Төр 929 орон сууцыг хөнгөлөлттэй үнээр түрээслэнэ

2016 оны 1 сарын 14

Энэ сарын 12-ны Засгийн газрын хуралдаанаас “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тогтоолыг баталсан. ТОСК-ийн дэд захирал Д.Оюунчимэгтэй энэ талаар ярилцлаа.

-Нийгэмд хүлээлт үүсгээд байгаа төрийн түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжихээр боллоо. Уг хөтөлбөрийн зориулалт, ач холбогдол болоод хэн хамрагдаж болох, хэзээ хэрэгжиж эхлэх вэ?

 -Түрээсийн орон сууцны хөтөлбөр 2015 оны долдугаар сард батлагдсан. Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх  үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2015-2016 онд ТОСК нь түрээсийн орон сууцыг захиалж бариулах зах зээл дээр борлогдохгүй байгаа орон сууцнаас худалдан авах замаар 1300 айлд түрээслүүлж төрийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх хүрээнд хийгдэж байгаа ажил.ТОСК-ийн Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт захиалж бариулсан орон сууцнаас 929 орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэх түүнийг холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэх үйл ажиллагааг эрхлэх тогтоол гарлаа. Түрээсийн орон сууцны хөтөлбөр гурван өмчийн хэлбэртэй .Үүнд  төрийн түрээсийн орон сууц, орон нутгийн өмчийн түрээсийн орон сууц, хувийн өмчийн түрээсийн орон сууц гэсэн. Төрийн түрээсийн орон сууцны ашиглалт удирдлагыг ТОСК хариуцан ажиллана. 2015 онд орон нутагт 800, Улаанбаатарт 1620 нийтдээ  2000 гаруй айлын орон сууцыг захиалж ашиглалтад оруулсан. Эдгээрээс зургаан аймагт нийтдээ 579  орон сууц, Улаанбаатарт “Буянт-Ухаа-2”хорооллын  350 орон сууц нийт 929  орон сууцыг төрийн түрээсийн санд шилжүүлж авахаар бэлэн болсон. Эдгээр байрны үнийг 2017-2019 онд улсын төсөвт суулган ТОСК-д гаргаж өгөхийг  тогтоолд тусгасан.Төрийн өмчийн зорилтот бүлэгт чиглэсэн хөнгөлөлттэй түрээсийн бодлогыг Монгол Улсад анх удаа хэрэгжүүлэх гэж байна. Ер нь манайхаас бусад бүх улсад орон сууц шууд худалдан авах боломжгүй, урьдчилгаа төлбөрөө  цуглуулж чадаагүй, банкны зээлийн шаардлага хангадаггүй, зээлд хамрагдах боломжгүй ахмад настан болон зорилтот бүлгийн иргэдийг тохь тухтай орчин үеийн шаардлага хангасан, инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдрах боломжийг олгох зорилгоор энэ хөтөлбөр хэрэгжих гэж байна.Нөгөө талаас Улаанбаатар хотын гэр хороооллын төвлөрлийг сааруулах агаарын бохирдол бууруулах гээд бүх талын ач холбогдолтой хөтөлбөр юм.

-Түрээсийн  байрны төлбөр хотод 200-280 хөдөөд 139 мянган төгрөг гэж  байсан нь нэг мкв-ын үнэ юм уу, эсвэл сард төлөх үнэ юм уу?

-Төрийн өмчийн түрээсийн орон сууцны сарын төлбөр нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу баримжаа үнийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Гэхдээ тогтоол эцсийн байдлаар албан тоотоор ирээгүй байна. Тогтоолын төсөл дээр Улаанбаатарт нэг байрны үнийг сарын 200-280 мянга, орон нутагт 130 мянган төгрөг гэж тусгасан. Гэхдээ орон сууцны  мкв -аас  хамаарч ялгавартай тогтооно.

-Өрөөний тооноос хамааралтай үнэ үү, эсвэл метр кв-аас шалтгаална гэсэн үг үү?

- Өрөөний тооноос  хамаарахгүй. Нэг өрөө байр  34, 60 мкв-тай байж  болно. Хоёр  өрөө байранд ч  ялгаагүй  мкв-т суурилж сарын жишиг үнийг  тооцож тогтооно. Хөдөө орон нутагт мкв-ын үнийг 4500, Улаанбаатарт 6500 төгрөгөөр тооцож  дээд хязгаарыг өрхийн орлогын 25 хувиас хэтрэхгүй байхаар тооцсон. Гэхдээ энэ үнэ түрээсийн орон сууц түрээслэх хугацаанаас шалтгаалж өөрчлөгдөх магадлалтай. ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшин жил тутамд өөрчлөгдөж байдаг.Тиймээс 1-2 жил тутамд түрээсийн байрны төлбөрийг шинэчлэн  тогтоож байхаар журамд тусгана.

-Энэ мэдээлэл цацагдсанаас хойш түрээсийн хямд байранд яаж хамрагдах тухай иргэд  их асууж байна. Журам яг хэзээ гарч иргэд байраа түрээсэлж эхлэх вэ?

-Журам эцэслэн гараагүй байна.Төлөвлөгөөгөөр  түрээсийн орон сууцанд хэнийг, ямар шалгуураар оруулах, хугацаа, ашиглалт зэргийг зохицуулсан журмыгБарилга хот байгуулалтын сайдын тушаалаар баталж гаргана. БХБЯ манайхтай хамтарч журмын төсөл боловсруулсан. Эцэслэн батлагдаагүй байна. Ойрын үед батлуулахаар ажиллаж байна.Төрийн өмчийн хороонооос манай ТОСК-ийн шинэчилсэн бүтцийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталсан. Шинэ бүтцийн дагуу өөрчлөлт хийж хөрөнгийн удирдлагын хэлтэс шинээр байгуулагдах ёстой. Энэ хэлтэс орон сууцны түрээсийн үйл ажиллагаатай холбоотой бүх ажлыг хариуцаж зохион байгуулна. Үүнд бэлтгэл ажил шаардана. Мөн  Хэнтий аймагт баригдаж байгаа орон сууцнаас бусад нь ашиглалтад орсон. Дархан-Уул аймагт 189 айлын орон сууц захиалсан  83 нь  түрээсэнд шилжүүлэхэд бэлэн болж байна. Цаана нь 100 орчим байрыг иргэд худалдан авч байна. Нэг байранд түрээсийн иргэд болон худалдан авсан иргэд холилдон амьдрах нөхцөл бүрдэнэ. Энэ бүгдэд зохицуулалт хийх хүлээх гээд хугацаа шаардлагатай. Архангай аймагт 120, Увс аймагт 84, Дархан-Уулд 83, Сэлэнгэ аймгийн Зүүн-Хараад 90, Хэнтий аймгийн төв Мандал говь,  Ховд аймагт тус бүр  96, мөн Хэнтий аймгийн Бор-Өндөрт 16 нийт 579, Улаанбаатарт “ Буянт-Ухаа -2” хорооллын 39, 49 мкв хоёр өрөө  350 байр бэлэн болсон . Бэлтгэл хангаж ажлыг эхлүүлэхэд сар гаруй хугацаа шаардлагатай. 

-Түрээсэлсэн байраа иргэд худалдаж авах боломжтой юу?

-Энэ бол төрийн түрээсийн орон сууц учраас худалдаж авах боломж байхгүй. Энэ удаагийн хөтөлбөрөөр зөвхөн түрээсийн орон сууцны санд фонд бүрдүүлэх зорилготой. Журамд хэрхэн заагдахаас шалтгаална. Нэг түрээслэгч  дээд тал нь 3-5 жил үү, хэдэн жилээр түрээслэх хугацааг тогтооно. Хугацаа дуусангуут дараагийн түрээслэгч түрээслэнэ. Аль болох олон хүн хамруулах зорилготой. Цаашид дараа, дараагийн хөтөлбөрөөр  түрээсэлж байгаад худалдан авах үйл ажиллагааг нэвтрүүлэх боломжуудыг судалж байна. Өөрөөр хэлбэл хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, үнэт цаасны эх үүсвэрээр зах зээлд бэлэн болсон борлогдохгүй байгаа орон сууцнаас худалдан авч энгийн түрээсээр болон  түрээсэлж байгаад худалдан авах гэсэн хоёр өөр бүтээгдэхүүн хэлбэрээр гаргахаар ажиллаж байна.

-Орон сууцны урьдчилгаа төлбөр бүрдүүлэх  сан гэж яригдаж байсан. Үүнийг танайх хэрэгжүүлж байна уу?

-Үүнийг НОСК хэрэгжүүлнэ. Энэ байгууллага манайд ямар ч хамаарал байхгүй. Нийслэлээс зохион байгуулж буй ажил.

-929 байрны нийт өртөг хэд болж байна. Үүний хөрөнгө оруулалт санхүүжилт хаанаас хийгдэх вэ?

-929 байрны нийт өртөг 51.2 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Энэ төслийг Чингис бондын эх үүсвэрээр Хөгжлийн банкаар дамжуулан зээл авч хэрэгжүүлнэ. Хөгжлийн банкнаас авсан зээлээ хүүгийн хамт үндсэн төлбөртэй нь буцааж төлнө. Энэхүү 51.2 тэрбум төгрөгийн үндсэн зээлийг, хүү төлбөрийн хамтаар 2017-2019 оны улсын төсөвт суулгах тухай Засгийн газрын тогтоолд тусгасан. Энэ хооронд гарах 6.8 тэрбум төгрөгийн хүүг  эхний 56 сарын түрээсийн мөнгөөр төлж барагдуулна. 57 дахь сараас төвлөрөх түрээсийн орлогыг журмаар батлагдсан тусгай санд төвлөрүүлэх буюу улсын төсөвт эргүүлж оруулна. Эсвэл түүгээрээ дараа дараагийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх чиглэлээр ажиллана.

Ц.МЯГМАРБАЯР

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна