Олон улсын хуульчид манай цэргийн хуульчдад сургалт зохион байгууллаа

2016 оны 1 сарын 14

 

АНУ-ын Батлан хамгаалах, Олон улсын хууль судлалын сургуулиас зохион байгуулсан “Хүний эрх ба Олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомж” сургалт, семинар манай улсад амжилттай болж өндөрлөлөө. Монгол Улсын Батлан хамгаалах яам, Америкийн Нэгдсэн Улсын Батлан хамгаалах яамны харилцаа хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан юм. Монгол Улсын батлан хамгаалах гадаад харилцаа өргөжин тэлж, энхийг дэмжих ажиллагаа, олон улсын бусад ажиллагаа дахь үүрэг, оролцоо өндөр байгаа энэ үед зохион байгууллаа хэмээн албаныхан онцлов. Сургалтаар хүний эрхийн тухай, иргэний эрхийг хүндэтгэх асуудал, эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг асуудал, Хүний эрх ба зэвсэгт мөргөлдөөний хууль, жендерийн хүчирхийллийн эсрэг асуудал, хууль сахиулахад зэвсэгт хүчнийг ашиглах асуудал, олон улсын болон дотоодын зэвсэгт мөргөлдөөн болон хүч хэрэглэх дүрэмтэй холбоотой асуудлыг бодит жишээ дээр тайлбарлан ярилцсан юм.

 

Энэ сургалт нь Монгол Улсын Батлан хамгаалах салбарт цэргийн хуульчаар ажиллаж байгаа алба хаагчдыг олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомжийн талаар мэргэшүүлэн бэлтгэх хамтын ажиллагааны эхлэл болж байгаа төдийгүй цаашид хуульч мэргэжилтэй бүхий л цэргийн алба хаагчдыг Монгол Улсад болон АНУ-д мэргэшүүлэх үйл ажиллагааны эхлэл болсноороо онцлог юм. Сургалтад хамрагдсан цэргийн хуульчдын сургалтын хаалтын ажиллагаанд БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар оролцож сургалтын цар хүрээ өсөн нэмэгдэж байгааг онцлоод цаашдаа хоёр улс энэ чиглэлээр хамтран ажиллах боломж нээгдсэнийг онцолж байв.