юм.

Энэ удаагийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь найм даван түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат, Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Б.Пүрэвсайхан нар үлдэв.

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдааныг Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, Монгол улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан болон албаны бусад хүмүүс үзэж сонирхсон юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна