Гишүүд төгсөлтийн монтажаа гаргажээ

2016 оны 1 сарын 14

Үе үеийн УИХ-ын гишүүд монтажтай болов. УИХ-ын гишүүдийн цомог зургийг өчигдөр буюу Үндсэн хууль батлагдсан ойн баярын өдөр Төрийн ордноо залсан юм. УИХ-д сууж төр барьсан эрхэм түшээдийн зургийг он дарааллын хуудсаар нь түүх болгон үлдээсэн бөгөөд тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан хүмүүс нь цомог зургийг нээсэн билээ. Тэрхүү цомог зургийн дотор 2012 онд сонгогдон ажиллаж буй одоогийн УИХ-ын гишүүдийн цомог ч багтжээ. 2012-2016 оны УИХ-ын гишүүдийн цомог зургийг УИХ-ын З.Энхболд нээсэн бөгөөд  тэрхүү нээлтийн ёслолын дараа цахим ертөнцийн жиргээчид “За ашгүй ингээд одоогийн УИХ-ын гишүүд бүгд УИХ гэдэг сургуулиа төгсчхөж байгаа юм байна. Монтажаа гаргачихаж. Харин дараагийн шинэ ангиа л сайн хүмүүсээр сайн шигшиж байгаад бүрдүүлэх юм шүү” хэмээн жиргэцгээсэн юм.

Үнэхээр ч гишүүд тун удахгүй бүрэн эрхийн хугацаагаа өндөрлөж байгааг хүлээн зөвшөөрөөд төгсөлтийн монтажаа гаргачихав бололтой. Гэвч үлдэж буй багахан хугацаанд УИХ-ын гишүүд хууль батлах үйл хэрэгтээ “хоноц”-ын сэтгэлээр хандаж болохгүйг сануулахаас аргагүй нь. Дараа дараагийн УИХ-д ажиллах боломж бололцоог нь хангахын тулд Үндсэн хуулийн өөрчлөлт шинэчлэлтээс эхлээд Улс төрийн намын тухай хуульдаа дорвитойхон өөрчлөлт хийх аваас отгон УИХ-ын гавьяа болон үлдэх билээ.

М.СУРА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна