"Монгол цэргийн урлаг" номын нээлт боллоо

2016 оны 1 сарын 14

 

Модун шаньюйгаас маршал Чойбалсан хүртэлх цэрэг эрсийн байлдааны тактикийн талаар өгүүлэх оюуны үнэтэй бүтээл уншигчдын гарт очиж байна. Энэхүү бүтээлийг цэргийн шинжлэх ухааны доктор, профессор Х.Шагдар, Батлан хамгаалахын сайд, Эдийн засгийн ухааны доктор, профессор, дипломатч Ц.Цолмон, Сурган хүмүүжүүлэх, шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш Г.Мягмаржав нар хамтран бүтээсэн юм. Гурван докторын хамтарсан "Монгол цэргийн урлаг" номын нээлтэд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, БХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц, БХЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр болон дэслэгч генерал Ц.Дашзэвэг, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Зэвсэг хүчний 016 дугаар бригадын захирагч, бригадын генерал Л.Онцгойбаяр нарын цэргийнхэн оролцов.

 

Ном бүтсэн түүхийн талаар зохиогчийн нэг болох Монгол Улсын гавьяат багш Г.Мягмаржав хэлэхдээ "Миний бие оюутан цэрэг хөтөлбөрийн талаар танилцуулахаар сайдтай уулзлаа. Намайг хөтөлбөрийнхөө талаар танилцуулаад дууссаны дараа манайх Монгол цэргийн урлагийн талаар бүтээл байдаг уу. Энэ сэдвийг сонсогч, байлдагч, оюутан цэргүүдэд хэрхэн заадаг юм бэ" гэж асуусан. Тэгэхэд нь дагнасан, базаж нэгтгэсэн бүтээл хараахан байхгүй байна. Бид гэхдээ энэ талаар заадаг" гэж хэлчихээд хэлэх үг олдоогүй. Тэр өдрөөс л эхлэн энэ талын бүтээл гаргах ёстой юм байна гэдэгт бид санал нэгдсэн юм" хэмээн онцолсон. Харин Батлан хамгаалахын сайд, эдийн засгийн ухааны доктор, профессор Ц.Цолмон "Цэргийн эрдмээр суралцаж байгаа манай залууст Монгол цэргийн урлаг-ийн талаар өгүүлэх бүтээл ховор байна. Гадаадын цэргүүдийн тактик, арга барилын тухай бол бүтээлүүд мэдээж олон. Иймээс сурах бичиг чиглэлээр энэхүү номыг бичиж гаргасан байгаа. Манайхан шимтэн уншиж, ширээнийхээ номыг болгоно гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм. Номын нээлтэд хүрэлцэн ирсэн хүндэт зочдыг төлөөлж Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагч Л.Онцгойбаяр "Монгол цэргийн урлаг номонд Модун шаньюйгаас маршал Чойбалсан хүртэл энгийн ойлгомжтой сурах бичгийн хэлбэрээр хялбаршуулан зохиомжилжээ. Өнөөдөр Зэвсэгт хүчний өнөөгийн хэрэгцээ, шаардлагад Монгол цэргийн урлагийн талаар зөв ойлголт, цэгцтэй мэдлэг дутагдаж байсан юм. Эзэн Чингис хаан түүний залгамжлагчид, жанждын дайтах, байлдах суу заль, тухайн үеийн дэлхийн цэргийн урлагийн сэтгэлгээний оргил байсныг энэ бүтээлд тодорхой харуулсан байна. Монголчуудын хийсэн дайн, тулалдаануудаас сонгон авсан байлдаануудын цэргийн урлагт холбогдох онцлог талуудыг илүүтэй товойлгон гаргахын тулд тэдгээрийн үүссэн шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйл, явц үр дүнг гаргажээ. Цаашид гүнзгийрүүлэн судалж ашиглах эх сурвалж, судалгааны зохиолыг заасан, сорилын асуултаар мэдлэгээ шалгах боломжтой байгаа нь сурах бичгийн агуулга, шинж чанарыг хангасан байна" хэмээн онцолсон юм. Мөн зарим зочид "Цэргийнхнээс илүүтэй энгийн иргэд уншихад ойлгомжтой бичсэн байна. Тэгэхээр сурагчдад, оюутан залууст сурах бичиг байдлаар тарааж уншуулах ёстой" гэж байв.