"Ахлах сургуулийн цөм хөтөлбөр"-ийн туршилт эхлэв

2016 оны 1 сарын 14

 

Боловсролын салбарт дахин нэг хөгжлийн салхи сэвэлзэж эхлэв. Тодруулбал, “Өмнө нь бид хүүхдэд зөвхөн мэдлэг олгодог байсан. Одоо хүүхдүүдээс чадвар чадамжийг эрж хайна.” энэ бол БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн хэлсэн үг. Харин энэ ажлыг хаанаас эхлэх вэ. Үүнд ч тэр хэдийнэ хариулсан. Өдгөө үргэлжилж буй “Боловсролын чанарын шинэчлэл” хариулт нь. Бүгд л болохгүй. Хөрөнгө байхгүй. Гадны хөрөнгө оруулалт зогссон гэж тоть мэт давтан үглэх цаг үед хамгийн чухал салбаруудын нэг боловсролын салбар урагшилж, шинэчлэгдэн, сайжирсаар багагүй хугацаа өнгөрчээ.

 

Тэгвэл энэ удаад ахлах ангийн сурагчдад боловсрол олгох арга барил хийгээд сургалтын чанарт анхаарч эхэлжээ. Үүний хүрээнд 21 аймаг есөн дүүргээс шалгарсан ерөнхий боловсролын 200 сургууль тус бүрт 3000 ам. доллар буюу зургаан сая төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон.

 

Үүний бэлтгэл ажил болох “Ахлах сургуулийн сургалтын цөм хөтөлбөрийн туршилт хэрэгжилтийн бэлтгэл хангахад дэмжлэг үзүүлэх сургалт”-ыг энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулж буй. Энэ талаар БСШУ-ны хэрэгжилтийн багийн менежер Д.Цэцэгмаа ”Ахлах сургуулийн цөм хөтөлбөрийг ирэх намар шинэ хичээлийн жилээс улс орон даяар хэрэгжүүлж эхэлнэ. Тиймээс том ажлын бэлтгэл болгож гурав, дөрөвдүгээр улиралд турших хэрэгжүүлэх, гаргалгаануудыг гаргах гэсэн ажил хийгдэх юм. Үүнд бэлтгэж хот хөдөөгийн 40 сургуулийн төлөөлөл болох багш нарыг чадавхижуулахад бэлтгэх юм.

 

Мөн харилцан туршлага судлах ач холбогдолтой” гэв. Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын сургуулиудад “Ахлах сургуулийн сургалтын цөм хөтөлбөр” хэрэгжсэнээр хүүхэд ямар хичээл сонгож, судлахаа өөрөө мэдэх аж. Ингэснээр хүүхдийн ирээдүйд эзэмших мэргэжил илүү тодорхой болно. Цаашлаад байгаа чадвар, хүсэл сонирхол, нөөц боломждоо тааруулж, ахлах сургуулийг тус, тусын чиг үүрэгтэйгээр байгуулах юм. Хүүхдүүд ч өөрийн сонирхож буй чигээ барьж аль ахлах сургуульд орохоо сонгоно. Бүр тодруулбал тухайн сурагч өөрөө, өөрийнхөө суралцахуйг удирдана гэсэн үг.

 

Тэгвэл уг сургалтад аймгуудын боловсролын хэлтсийн дарга нар оролцож буй. Тиймээс зарим нэг аймгуудад энэхүү боловсролын цөм хөтөлбөрийн шинэчлэл хэрхэн өрнөж байгаа болон гарч буй үр дүнгийн талаар сонирхлоо. Энэ талаар Архангай аймгийн Боловсрол, соёлын газрын дарга А.Амгаланбаатар ”Манай аймагт хөтөлбөр маш сайн хэрэгжиж байгаа. Үр дүнгийн тухайд ч гарт баригдаж, нүдэнд харагддаг. Ер нь бол улс оронд сүүлийн хориод жил хийгдээгүй шинэчлэл боловсролын салбарт хийгдэж байна. Энэ шинэчлэлд сурагч, багшаас гадна эх эцэг хамтарч оролцож байгаагаараа их чухал.

 

Оролцохоос ч өөр аргагүй. Учир нь нийгмийн шаардлага ийм болсон. Хөтөлбар бага ангид хэрэгжээд хоёр жилийн нүүр үзлээ. Үр дүнг нь суурь боловсрол руу шилжиж орж байгаа зургаадугаар ангийн хүүхдүүдээс харж болно. Тухайлбал, тодорхой нэг хичээл дээр жишээ татаж болно. “Амьдрах ухаанд суралцахүй” гэж хичээл байгаа. Энэ хичээлийг судалснаар хүүхдүүд биеэ авч, явах, амьдралын асуудлыг яаж шийдэж болох, бүтээлч санаануудыг уралдуулдаг. Хүүхэд өөрөө тодорхой чадамжийг эзэмшиж байна Бүр цаашлаад хүүхдийн оруулсан, дэвшүүлсэн санаанууд орон нутгийн түвшинд ажил болж өрнөж байна.

 

 

Үүнээс улбаалаад манай аймаг сар бүрийн есөнийг “Хүүхдээ сонсох өдөр” болгосон. Энэ өдөр аймгийн удирдлагууд болон төрийн үйлчилгээ үзүүлдэг бүх захиргааны нэгжүүдийн төлөөлөл хүүхдүүдээ сонсдог. Зорилтот бүлгээр нь ялгаж хүлээн авч уулздаг. Хөгжилтийн бэрхшэлтэй хүүхдүүд эсвэл дотуур байранд амьдардаг хүүхдүүд гэх жишээтэй. Амьжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүд, спортоор хичээллэдэг хүүхдүүд гэх мэт. Үүний дараа цугалсан санал хүсэлтийг тухайн үед нь шийдээд ,арга хэмжээ аваад явдаг. Энэ хугацаанд аймгийн  хэмжээнд давхардсан тоогоор 8000 гаруй хүүхдийг сонсож, дэвшүүлсэн 324 санааны 84 асуудлыг шийдсэн. Энэ бол тус хөтөлбөргийн үр дүн юм. Хуучнаар бол аймаг,сумдын засаг дарга нар сургуулийн удйрдлага, сурагчидтай ингэж ойр хамгарч ажиллаж чаддаггүй байсан” гэж өгүүлэв.

 

Харин Ховд аймгийн тухайд хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мөн л ам сайтай байв. Харин хэрэгжүүлж эхэлхэээр зэхэж буй “Ахлах ангийн сургалтын цөм хөтөлбөр”-т хамгийн том асуудал буйг онцлосон юм. Энэ тухайд Ховд аймгийн Боловсрол соёлын газрын мэргэжилтэн Д.Батнасан ”Манай аймгийн тухайд ахлах сургуулийг байгуулах ажил гол асуудал болж, тавигдаж байна. Тиймээс ахлах сургуулийг хэрхэн байгуулах вэ гэдэг дээр нэлээд санал бодол, арга, туршлага судалж, суралцаж байгаа. Тухайлбал судалгаа тооцоо их чухал. Гурван сараас эхлээд анхан түвшний саналуудаа гаргана. Эх эцэг, сурагчид, аймгийн удирдлагуудад танилцуулна. Ингээд зарим сургуулиа ахлах сургууль болгож өөрчлөх байх.

 

Мөн есөн жилийн сургалтгай сургуулиуд ч бий болно. Аймгийн хэмжээнд 24 ахлах сургуультай. Үүнийг хэрхэн ,яаж ангилж болох олон хувилбар байна. Тухайлбал, сумуудын хооронд бүсийн ахлах сургуультай болно. Энэ нь гурван сумын дунд байх уу, үгүй юу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа. Мөн 2016 онд Булган сумын сургуулийг цогоцолбор сургууль болгоно. Ерөнхийдөө 4-5 жилийн дараа энэ бүхэн жигдэрч 7-8 ахлах сургуультай болно гэсэн төлөвлөгөө бий. Ингэж ахлах сургуулиудаа байгуулахдаа урлагийн, байгалийн, цэргийн гэх мэт төрөл жанраар нь ангилж байгуулна. Гэсэн ч үүнд тухайн газар нутгийн онцлог, зам харгуй гээд олон зүйлийг харж байгуулах шаардлага харагдаж байгаа” гэлээ. Мөн энэ шинэчлэл нийслэлийн сургуулиудад ч нэг адил хэрэгжих эхэлхээр байгаа.

 

Энэ талаар Сүхбаатар дүүргийн Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургуулийн захирал А.Бадамцэцэг”Хөтөлбар манай сургууль дээр хэрэгжээд эхэлсэн юмуу даа гэж харж байгаа. Их ойр санагдлаа. Инженерийн чиглэлийн ахлах сургууль учраас энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд илүү чиглэж ажиллах нь зөв юм гэсэн бодол байна. Мөн орон нутагт ийм ижил чиглэлийн ахлах сургууль байгуулагдвал суралцах арга барил, санал, туршлагаасаа хуваалцаж, хамтарч ажиллаж болох юм” гэсэн.

 

Ийн боловсролын салбарт дахин нэг шинэчлэлийн салхи сэвэлзэв. Үүний ачаар хүүхэд мэргэжлээ буруу сонгохгүй. Өөрийн сонирхолгүй хичээлийг багшаар загнуулж, түлхүүлж, чичлүүлэн судалж суухгүй боллоо. Энэ салхи тэдэнд илүү их эрх чөлөө, боломжийг олгох юм. Тэр хэрээр сурагчаас өөрөөс нь хариуцлага нэхнэ. Харин хөгжлийн салхинд туугдах уу эсвэл тэндээс аирсэн боломжийг атгах уу гэдэг нь зөвхөн сурагчдын мэдэлд үлдэх аж.

 

ЭХ СУРВАЛЖ: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" СОНИН