Хятад хямарч, Орос ханиалгав

2016 оны 1 сарын 14

Дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болох Хятадын эдийн засагт үүсээд буй нөхцөл байдал, зах зээлийн тааруу үзүүлэлтүүд болон дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн бууралт зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс болж хямралаас гарахыг оролдож буй ОХУ-ын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх прогноз гарч байна.

Он гарсаар Хятадын үнэт цаасны индексүүд 10 гаруй хувиар буурсан тухай мэдээлэлтэй зэрэгцэн ОХУ-ын эдийн засгийн амин сүнс болсон түүхий нефтийн үнэ энэ сарын эхний хоёр долоо хоногийн байдлаар 20 хувиар буурч, баррель газрын тос 30 ам.доллараас арай дээгүүр үнэтэй байна.

Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ мөддөө сэргэхгүй болтлоо буурч байгаа нь ОХУ эдийн засгийн өсөлтөө жаахан сэргээх гэсэн итгэл найдварыг үгүй хийж байгаа бол Хятадын хөрөнгийн зах зээлийн хямрал цаашид улам гүнзгийрэх хандлагатай байгаа нь дэлхийн эдийн засаг, түүхий эдийн үнийг тогтоож буй Хятадын эдийн засгийн өсөлт таамаглаж байснаас ч хурдан буурах вий гэдэг түгшүүр төрүүлж байгаа юм.

Үүсээд буй энэ нөхцөл байдал нь түүхий эдийн үнийг урт хугацаанд унагаж, худалдааны стратегийн түншлэлийг сулруулах сөрөг үр дагавар дагуулж магадгүй гэж Москва сэрэмжилж байна. ОХУ-ын АФК "Система" санхүүгийн группийн ахлах эдийн засагт Евгений Надоршин “Энэ бол Оросын хувьд маш таагүй мэдээ” гэжээ.

Таагүй дүр зураг

Газрын тосны үнэ энэ чигээр навс унавал ОХУ-ын хувьд хамгийн муу зүйл болно. Газрын тосны үнийг дагаад рубль ам.долларын эсрэг энэ сарын эхний хоёр долоо хоногийн байдлаар дөрвөн хувь суларч, 76.5 болсон нь 1998 оны хямралын үеийн доод ханштай дөхөж очиж байна.

ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов Москвад болсон Гайдар форумын үеэр хэлэхдээ 50 хувийг нь эрчим хүчний салбарын орлогоос бүрдүүлдэг төсөв нь газрын тос нэг баррель нь 82 ам.долларт хүрч байж бүрдэнэ гэжээ. Антон Силуанов  газрын тосны үнийг энэ жил 40 ам.доллараас дээш гарахгүй гэж таамаглаж байгаа бөгөөд ОХУ төсвийн тодотгол хийх эсвэл 1998-99 оны санхүүгийн хямралыг давтахаас өөр зам байхгүй гэжээ. ОХУ-ын Сангийн яам бусад газрууддаа тэвчиж болох зардлуудыг 10 хувиар танахыг үүрэгдсэн байна.

1990 оноос хойш хамгийн удаан үргэлжилсэн хямралын үр дагаварт өнгөрсөн жил ОХУ-ын эдийн засаг 3.7 хувиар агшсан билээ. Хэрэв нэг баррель газрын тос 35 ам.доллараас дээш гарахгүй энэ хэвээр үргэлжилвэл 2016 онд ОХУ-ын төсвийн алдагдал нэмэгдэж, валютий нөөц шавхагдан, эдийн засаг 2-3 хувиар буурна гэж Төв банк нь өнгөрсөн арванхоёрдугаар сард мэдэгдсэн.

ОХУ-ын “VTsIOM” судалгааны газраас энэ сарын эхээр явуулсан санал асуулгаар Оросын иргэдийн 52 хувь нь “Орос орон хамгийн хэцүү цаг үеийг туулж байна” гэж хариулжээ.

Уналт мөд сэргэхгүй

Дэлхийн хамгийн том зах зээл гэгдэж буй Хятадад хөрөнгийн зах зээл савлаж эхэлсэн нь гайхах зүйл биш. Өнгөрсөн хугацаанд Хятадын эдийн засаг дэлхийн түүхий эдийн зах зээлийн гол хөдөлгөгч хүч болж ирсэн. Тиймээс энэ том зах зээл удааширч эхэлсэн нь үнийн уналтыг улам гүнзгийрүүлэх нь тодорхой.

Хятадын эдийн засгийн өсөлт ердөө нэг хувиар буурахад л түүхий эдийн үнэ хоёр жилийн хугацаанд зургаан хувиар буурна гэдгийг энэ сарын эхээр Дэлхийн банкнаас гаргасан илтгэлд тэмдэглэсэн байна. Тиймээс түүхий эдийн үнийн уналтын жилүүд ирж байгаад бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Түүхий эдийн нийлүүлэлтийн илүүдэл газрын тос, байгалийн хий болон металлын үнийг унагасан. S&P Goldman Sachs-ийн түүхий эдийн индексээс харахад өнгөрсөн жил эрчим хүчний үнэ 41 хувиар, үйлдвэрлэлийн металлууд 24 хувиар буурсан.

Хятад эдийн засгийн өсөлтийг хангахаар ямар нэгэн арга хэмжээ авсан ч тэр нь үнэ бууралтыг зогсоож чадахгүй, харин нэрмээс болж мэднэ. Дэлхийн санхүүгийн үйлчилгээний “Morgan Stanley” корпорацийн мэдээлэхдээ “экспортоо өсгөхөөр юанийн ханшийг ингэж богино хугацаанд сулруулах нь нэг баррель газрын тосны үнийг 20 ам.доллар болтол унагаж мэднэ.” гэсэн байна. Нөгөө талаар ам.долларын ханш өсч, үнийг доош нь чангааж байгаа боловч ам.доллараар худалдаа хийдэг худалдан авагчдад үнэтэй тусч байгаа юм.

“Morgan Stanley” хоёр том мөнгөн тэмдэгтийн хөдөлгөөн цаашид улам эрчимжих хандлага байгааг харжээ. Хятадын эдийн засгийн удаашрал ам.долларын ханшийг өсгөж байгаа бол Хятадын хууль тогтоогчид ноён долларыг буулгаж авахаар улайрч байгаа билээ.

Шуургыг хэрхэн өнгөрүүлэх вэ?

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Германы “Bild” сонинд өгсөн ярилцлагадаа “Газрын тосны үнэ өндөр байхад газрын тосноос орж ирдэг орлогыг урсгал зардалд зарцуулах нь түүхий эдийн үнэ буурсан одооныхоос ч хэцүү байсан. Харин одоо үүсээд буй нөхцөл байдал биднийг эдийн засгаа тогтворжуулах урам зориг өгч байна” гэжээ.

Рублийн ханш суларснаас хойш  экспортын орлого нь ам.доллараар орж ирдэг байсан эрчим хүч, метал, уул уурхайн компаниудад рублиэр худалдаа хийхийг зөвшөөрсөн. Нөгөө талаар хөдөлмөрийн хөлс буурсны ачаар Оросын үйлдвэрлэгчид дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвар нь нэмэгдсэн. ОХУ-д хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээ Хятадынхтай дөхөж очсон гэж Москвагийн их сургуулийн эдийн засгийн сургуулийн дэд захирал Валерий Миронов ярьсан байна.

Гэсэн хэдий ч үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтад тавьсан хориг ОХУ-ыг хямралаас өндийхөд саад болж байгаа юм. Хэрэв газрын тосны үнэ цаашид урт хугацаанд өсөхгүй бол ОХУ-ын олон компани үүдээ барина гэж шинжээчид үзэж байна.

Зүүний амлалтууд

Хятадын хөрөнгийн зах зээлийн савлагаа урт хугацаанд үргэлжилвэл дэлхийн хамгийн том зах зээлд итгэх итгэл алдагдаж, санхүүгийн түнш Орост сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй.

2014 онд Крымийг өөртөө нэгтгэсэн хэрэг явдлаас болж барууныхантай сөргөлдөж, сайндаж амжаагүй байтал, Турк, Сирийн хилийн орчим цэргийн онгоцыг нь унагаснаас болж Турктэй муудалцсан ОХУ одоо Хятадтай харилцаагаа бэхжүүлэх арга замыг эрэлхийлж байгаа билээ.

Хятадын хөрөнгө оруулалтын урсгалыг татах найдвар Украины асуудлаас хойш замхарсан ч өмнөд Азид урт хугацааны түншлэл бий болгох зорилго нь хэвээр байгаа.

Гадаад валютын асар их нөөцтэй Хятадын ачаар хямрал тэгж гүнзгийрэхгүй гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Гэвч Хятадын эдийн засгийн өсөлт саармагжиж магадгүй гэсэн болгоомжлолоор АНУ бодлогын хүүгээ өсгөж, хөгжиж буй орнуудаас хөрөнгө оруулалтаа татаж, хөгжилтэй орнууд руу дахин хуваарилж эхэлсэн нь хөгжиж буй орнуудыг өрөнд оруулж байгаа юм.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна