Эх орныхоо бүтээн байгуулалтад оролцох цэрэг эрсийг сургаж эхэллээ

2016 оны 1 сарын 14

 

Үеийн үед цэрэг эрчүүд бүтээн байгуулалтын эзэд байсан тухай ярих хүн олон бий. Дархан хот, Эрдэнэт хотоос эхлээд нийслэл дэх бүтээн байгуулалтын ажлуудад цэрэг эрчүүд идэвхтэй оролцож байсныг уншигч та мэдэх биз ээ. Тэгвэл Засгийн газраас баталсан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтын нээлтийн ёслол өнөөдөр Налайх дүүрэг дэх МСҮТ-д боллоо. Цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтын нээлтийн ажиллагаанд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон холбогдох албаныхан оролцож сургалтад хамрагдаж буй цэрэг эрчүүдтэй уулзаж, сургалтын танхим, тоног төхөөрөмжтэй танилцсан юм. Мөн БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд болон Ахлагч бэлтгэх төвийн сонсогчид, МСҮТ-ийн сурагч, багш нар оролцов.

 

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Цэргүүдийг бүтээн байгуулалтад оролцуулах энэхүү хөтөлбөр алба хаах хугацаандаа цэргийн болон бусад мэргэжлийг давхар эзэмших ховор боломжийг нээж өгч байна. Хос мэргэжилтэй болсноор тогтмол ажилтай орлоготой болох төдийгүй ажиллах хүчинд дэмжлэг болно. Бүтээн байгуулагч цэрэг болох түүхэн үйлсэд оролцох үйл ажиллагаа энэ удаагийн сургалтаар дуусчихгүй үе шаттайгаар цаашид үргэлжлээд явна” гэдгийг онцоллоо. Харин Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Цэргийн албан хаагчдад мэргэжил эзэмшүүлэхэд шаардлагатай сургалтын, хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулах, сургалтын материаллаг бааз, тоног төхөөрөмжөөр хангах, мэргэжлийн багш нарыг бэлтгэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Энэ удаагийн сургалтаар “Тавантолгой-Сайншандын чиглэлийн 428 км төмөр замын доод бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах хүнд машин механизмын оператор, хүнд машин механизмын засварчин, бетон арматурчин, жолооч, мэргэшсэн жолооч гэсэн таван мэргэжлээр 2601 хүнийг бэлтгэнэ” гэлээ.

 

 

Сургалтад хамрагдаж буй сонсогчид хоёр сард 280 цагийн онолын хичээл үзэж гурван сард 480 цаг техник хэрэгсэл дээр дадлага хийх бөгөөд энэ хугацаандаа Налайх дүүрэг дэхь цэргийн анги дээр байрлаж ирэх хавраас төмөр замын бүтээн байгуулалтад оролцож эхлэх тухай албаныхан дуулгаж байв.

 

Мөн суралцагчдад зайлшгүй шаардлагатай сургалт, үйлдвэрлэлийн дадлагыг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд дээр зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Сургалтад цэргийн алба хаагчдаас гадна БХИС-ийн Ахлагчийн сургуулийн суралцагчдыг хамруулахаар болсон тухай Батлан хамгаалах яамны удирдлагууд хэлж байв.

 

“Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрт хамрагдах цэргийн албан хаагчдад мэргэжил эзэмшүүлэх сургалтын нээлт болсон Налайх дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хүнд машин механизмын оператор мэргэжлээр 110 цэргийн алба хаагчийг сургана. Түүнчлэн Өмнөговь аймаг дахь политехник коллеж, Төв аймаг дахь МСҮТ зэрэг хэд хэдэн газарт энэ сургалтыг явуулах юм байна.

 

 

Дамшрамд сонирхуулахад, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд ”Батлан хамгаалах бодлогын хүрээнд цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтад оролцуулах арга хэмжээ авах” зорилтыг тусгасны дагуу 2013 онд “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Зэвсэгт хүчний үндсэн болон тайван цагийн үүрэг гүйцэтгэх чадвар, бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр улс орны томоохон бүтээн байгуулалтын ажилд цэргийн алба хаагчдыг оролцуулахаар болж цэргийн албан хаагчдыг шаардлагатай мэргэжлээр сургаж бэлтгэх чиглэлээр Хөдөлмөрийн яам, Батлан хамгаалах яамны хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан бөгөөд сургалтын ажиллагаа ийнхүү өнөөдрөөс албан ёсоор эхлүүлж буй юм.