Бодлогын хүүг нэг хувиар буурууллаа

2016 оны 1 сарын 14

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2015 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар мөнгөний Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 12 хувь болгох шийдвэр гаргажээ. Бодлогын шийдвэр нь 2016 оны 1 дүгээр сарын 14-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа юм байна.

Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2015 оны 11 дүгээр сарын эцэст 2.9 хувь болж, сүүлийн 5 сарын турш зорилтот түвшнээс доогуур байгаа, цаашид ч нийлүүлэлтийн гаралтай инфляци нам, тогтвортой байхын зэрэгцээ эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага түвшинд байх төлөвтэй гэж үзсэн нь мөнгөний бодлого тэлэх орон зайг нэмэгдүүлж байгаа юм байна.

Дунд хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэх, тогтвортой байх эерэг хандлагууд бий болж байгаа нь макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжихээр байна гэж зөвлөлөөс дүгнэсэн байна.

Мөнгөний бодлогын төлөвийг алгуур зөөлрүүлэх энэхүү шийдвэр нь мөнгө, зээлийн өсөлт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд эергээр нөлөөлөх юм.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна